Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2017/0403/з |
Дугаар | 221/МА2017/0647 |
Огноо | 2017-09-07 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2017/0647
2017 оны 09 сарын 07 өдөр Дугаар 221/МА2017/0647 Улаанбаатар хот
Ч.Ц-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0513 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Ц-н нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0513 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Ц-н Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргасан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Орхон аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг тооцож гаргуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц давж заалдах гомдолдоо: “... Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж, Хангайн бүсийн арга зүйн төвд ажиллах хүсэлтээ удаа дараа гаргасан боловч тухайн үед ажиллаж байсан Орхон аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг огт гаргаагүй юм.
Гэтэл анхан шатны шүүхээс өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан болох нь түүний өөрийнх нь хүсэлтээр тогтоогдож байна гэх боловч хариуцагчид хандаж гаргасан. Ч.Ц-н хүсэлтэд өөрийгөө ажлаас чөлөөлж өгөөч гэсэн нэг ч үг үсэг байхгүй, тийм агуулга ч байхгүй.
Хэрэгт авагдсан баримтуудаас нэхэмжлэгч Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалдаа амжилттай, үр бүтээлтэй ажиллаж, үр дүнгийн гэрээгээ 90-ээс дээш хувиар дүгнүүлсэн, ямар нэг зөрчил дутагдалгүй ажиллаж байсан болох нь тогтоогдож байхад ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах үндэслэл байхгүй юм.
Энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс буруу үнэлж дүгнэн хууль хэрэглээгүй ноцтой алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилуулах хүсэлт гаргасан боловч түүнийг нь үндэслэн ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй.
Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан. Нэхэмжлэгч Орхон аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллахдаа хариуцагчтай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, үр дүнгийн гэрээ байгуулж, түүнийгээ дүгнүүлж ажилладаг бөгөөд 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулж, түүнийгээ дүгнүүлж ажилладаг бөгөөд 2016 оны үр дүнгийн гэрээ 90 хувиас дээш дүгнүүлсэн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл буюу Хөдөлмөрийн гэрээг цуцлах заалтыг баримтлан маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь өөрөө хуулийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх түүнийг зөвтгөж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч Ч.Ц-н хувьд төрийн албан хаагч, тэр дундаа төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан тул Хөдөлмөрийн тухай хуулиар бус, Төрийн албаны тухай хуулиар ажлаас халагдах, чөлөөлөгдөх, шилжүүлэх асуудлууд зохицуулагдах ёстой.
Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч хүн буюу нэхэмжлэгч Ч.Ц нь ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан байлаа гэж бодоход Хөдөлмөрийн тухай хуулиар бус Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийг баримтлан ажлаас чөлөөлөх шаардлагатайг анхан шатны шүүх буруу үнэлж дүгнэсэн байна.
Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагаа, санал гомдол гаргах боломжоор хангах зэрэг ажиллагааг хийгээгүй талаар огт дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ч анхан шатны шүүх хуралдааны явцад ч тэр удаа дараа нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгон тавьж байхад энэ талаар нэг ч дүгнэлт өгөөгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлтэй.
Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хууль бөгөөд нэгэнт маргаан бүхий захиргааны акт нь захиргааны хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн гэж үзэж хэргийг шийдвэрлэж байгаа бол энэ талаар заавал дүгнэлт хийх ёстой.
Мөн хариуцагч буюу захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс захиргааны акт гаргаж байгаа л бол Монгол Улсын хуулийг биелүүлж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг хийх ёстой байхад анхан шатны шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсгох ажиллагаа болон бусад ажиллагааг хийхгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Цалинг нөхөн олгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг огт шийдвэрлээгүй.
Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа цалин нөхөн олгуулах талаар дурдсан байгаа шүүх хүлээж авч, захиргааны хэрэг үүсгээгүй мөртлөө, бас хүлээж авахаас татгалзалгүйгээр орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.
Нөхөн олгуулахыг хүссэн цалин гэдэг нь нэхэмжлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс ажлаас чөлөөлж, одоо ажиллаж байгаа Хангайн бүсийн арга зүйн төвд мэргэжилтнээр томилох хүртэлх нийт 20 хоногийн хугацаанд ажилгүй байсан хугацааны цалингийн асуудал юм.
Цалингийн зөрүү гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон учраас зөрүү олгуулах боломжгүй гэж үзэж шийдвэрлэсэн байдаг.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0513 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ч.Ц нь “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Орхон аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойших цалингийн зөрүүг нөхөн олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Ч.Ц-н дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2017/3076 дугаар захирамжаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Ч.Ц-н Орхон аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажилласан хугацааны буюу 2016 оны, мөн одоо Хангайн бүсийн арга зүйн төвд ажиллах үеийн цалингийн картыг хэрэгт нотлох баримтаар авахаар анхан шатны шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/8648 дугаар албан бичгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлжээ.
Ийнхүү дээрх нотлох баримтыг энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж анхан шатны шүүх үзсэн атлаа түүнийг авалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “... 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойших цалингийн зөрүүг нөхөн олгуулах” тухай шаардлагыг хянан шийдвэрлэхэд шүүхээс шаардсан дээрх баримт нь хэрэгт нотолгооны ач холбогдолтой, нөгөөтэйгүүр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулжээ.
Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэлгүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулахгүйгээр хэргийн хянан шийдвэрлэсэн байх тул дээрх холбогдох нотлох баримтыг цуглуулах нь хэргийг нэг мөр, эргэлзээгүй, үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Иймд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0513 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР