Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 113/ШШ2016/0007

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Боржигин овогт Г.Б, Говьсүмбэр аймгийн ....................тоотод оршин суух (РД:.................);

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын  дарга;

Гуравдагч этгээд: Дэндэв овогт Б.Н, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3.............. тоотод оршин суух (РД:................);

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын “газрын даамал, байгаль орчны хяналын улсын байцаагч”-ийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажлаас үндэслэлгүй халагдсан болон ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах”[1] тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Б.У, гуравдагч этгээд Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс “Газрын даамал, байгаль орчны байцаагч”-ийн ажилд орж, ТЗ-6-1-д зааснаар цалинждаг байсан. Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Г.Б намайг “Газрын даамал, байгаль орчны байцаагч” ажлаас үндэслэлгүйгээр халсан болно. Би дээрхи тушаалыг эс зөвшөөрч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлалаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Г.Б намайг Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын “Газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч”-ийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Уг магадлалын дагуу Говьсүмбэр аймгийн Баятал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Г.Б намайг “Газрын даамал, байгаль орчны байцаагч”-ийн ажилд эгүүлэн томилсон болно. Миний бие Г.Б нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гомдлоо гаргаад Америкийн нэгдсэн улс руу 6 сарын хугацаатай аяллын журмаар очсон байсан. Намайг Америкийн нэгдсэн улсад аялж байх үед Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлал гарсан. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний үеэр Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.У миний Фэйсбүүк хаягаар “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлал гарч таныг ажилд тань буцааж томилсон тушаалыг гаргасан, чи Америкийн нэгдсэн улсад байгаа юм бол, чиний тушаалыг хэнд өгөх вэ” гэхээр нь миний төрсөн ахад өгчих гэсэн болно. Би Америкийн нэгдсэн улср уу 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нисэж 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Америкийн нэгдсэн улс БНХАУ-ын Бээжин хот, Бээжин-Улаанбаатар чиглэлээр буцаж ирэх тийзээ захиалсан байсан. Уг шугамаар 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буюу Монгол улсын цагаан сарын баярын шинийн хоёрны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор Монгол улсад ирсэн.

Би Америк явахдаа 2016 оны 02 дугаар сард эргэж ирэхээр онгоцны тийзээ авчихсан байсан. Тийзний хугацааг яагаад ингэж авсан гэхээр би 2015 оны 11 сард давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тэгээд шийдвэрлэхэд нэг сар болно, давж заалдах шүүхээс шийдвэр ирэх гэж 14 хононо, шийдвэр хариуцагч талд гарсан байвал хяналтын шатны шүүхэд гомдол гаргана, хяналтын шатны шүүх гомдлыг хэлэлцээд шийдвэр гаргах үед 2016 оны 02 дугаар сар болно гэж тооцсон.

