Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00829

 

Б.Сүх-Очирын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 150 дугаар шийдвэртэй,                                                            

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 65 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Сүх-Очирын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Ц.Оршиход холбогдох,

10.196.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

4.427.500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн иргэн Ц.Оршихоос түүний эзэмшлийн хашаа байшингийн тал мөнгийг нь өгч 2014 онд худалдаж авсан. Би түүнээс худалдаж авсан байшиндаа засвар хийж, гэрээ оруулж эхнэрийн хамт амьдарч байгаад хотод  ажиллахаар 2015 оны 5 дугаар сард явсан. Хот яваад буцаж  ирэхэд Ц.Орших нь надад зарсан хашаа байшингаа өөр хүнд зарсан байсан. Надад хашаа байшингаа өөр хүнд зарсан талаараа хэлж мэдэгдээгүй, тухайн үед хашаа байшингийнхаа гэрчилгээг мөнгөө гүйцэд төлөөд ав гэж хэлсэн. Би Ц.Оршихоос авсан хашаа байрныхаа төлбөрт нийт 10.196.000 төгрөг өгсөн. Үүнд: 6.158.000 төгрөг, байшингийн засвар, барилгын материал бусад зүйлд 2.049.000 төгрөг, мөн хүнсний ногоо 1.228.300 төгрөг, гаражийн хаалга хийхэд 656.000 төгрөг болсон  гэжээ.

Хариуцагч Ц.Орших шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Улаангом сумын 6 дугаар баг, 7-2 тоотод байрлах өөрийн эзэмшлийн хашаа байшинг 2014.8.20-ны өдөр Б.Сүх-Очирт 28.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож Б.Сүх-Очир нь урьдчилгаа болох 2.000.000 төгрөг бэлнээр өгөөд үлдсэн мөнгийг нэг сарын хугацаанд өгнө гэж гэрээ нүүлгэж орсны дараа 1 сая төгрөгийн ногоо өгсөн. Тэгээд 2014 оны 11 дүгээр сард 2.500.000 төгрөгийн хонины мах өгсөн. Надад нийт 5.500.000 төгрөгийн эд зүйл болон мөнгө өгсөн. Би Б.Сүх-Очирт миний байшинг авчихаад засвар хийгээд буцааж өг гэж хэлээгүй. Байшинд байсан ханын стейнк байхгүй байсан. Хавар очоод мөнгөө нэхэхэд бид хоёр байшинг авахаа болилоо гэсэн. Тэгээд өөрсдөө хүлээлгэж өгнө гээд байлгаад байсан. Би 9 дүгээр сард дахин телевизээр зар өгөөд хашаа, байшингаа 15.000.000 сая төгрөгөөр зарсан. Миний байшинд хийх засвар байхгүй, гаражийн хаалга л хийх байсан. Б.Сүх-Очир байшингийн мөнгөө бүрэн төлөөгүй байсан учраас хашаа, байшин миний хөрөнгө байсан  гэжээ.

Хариуцагч  Ц.Орших шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би Б.Сүх-очирт 2014 оны 8 дугаар сард хашаа байшин зарсан боловч 2015 оны 6 дугаар сар хүртэл амьдарч байх хугацаанд мөнгө өгөөгүй. Тэгээд манай байшинг хүлээлгэж өгөлгүйгээр эд зүйлсээ аваад нүүсэн. Дотор нь байсан 1.500.000 төгрөгөөр авсан ханын стенк алга болсон байсан. Би стенкээ Сүх-Очирт байр авна гэхээр урамшуулалд нь өгнө гэсэн байсан. Гадна хашаанд байсан машины кабин байхгүй байсан. Хашаанд байсан 50 ширхэг жимсний мод арчилгаа хамгаалал хийгээгүйн улмаас мал идэж хугарсан байсан. Би Сүх-Очир луу залгаж хэлэхэд би хотод байна гэж хэлсэн. Би 2015 оны 8 дугаар сард аргагүйн эрхэнд хашаа байшингаа хямдруулж хүнд худалдсан. Иймд би 1 жил амьдарсны түрээс 2.500.000 төгрөг, алга болсон ханын стенкийн 1.500.000 төгрөг, хашаанд байсан микро машины кабины үнэ 600.000 төгрөг, хашаанд жимсээ өгч байсан 50 ширхэг жимсний мод 1 ширхэг мод 30.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг, цахилгааны төлбөр 92.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ эвдэрч алга болсон эд зүйлс нь хашаа зарж борлуулахад илүү үнэд хүргэж байсан. Сөрөг нэхэмжлэлээ 4.427.500 төгрөг болгон багасгасан гэжээ.

Нэхэмжлэгч Б.Сүх-Очир сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бид хоёр Ц.Оршихын хашаа байшин үзэхэд байшин, гараж, үүдний амбаарт засвар хийх, гаражид хаалга хийх мөн байшингийн дээвэрт засвар хийхээр байсан. Тухайн үед Ц.Оршихтой уг байшингийн үнийг төлөхдөө 2014 онд багтааж 10 сая төгрөг өгөхөөр тохиролцож, үлдсэн мөнгийг 2015 ондоо багтааж төлөхөөр болсон. 2014 онд багтааж 10 сая төгрөгөө өгсөн. Үлдсэн мөнгийг төлөхөөр 2015.04.20-нд эхнэр бид хоёр үхрийн нүд, чацарганы суулгац тарихаар хот явсан. Тэгээд гэрээ харуулах хүнгүй учраас чөлөөлөөд эд зүйлээ ээжийнхээ амбаарт гэрийнхээ тавилга тавиад явсан. Байшинд анх байсан ханын стенкийг үлдээсэн. Биднийг явахад манай хашаан дотор микро автомашины кабин байсан. Тэр эвдэрхий кабинаа авах талаар Ц.Оршиход хэлэхэд аваагүй. Харин 50 ширхэг мод байгаагүй. Бид байшингаа засвар үйлчилгээ хийгээд хүн амьдрах таатай орчин, өнгө үзэмжтэй болгосон. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй  гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 150 дугаартай шийдвэр гаргаж Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-д заасныг баримтлан Ц.Оршихоос 6.968.000төгрөг гаргуулж Б.Сүх-Очирт олгож, нэхэмжлэлээс  3.228.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 4.427.500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид Б.Сүх-Очироос 178.086 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Ц.Оршихоос 147.238 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас  төлсөн 112.902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна. 

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 65 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтын “Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд  худалдах худалдан авах, бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй хэрэглэх гэх мэт гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд 10 сар гэрт нь үнэ төлбөргүй амьдарсан байдаг. Гэтэл шүүх түрээсийн төлбөр нэхэж байгаа мэтээр буруу дүгнэж, улмаар түрээсийн гэрээ байхгүй тул гаргах боломжгүй гэж сөрөг нэхэмжлэлийг буруу дүгнэсэн байна. Уг байранд амьдарсны төлбөрийг Иргэний хуулийн 492, 493.2-р үндэслэн нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгчийн 10.196.000 төгрөгөөс байрны төлбөрт өгсөн 5.508.000 төгрөгийг Ц.Орших хүлээн зөвшөөрдөг. Байрны аль хэсэгт, хэдэн м.кв талбайд ямар засвар хийсэн, хэдэн төгрөгийн зардал гаргаснаа нотолж чадаагүй, түүнчлэн засвар хийсэн талаараа шүүхэд тайлбар гаргахдаа "2 сая төгрөгөөр засвар хийсэн, 4 сая гаруй төгрөгөөр засвар хийсэн" гэх зөрүүтэй тайлбарыг өгдөг. Засвар хийхэд зарцуулсан гэх барилгын материалуудыг барилгын материалын ямар дэлгүүрээс хэдэн төгрөгөөр авсан талаар нэг ч баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл шүүх хурал дээр нэхэмжлэгчийн хадам эгч Т.Бямбагэрэл "Б.Сүхбаярын байранд засвар хийж өгсний хөлсөнд нэг бүрийг нь 180.000 төгрөгөөр тооцож, 3 толгой хонь, нэг машин модыг 600.000 төгрөгөөр тооцож авсан. Нийт засварын хөлсөнд 1.140.000 төгрөг авсан, үүдний амбаарыг хаалгыг 180.000 төгрөгөөр тооцож өгсөн" гэх мэдүүлэг, гэрч  Б.Отгонбаатарын "гаражийн хаалга хийж өгөөд 140.000 төгрөгийн хөлс авсан" гэх мэдүүлэг өгснийг тус тус үнэлэн хэт нэг талыг барьж Ц.Оршихоос 1.460.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн гэрчийн мэдүүлгийг хангалттай нотлох баримт гэж үзэхгүй.  Зах зээлийн жишиг үнэлгээгээр 1 хонь, 1 машин мод, бүргэд хаалга зэрэг нь ямар үнэтэй байдаг, нэг м.кв талбайд засвар хийхэд хэдэн төгрөгийн ханштай байдаг талаар ямар ч нотлох баримт авагдаагүй байхад зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэж байшинд хийсэн гэх засварын хөлсөнд 1.460.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж 1.460.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4.427.500 төгрөгийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Б.Сүх-Очир нь Улаангом сумын 6 дугаар баг, 7-2 тоот сууцыг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу өгсөн 6.158.000 төгрөгийг байр засварлахад зарцуулсан мөнгөний хамт нийт 10.196.000 төгрөгийг Ц.Оршихоос нэхэмжилсэн байна.  Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа гарсан гэх 6.192.000 төгрөгийн хохирлоос 4.427.500 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хоёр шатны шүүх хашаа байшингийн үнэд нэхэмжлэгч нь 6.158.000 төгрөг бус, харин 5.508.000 төгрөг төлсөн гэж үзэж уг мөнгийг байр засварлахад зарцуулсан мөнгөний хамт /байшингийн засвар 1.140.000 төгрөг, хаалганы үнэ 180.000 төгрөг, ажлын хөлс 140.000 төгрөг/ нийт 6.968.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Улаангом сумын 6 дугаар баг, 7-2 тоот сууц нь Ц.Орших, Ш.Дарьсүрэн нарын өмчлөлд 2006 оноос хойш  эрхийн улсын Ү-1520062029 дугаарт бүртгэлтэй байсан нь эрхийн улсын 000181226 тоот 2014 оны гэрчилгээний хуулбараар нотлогдсон ба уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нь Ц.Оршихоос худалдан авахаар 2014 оны хавар тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

