Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2018/ДШМ/053

 

                       *******од холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Б.Хос-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ172 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******од холбогдох эрүүгийн 1814001710123 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, ........багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар /*******/

******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, задгайн .......... тоот хашаанд байх иргэн *******ын эзэмшлийн модон амбаарт 2018 оны 3 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 2.800.000 төгрөгийн үнэ бүхий “Volvo-55” маркийн тракторын насосыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/           

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* овогт *******ийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар түүнийг 1 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар *******од зан үйлээ засах үүргийг хүлээлгэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгаж, ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 191 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл “Даюун” маркийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж мотоциклын үнэ 800.000 төгрөгийг *******оос гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар *******ын эзэмшлийн “Самсунг жи”-7 маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг эзэмшигч *******од шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Би 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрний Түлхүү гэх газрын айлын бууцнаас өөрийн тракторын насосыг хулгайд алдсан. Бөмбөгөр сумын төвөөр алдсан насосыг хайж хүмүүсээс сурсан. Гэтэл сумын хүмүүс *******ын амбаарт насос байсан талаар хэлсэн. Орой нь *******ын хашаанд амбаарт нь байсан насосыг очиж харсан гадаа харанхуй насос боодолтой байсан болохоор сайн харж чадаагүй буцаад явсан. Буцах замд миний алдсан насос мөн юм шиг санагдаад байхаар нь буцаж очиж аваад Оюунбат гэх айлын хашаанд тавьж, өглөө нь очиж харсан чинь миний насос биш байсан. Буцаагаад *******ын хашаагаар давуулаад шидвэл өөр хүн авчих болов уу гэж бодож байтал насосын эзэн над руу залгахад нь андуураад авсан байна гээд уучлалт гуйгаад өгсөн.

Би *******ын насосыг санаатайгаар хулгай хийж аваагүй өөрийн насосыг алдсан байсан учир миний насос мөн байх гэж бодож авсан, маргааш үзээд миний насос биш байхаар нь буцааж өгөх аргаа олохгүй байж байтал ******* өөрөө ирээд авахад нь уучлалт гуйгаад өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ *******ын амбаараас авсан насосыг хадны завсар нуусан гэж худлаа хэлсэн. Оюунбат ахын хашаанд тавьсан байсан, энэ талаар Оюунбат ах мэдэж байсан. Намайг насосоо алдсан талаар Бөмбөгөр сумын иргэд бас мэдэж байсан. Миний хийсэн хэргийг хөнгөн гэмт хэрэг, торгуулаад болно, өмгөөлөгч авах шаардлага байхгүй гэсэн болохоор мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхэд өмгөөлөгчгүй орсон. Би анх удаа гэмт хэрэгт холбогдсон учир мэдүүлэгтээ болоогүй зүйлийн талаар болсон болгож, өөрийн эрх зүйн байдлыг дордуулж мэдүүлэг өгсөн байна.

Би ам бүл 5, зүрх, бөөр өвддөг, бөөр нурууны шохоожилт өвчний учир өрхийн эмчийн хяналтанд эмчилүүлдэг. Миний энэ үйлдлийг дахин хянан үзэж тохирох зүйл ангиар өөрчилж, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр задгайн 252 тоот хашаанд байх иргэн *******ын эзэмшлийн модон амбаарт 2018 оны 3 дугаар сарын 23-24-нд шилжих шөнийн 03-04 цагийн үед ы эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 2.800.000 төгрөгийн үнэ бүхий “Volvo-55” маркийн тракторын насосыг хулгайлсан үйл баримт болжээ.

Дээрх үйл баримт нь Баянхонгор аймгийн прокурорын газраас *******од холбогдох эрүүгийн 1814001710123 дугаар хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч , , , , нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүнэлт, Энх-нахиа ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 79 дүгээр шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ******* нь өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Прокуророос дээрх нотлох баримтуудыг үндэслэн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, агуулахад, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүхээс *******од холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, түүнийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан дээрх гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлэн хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн болон учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч авахгүй талаар мэдүүлсэн /яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг хх-ийн 82-р тал/, анхан шатны шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлт /хх-ийн 116-р тал/ гаргасан зэргийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 Иймд шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин анхан шатны шүүх *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон ы эзэмшлийн мотоциклийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэдийгээр ******* нь иргэний нэхэмжлэгч д түүний мотоциклийн үнэ болох 800.000 төгрөгийг төлсөн хэдий ч энэ талаар цаашид иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдав.

******* нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1.4, 1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ172 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 191 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл “Даюун” маркийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 6 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, мотоциклын үнэ найман зуун мянган / 800000 / төгрөгийг ялтан *******оос гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 800.00 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт “Даюун” маркийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклийг хууль ёсны эзэмшигч д буцаан олгосугай...” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.УЛАМБАЯР    

            ШҮҮГЧИД                                                       Д.ЭРДЭНБИЛЭГ

М.МӨНХДАВАА