Монголд ирээд Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.У-ийн гар утас руу залгаж эхэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.У даргатай очиж уулзахад “таныг ажил тасалсан үндэслэлээр ажлаас тань халсан” гэж хэлэхэд нь би ажлаас халагдсан болохоо мэдсэн болно. Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянтал сумын Засаг даргын Тамгын газар очиж ажлаас халагдсан тушаалаа авах гээд очиход Баянтал сумын Засаг даргын орлогч М.Н “иргэний танхимд Г.Б-ын тушаалыг үлдээсэн байсан чинь сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Х.М иргэний танхимыг түгжээд явчихсан байна, чи ажлаас халагдсан тушаалаа 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ирээд ав” гэсэн хариу өгсөн. Үүний дагуу 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ажлаас халагдсан тушаалыг гардаж авсан. Би Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.У-д “өөрт учирсан хүндэтгэн үзэх шалтгаанаа танд тайлбарласан шүү дээ. Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад ирэхэд яагаад ч тийм цөөхөн хоногт ирж амжихгүй, мөн цагаан сарын баярууд Азийн орнуудад болж байгаа учраас онгоцны тийз хүртэл олгохгүй байгаа, миний хүндэтгэн үзэх байдлыг харгалзан түр чөлөө олгооч гэсэн хүсэлтийг танд хэлсэн шүү дээ” гэхэд одоо нэгэнт өнгөрсөн, таныг ажлаас тань халсан гэсэн хариу өгсөн. Би 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.У-ийн “ажлаас халах тухай” Б07 дугаар тушаалыг үндэслэлгүй гаргаж Г.Б намайг үүрэгт ажлаас маань халсан” гэж үзэж байна. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалд Г.Б намайг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, мөн хуулийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” нийтлэг үүргийг зөрчсөн учир мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” шийдвэрийг гаргажээ. Г.Б миний хувьд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн ямар нэг үйлдэл, үйл ажиллагаа гаргаж байгаагүй болно. Харин ч өөрийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлж Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад ирж шүүхийн шийдвэрийн дагуу томилогдсон ажилдаа эргэж орохоор ирсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно” гэж заажээ. Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын зүгээс Г.Б надад ажилд томилох тухай тушаалыг минь гардуулж өгөөгүй, мөн би өөрийгөө Америкийн нэгдсэн улсад байгаа талаараа дарга Б.У-д мэдэгдсэн байхад ажил тасалсан үндэслэлээр ажлаас халах нь хууль зүйн үндэслэлгүй байна. Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс Г.Б намайг ялгаварлан гадуурхах, ямар нэг байдлаар өө сэв эрж, ажилд эгүүлэн томилохгүй байх, томилсон ч ямар нэг үндэслэлээр эргүүлэн ажлаас халах санаа зорилго шууд илэрч байна. Г.Б намайг гадаад улсад түр зорчиж байгаа гэдгийг Б.У дарга мэдэж байгаа бөгөөд өөрийн гаргасан ажлаас халах тухай тушаалд ч энэ талаараа тодорхой дурдсан байсан. Нийтийн албан тушаалд томилогдсон этгээд нь өөрийн томилогдсон тушаалыг гардан авч ажил хүлээн авснаар ажил үүргийн болон захирах, захирагдах ёсны журам үйлчлэх ёстой. Гэтэл надад ажилд томилсон тушаалыг өгөөгүй, үүрэгт ажлыг хүлээлцүүлж өгөөгүй хэрнээ Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг зөрчсөн үндэслэлээр ажлаас халах нөхцөл байхгүй хэмээн үзэж байна. Би ажлаас халах тухай Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гардан авч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Говьсүмбэр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гомдлоо 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан. Говьсүмбэр аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаар тогтоолоор “газрын даамал, байгаль орчны улсын байцгаагч Г.Б-ыг ажлаас халах тухай” Б/07 дугаар тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэжээ. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаал нь миний төрийн албанд ажиллах эрх болон хөдөлмөрлөх эрхийг маань зөрчсөн үндэслэлгүй тушаал гаргасан гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлалын дагуу 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/06 дугаар тушаал гаргаж Г.Б-ыг ажилд нь эгүүлэн томилсон. Ажилд томилсон тушаалыг Г.Б-д өөрт нь танилцуулахад өөрөө Монгол улсад байхгүй байгаа талаараа мэдэгдсэн. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нэг ч холбогдоогүй, албан ёсны тайлбар хэлээгүй. Би Г.Б-ыг гадаадад байгааг ч мэдээгүй. Надад мэдэх ямар ч боломж байхгүй байсан. Тийм учраас гадаадад байгааг мэдсээр байж ажлаас халсан гэдэг нь үндэслэлгүй байна.  Ажилд томилсон тушаалыг хэнд өгөх юм бэ гэж Г.Б-оос асуухад, манай төрсөн ахад өгчих гэсэн. Үүний дагуу Г.Б-ын төрсөн ахад ажилд томилсон тушаалыг гардуулахаар очиход ах нь гэртээ байхгүй байсан. Тиймээс төрсөн ахынх нь эхнэрт Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг дээр аваачиж өгсөн. Үүнээс хойш бүтэн долоо хоног Г.Б-ыг хүлээсэн, энэ хугацаанд Г.Б ямар нэгэн тайлбар гаргаж, утсаар холбогдоогүй. Энэ хооронд төрийн ажил цалгардаж, иргэдэд зардал чирэгдэл учирч байсан. Тиймээс бид нар төрийн ажлыг явуулах үүднээс Г.Б-ыг ажлаас нь халж өөр хүнийг оронд нь ажилд авсан. Г.Б-ыг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажилд нь эгүүлэн тогтоочихоод байхад 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсад ирсэн. Энэ хүн гадаадад байгаа учир ажлын байрыг нь хадгална гэсэн зүйл заалт байхгүй.  