Улаангом сумын 6 дугаар баг, 7-2 тоот сууцыг худалдах, худалдах авах тухай хэлцэл нь хүчин төгөлдөр бус байгаа талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийг зөрчөөгүй байх тул энэ тухай хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.  

Б.Сүх-Очир, Ц.Орших нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус тул талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Ц.Орших нь байшингийн үнэд тооцож нэхэмжлэгчээс нийт 5.508.000 төгрөг авсан нь нотлогдсон учир уг хэмжээний мөнгийг шүүх хариуцагчаас гаргуулсан нь зөв байна.

Харин байшинд засвар хийлгэсэн ажлын хөлс 1.140.000 төгрөг, гаражийн хаалга хийлгэсэн ажлын хөлс 140.000 төгрөг, хаалганы үнэ 180.000 төгрөг нийт 1.460.000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан гэрч Б.Отгонбаатар, Т.Бямбагэрэл нарын мэдүүлэг өөр баримтаар нотлогдоогүй байхад шүүх засварын зардал 1.140.000 төгрөг, хаалганы үнэ 180.000 төгрөг, гаражийн хаалга 140.000 төгрөг нийт 1.460.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нийцээгүй байна.  

Иймд 10.196.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлээс 5.508.000 төгрөг хангаж, үлдэх  4.688.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

  1. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Ц.Орших нь Б.Сүх-Очироос ханын стенк, машины кабин, 50 ширхэг үхрийн нүдний мод, цахилгааны төлбөр, 10 сар байшинд амьдарсны төлбөр нийт 4.427.500 төгрөг нэхэмжилсэн боловч энэ нь баримтаар нотлогдоогүй гэж хоёр шатны шүүх үзэж хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. 

Сөрөг нэхэмжлэлээс 1.500.000 төгрөг нь байшинд амьдарч байсны төлбөр гэх  боловч тухайн үеийн ханшаар уг эд хөрөнгийг хэдэн төгрөгөөр түрээсэлдэг байсныг нотлох баримт хэрэгт байхгүй байна. Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн тодорхойлолтыг хариуцагч шүүхэд гаргаж өгсөн боловч энэ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нөхцөл болохгүй буюу орон сууцны нэг өрөө байрны сарын түрээсийн төлбөрийн жишиг үнэ сөрөг нэхэмжлэлд хамааралгүй баримт гэж үзнэ.

Сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь буруу биш, энэ тухай гомдол үндэслэлгүй тул шийдвэр, магадлалын энэ хэсгийг хэвээр үлдээнэ. 

3/. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

Хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 109.150 төгрөг төлсөн байхад давж заалдах шатны шүүх уг үнийн дүнг  178.086 төгрөг гэж буруу бичсэн тул энэ үндэслэлээр магадлалыг 2 дахь заалтыг өөрчилнө.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй буюу Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1180 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хяналтын шатны шүүхээр шийдвэрлэх хүртэл хойшлуулсан байна.

Тус шүүхэд гаргасан Ц.Оршихын гомдол хангагдсан тул анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1180 дугаар захирамжийг биелүүлэх шаардлагагүй болохыг дурдах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-г зөрчихгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 65 дугаар магадлалын нэг, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 150 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Ц.Оршихоос 5.508.000 төгрөг гаргуулан Б.Сүх-Очирт олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.688.000 төгрөгийн шаардлагыг Ц.Оршихын сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосугай...” гэж, шийдвэрийн хоёр дахь заалтын  “...147.238 төгрөг...” гэснийг “...103.078 төгрөг...” гэж, магадлалын хоёр дахь заалтын “... 178..086 төгрөг...” гэснийг “...109.150 төгрөг... “гэж тус тус өөрчлөн , шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1180 дугаар захирамжийн дагуу Ц.Орших улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