Түүний энэ үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.5, 13 дугаар зүйлийн 13.1.4,  26 дугаар зүйлийн 26.1.3, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.2, 5.2.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.8 дахь заалтуудыг зөрчсөн үйлдэл болсон тул ажлаас халах тушаал гаргасан болно.

Төрийн албаны тухай хуулийн  13 дугаар зүйлийн 13.1.4-д “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасан байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д зааснаар хэргийн оролцогчид Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу ажилд томилох тушаал гаргасан. Гэтэл Г.Б ажилдаа ороогүй. Төрийн албаны тухай хуулийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасан. Төрийн байгууллагын соёл, дэг журам гэдэг нь байгууллагын дотоод журам юм. Тиймээс эдгээр заалтуудыг баримтлан ажлаас халсан.

Тиймээс Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаартай тушаалыг хэвээр үлдээж, төрийн байгууллага иргэн хоёрын хоорондын маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт “Газрын даамал, байгаль орчны байцаагч”-аар ажиллаж байгаа болно. Нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагатай танилцахад нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.Б-ыг урьд эрхэлж байсан байгаль орчны байцаагч, газрын даамлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсний дагуу Засаг даргын Тамгын газрын дарга Б.У хүлээн зөвшөөрч ажилд эгүүлэн буцаан томилж, тушаал гаргасан талаар мэдэгдэх үед Г.Б Америкийн нэгдсэн улсад аялалын журмаар явсан эзгүй тул түүнд цахим сүлжээ ашиглан мэдэгдсэн байдаг. Энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх асуудлын хүрээнд түүний хууль ёсны эрхийг хүндэтгэн эрхийг нь зөрчөөгүй байдаг. Гэвч Г.Б нь Америкийн нэгдсэн улсад аялалын журмаар очсон байсан хэдий ч түүний ажил, албан тушаалд эгүүлэн томилсон талаар Facebook цахим хаягаар өөрт нь мэдэгдсээр байхад мэдээллийн эрин үед эгүүлэн цахим сүлжээ ашиглан Америкийн нэгдсэн улсаас ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаар тайлбар, ажилдаа буцаж орох, албан ёсоор чөлөө хүссэн хүсэлтээ ирүүлэх боломжтой байсаар атал нэг ч удаа ирүүлээгүй, ямар нэгэн хариу өгөөгүй учраас арга буюу Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар түүнийг Газрын даамал, байгаль орчны байцаагчийн үүрэгт ажлаас халсан юм билээ.

Би 2015 оны 9 дүгээр сараас Говьсүмбэр Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт Газрын даамал, байгаль орчны байцаагчаар ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Г.Б-ыг шүүхийн шийдвэрээр ажилд нь буцаан томилох болсон учир уг ажлын байрыг чөлөөлж өгсөн. Ийнхүү Г.Б-ын хууль ёсны эрхийг сэргээж буцаан ажилд нь эгүүлэн томилсон тушаал шийдвэр гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж ажил үүргээ гүйцэтгэхгүй байсан учир Баянтал сумын Засаг даргын Тамгын газраас төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүднээс Б.Н миний биеийг мэргэжлээрээ ажиллах санал тавьсны дагуу би сул байсан ажлын орон тоон дээр 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс буцаан томилогдож өнөөг хүртэл уг албан тушаалыг эрхэлж ажиллаж байгаа болно. Тус Тамгын газраас Г.Б-ыг хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шүүхийн шийдвэрийг биелүүлж эгүүлэн ажилд нь томилж байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилд ороогүй байж үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж зохих ёсоор төрийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа миний эрх ашгийг хууль бусаар хөндөж байгаа нь ойлгомжгүй байнагэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

I. “Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.2, 5.2.1, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.8 дахь заалтыг тус тус баримтлан Г.Б-д сахилгын шийтгэл ногдуулахдаа “албан ёсоор тайлбар хүсэлт гаргалгүй, шалтгаангүйгээр 5 хоног ажил тасалж, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, төрийн албаны нэр хүндийг унагасан” гэх зөрчлийг үндэслэл болгожээ.

Хариуцагч нь шүүх хуралдаанд “... Б/07 дугаар тушаал бол хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.8-д заасны дагуу төрийн албанаас халж байгаа асуудал”[2] гэж тайлбарлах боловч маргаан бүхий актад дурдсан зөрчлийг, баримтласан хуулийн заалтуудтай харьцуулан дүгнэвэл “төрийн албанаас халах” бус “төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” шийдвэр гэж үзэхээр байна.

Ийнхүү төрийн жинхэнэ албан хаагчийг томилох эрх бүхий этгээд нь  “ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын дагуу (1) сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, (2) зөрчилд хамаарах нотлох баримтыг албан хаагчид урьдчилан танилцуулж, (3) шийдвэрээ Ёс зүйн хорооны дүгнэлтэд үндэслэж гаргах шаардлагатай.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлал 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болсонтой[3] холбогдуулан дагуу Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Г.Б-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар ажлаас халсан шийдвэр гарах үед Г.Б нь Монгол улсад байгаагүй, уг тушаалаар байгуулсан комисс Г.Б, Б.Н нарын ажлыг хүлээлцүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, онгоцны билетийн захиалга баталгаажуулах хуудсын баталгаат орчуулга, Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны Б/05, Б/06, Б/07, Б/09 дүгээр тушаалууд, гэрч Ч.Э, Н.С, Д.М нарын мэдүүлэг[4] зэргээр тогтоогдож байна.

Мөн “тухайн үед Г.Б-ыг гадаад улсад зорчсон” асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй, нэхэмжлэгч нь ажлаас халах тухай Б/07 дугаар тушаалыг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гардаж авсан зэргээс “Г.Б-д сахилгын шийтгэл ногдуулахдаа үндэслэлийг шалган тогтоосон, холбогдох нотлох баримтыг нэхэмжлэгчид урьдчилан танилцуулсан, ногдуулсан шийтгэл нь зөрчлийн шинж, үр дагаварт тохирсон” гэж дүгнэх боломжгүй юм.

Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 5.1-д “... Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах тухай шийдвэр гаргана” гэж заасан боловч 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг гаргахдаа уг тушаалын үндэслэл болгосон ёс зүйн зөрчлийг Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх орон тооны бус Ёс зүйн хороогоор хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулаагүй, зөрчлийг шалган тогтоогоогүй нь хэрэгт авагдсан гэрч Г.Б-ийн “... би Ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байгаа, хороо 2016 оны 01 сард Г.Б-той холбоотой асуудал хэлэлцээгүй, тийм хуралд ороогүй” гэх мэдүүлэг, Баянтал сумын Засаг даргын Тамгын газраас 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 323 дугаар албан бичгээр аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн улирлын мэдээнд ““Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2.6-д заасны дагуу дүгнэгдэх албан хаагч байхгүй” гэж тайлагнасан зэргээр нотлогдож байх тул[5] Г.Б-ыг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.1 дэх заалтыг зөрчсөн эсэхийг зохих журмын дагуу тогтоогоогүй байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хорооны даргын сонгуульт ажлыг хашиж байсан нэхэмжлэгч Г.Б нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн төрийн албан хаагчийн үүрэгт ажлаа хэрэгжүүлээгүй[6], Ёс зүйн хороо нь орон тооны бус боловч бүрэлдэхүүний өөрчлөлтөөс үл хамааран тасралтгүй үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий нэгж байх тул эрх бүхий этгээдийн шийдвэрээр уг хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөөгүй нь Г.Б-д холбогдох ёс зүйн зөрчилд тухайн Ёс зүйн хороо дүгнэлт гаргаагүйг зөвтгөх үндэслэл болохгүй ба “Г.Б-нь Ёс зүйн хорооны даргын статустай байсан болохоор тус хорооны дүгнэлт гараагүй” гэх хариуцагчийн тайлбарыг ч хүлээн авах боломжгүй. 

Г.Б-ыг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан Баянтал сумын Засаг Тамгын газрын даргын Б/07 дугаар тушаал нь дээрх байдлаар түүний гаргасан зөрчлийн шинж, үр дагавартай тохироогүй; хууль журамд заасан шаардлагыг хангаагүй; Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална” гэснийг зөрчсөнөөс гадна Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” төрийн албан хаагчийн нэмэлт баталгааг алдагдуулсан шийдвэр болжээ.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.1.10, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар газрын даамал-байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж, төрөөс цалин хөлс авч байсан Г.Б нь “төрийн жинхэнэ албан хаагч” тул төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа түүнд нэгэн адил хамаарна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын “газрын даамал, байгаль орчны хяналын улсын байцаагч”-ийн ажилд эгүүлэн тогтоолгох” хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

II. “Ажлаас үндэслэлгүй халагдсан болон ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд; 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаас хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Г.Б-ыг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон боловч нэхэмжлэгч нь “Америкийн нэгдсэн улсад аялалын журмаар зорчсон” гэх үндэслэлээр ажиллаагүй, өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байх тул 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаагүй, болон 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, энэ хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, зохих бичилт хийхийг даалгах шаардлага ч хангагдах боломжгүй.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын “2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажлаас үндэслэлгүй халагдсан болон ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэлийн шаардлагын “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах” хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж заасанд хамаарч байх тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгчээс ажилгүй байсан дээрх хугацааны цалин хөлс болох 815252 төгрөгийг өөрт учирсан хохирол хэмээн тодорхойлж, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу маргаан бүхий захиргааны акттай хамтатган нэхэмжилсэн байна.

Г.Б нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6-д заасан албан тушаалын зэрэглэлд хамаарах цалингийн сүлжээний 1 дүгээр шатлалаар цалинжиж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар[7] тогтоогдож байна. 

Эдгээр бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж, мөн журмын 7 дахь заалтын а/-д “... дундаж цалин хөлс тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр;”[8] тодорхойлохоор заасны дагуу нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж буй ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг тооцоолбол:

Ажилгүй байсан нийт хугацаа: ажлын 31 өдөр (2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл).

2015 онд цалин авсан сүүлийн 3 сарыг авч үзвэл: 9 дүгээр сард 547759 төгрөг, 10 дугаар сард 547759 төгрөг, 11 дүгээр сард 547759  төгрөг ба сүүлийн 3 сарын цалин хөлсний нийлбэрийн дундаж нь 547759 төгрөг, нэг өдрийн дундаж цалин нь 547759 төгрөг/21 өдөр(сүүлийн 3 сарын ажлын дундаж өдөр)=26083 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсний нийт олговор нь 26083 төгрөг*31 ажлын өдөр =808573 төгрөг болох ба үүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутган тооцвол 661945 төгрөг болно.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй  адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу дээр дурдсан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 661945 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.7, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.Б-ыг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газрын “газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч”-ийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажлаас үндэслэлгүй халагдсан хугацааны цалин олговор болох 661945 /зургаан зуун жаран нэгэн мянга есөн зуун дөчин таван/ төгрөгийг нэхэмжлэгч Г.Б-д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж; нэхэмжлэлийн шаардлагын “2016 оны 01 дүгээр сарын 19--ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор Г.Б-ыг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын “газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч”-ийн ажил, албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэр гаргах, ажлаас үндэслэлгүй халагдсан хугацааны цалин олговорт 661945 төгрөг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх буюу хүн амын орлогын албан татварын суутган тооцож, дэвтэрт зохих бичилт хийх”-ийг хариуцагчид даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

 


[1] Хэргийн 1-3, 137-138, 165 дахь талд нэхэмжлэлийн өргөдөл, нэхэмжлэлийн шаардлага тодруулсан тайлбар, 13-16 дахь талд захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж авагдсан.

[2] Хэргийн 175 дахь байгаа шүүх хуралдааны тэмдэглэлд

[3] Хэргийн  161-162 дахь талд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлалыг гардуулсан, шийдвэрийг цахим санд байршуулахыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн баримт авагдсан.

[4] Эдгээр нотлох баримтууд хэргийн 10-11, 52-55, 82-87, 159-160 дугаар талд авагдсан.

[5] Хэргийн 131-132, 135-136 дахь талд эдгээр бичгийн нотлох баримтууд бий.

[6] Хэргийн 24-30 дахь талд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлал авагдсан.

[7] Үүнд: Хэргийн 53 дугаар талд авагдсан Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/06 дугаар тушаал, 110-112 дахь талд авагдсан Г.Б-ын 2014-2015 оны цалингийн дэлгэрэнгүй, тооцооны хуудас зэрэг нотлох баримтууд хамаарна.

 

[8] Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 4-д заасны дагуу хоолны үнийн хөнгөлөлт нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй.