Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 09

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 143/ШШ2020/00015 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч “Т б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч М.Р холбогдох “17 700 225 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгбаярын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгбаяр, нарийн бичгийн даргаар Б.Энхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч “Т б” ХХК нэхэмжлэлдээ: “Т б Өмнөговь салбарын харьяа Мандал-Овоо тооцооны төв нь Б.Б, хамтран зээлдэгч М.Р нартай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 210500072626 тоот зээлийн гэрээ байгуулан 17 711 362 төгрөг 22 мөнгөний зээлийг жилийн 16,80 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар олгосон.

Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд 4 ханатай гэр, 21 инчийн зурагт, угаалгын машин, ддиш ком, цалин зэргийг барьцаалсан.

Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч Б.Б, хамтран зээлдэгч М.Р нар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм.

Тус зээлийг хуваарийн дагуу төлж байгаад зээлдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 27-нд нас барсан ба хамтран зээлдэгч М.Р нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “зээлийн буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна.

Зээлийн гэрээний 3.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь энэхүү гэрээний дагуу зээлдэгчийн хүлээсэн үүргийг бүрэн хүлээнэ гэсний дагуу хамтран зээлдэгч М.Р банкны зүгээс зээл төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн төлбөр төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 16 509 075 төгрөг 79 мөнгө, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 1 184 951 төгрөг 91 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6 197 төгрөг 41 мөнгө нийт 17 700 225 төгрөг 11 мөнгө байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгбаяр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа хэвээрээ. Зээлдэгч, хамтран зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 3.2.4 дэх хэсэгт Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон, зээлдэгч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон сураггүй алга болсонд тооцогдох зэрэг тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр зардлыг бүрэн хариуцан барагдуулах, мөн зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсэн заалтуудын дагуу хамтран зээлдэгчээс зээл болон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байгаа болно” гэв.

Хариуцагч М.Р анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие талийгаач нөхрийн хамтаар Төрийн банкны нэхэмжлэл дэх мөнгийг нөхрийн цалингийн зээлээр авсан нь үнэн бөгөөд эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр төлж явсан юм. Гэвч миний амьдралд нөхөж баршгүй зовлон тохиолдож би төлөхөд хүнд болсон. М.Р би өөрөө цалингийн зээлтэй. Сард 400 000 төгрөг төлдөг. 1-13 насны 5 хүүхэдтэй амьдарч байна.

Сум дундын шүүхийн бүрэлдэхүүн та бүхэн бидний амьдралыг харж үзэн нэхэмжлэл дэх мөнгийг чөлөөлүүлэх хөнгөлөх шийдвэр гаргах боломж байна уу” гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 143/ШШ2020/00015 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т б” ХХК-ийн хариуцагч М.Р 17700225 төгрөг 11 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 452 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгбаяр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт “цалингийн зээлийн гэрээнд Б.Баясгалангийн хамтран зээлдэгчээр М.Р тусгасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үндэслэлд нийцээгүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгохтой холбоотой харилцаанд гэрээний гол нөхцөлийг тодорхойлсон.

Харин гэрээнд хамтран зээлдэгчээр оролцох буюу хамтран үүрэг хүлээхтэй холбоотой харилцааг Иргэний хуулийн ерөнхий ангийн 241, 242 дугаар зүйлээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл шүүхээс хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсан нь зөв эсэх талаар дүгнэлт гаргахдаа Иргэний хуулийн ерөнхий ангийн зохицуулалтыг баримтлах байтал Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг баримтлан дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгчид тавигдах шаардлага, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож болохгүй этгээдийн талаар нарийвчлан зохицуулаагүй. Иймд зээлийн гэрээнд эрх зүйн бүрэн чадамжтай ямар ч этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулах боломжтой тул “М.Р хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсан нь үндэслэлгүй” гэх шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн цалин буюу зээлдэгчийн ирээдүйн орлого нь банкны хувьд зөвхөн барьцааны зүйл болдог. Зээлдэгч авсан зээлээ эргүүлэн төлнө, төлж чадахгүй бол ирээдүйд орж ирэх цалингийн орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангах үүргийг банкны өмнө хүлээдэг.

Барьцааны гэрээ хүчин болсон буюу барьцаалах эрхгүй этгээд хөрөнгө барьцаалсан зэрэг нь зөвхөн барьцааны гэрээнд хамааралтай болохоос үндсэн гэрээ буюу зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Барьцааг зээлийн гэрээтэй шууд холбон дүгнэх боломжгүй тул шүүхээс барьцааны үүрэг, зээлийн гэрээний үүрэг тус бүрт нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийх ёстой тул М.Р цалингийн орлоготой эсэх нь үндсэн зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй юм.

Мөн шүүхээс “цалингийн орлогоо барьцаалан зээл авах нь хүний салшгүй байдалтай холбоотой” гэсэн дүгнэлтийг хийж тэрхүү өөр хүнтэй холбоотой салшгүй эрх болох “цалингийн орлогыг барьцаалах нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 154.1-д “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна”, 154.2-т “хууль болон барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйл нь шаардах эрх байж болно”, 154.3-т “барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно”, 154.4-т “барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно” гэж тус тус заасан. Хуулийн энэ заалтаас үзвэл тухайн хөрөнгө нь барьцаалуулагч буюу хөрөнгийн өмчлөгчтэй ямар хамааралтай байхаас үл хамаарч /салшгүй холбоотой байхаас үл хамаарч/ барьцааны зүйл байж болохоор заасан.

Иймд М.Р нь үндсэн зээлдэгчийн орлогыг барьцаалсан зээлд хамтран зээлдэгчээр орсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Зээлдэгчтэй байгуулсан гэрээний 2.3.1-т “хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж үүргийг бүрэн хүлээнэ” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 242.1-т “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.4-т “хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нь ч гэрээгээр тогтоосон буюу түүнд эрх олгосон, эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хувьд нийтлэг аливаа хариу шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй” гэж тус тус заасан тул банк зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч М.Р зээлийн гэрээний үүргийг шаардах үндэслэлтэй юм.

М.Р нь зээлийн гэрээ байгуулах, үүрэг хүлээх хүсэл зоригтой байсан нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн өргөдөл, Зээлийн гэрээ, хариу тайлбар зэрэг холбогдох нотлох баримтаар нотлогддог.

Мөн шүүх дүгнэлт гаргахдаа зөвхөн зээлийн гэрээний үүргийн хүрээнд дүгнэлт хийсэн байдаг. Гэвч М.Р нь Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар Б.Баясгалангийн хууль ёсны өвлөгч тул Иргэний хуулийн 535.1-д зааснаар нас барагч /өвлүүлэгчийн/ хүлээх хариуцлагыг хариуцах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 143/ШШ2020/00015 тоот шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч М.Р 17,700,225.11 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч М.Р холбогдуулан үндсэн зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нийт 17,700,225.11 төгрөг гаргуулахаар шаардаж, “Төрийн банк”, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын тооцооны төв, нөгөө талаас зээлдэгч Б.Б нарын хооронд байгуулсан  2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210500072626 дугаартай зээлийн гэрээг үндэслэл болгожээ. Хариуцагч М.Р нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байна.

210500072626 дугаартай барьцаат зээлийн гэрээг /цалингийн зээл/ нэг талаас “Төрийн банк”-ны Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын тооцооны төв, нөгөө талаас зээлдэгч Б.Б, М.Р нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулж, тус гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдлийн хэмжээ  15,011,362.32 төгрөг болохыг тогтоож,  2,700,000.0 төгрөгийн нэмэлт зээл олгож, нийт зээлийн хэмжээг 17,711,362.22 төгрөг гэж тооцон, жилийн 16,80 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгохоор тохиролцсон байна. /хэргийн 08-10 дугаар хуудас/

Мөн гэрээний 5.1.7-т “зээлдэгч нь цалингийн орлогоо барьцаалж зээл авсан бөгөөд энэхүү гэрээний 2.1.5-д заасан “зээл буцаан төлөх хуваарь”-т хугацаа болохоос өмнө зээлдэгчийн дансанд орж ирсэн цалингийн орлогоос тухайн сард төлөх зээл болон түүний хүүгийн дүнтэй тэнцэх хэмжээгээр барилт хийж, зээл төлөх хуваарьт өдөр болоход суутгаж авах”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн эхлэл хэсэгт “Зээлдэгч Б Б нь Төрийн банкнаас авсан 17,711,362.22 MNT-ийн зээл, түүний үндсэн хүүг доорх хуваарийн дагуу төлж барагдуулна” гэж тодорхой заасан байна.

Соёл спортын тодорхойлолтод “...Б.Б нь хөгжмийн багш ажилтай, 606000 төгрөгийн цалинтай, зээл олгоход ажилтан зээл, зээлийн хүүг цалин, цалинтай адилтгах орлогоор төлөх чадвартайг тодорхойлж байна... Бид ажилтны ээлжийн амралтаа авах, аливаа шалтгаанаар ажлаас халагдах, чөлөөлөгдөх ... тохиолдолд энэ тухай банкинд ажлын 3 хоногийн өмнө албан ёсоор мэдэгдэнэ” гэжээ. /хэргийн 06 дугаар хуудас/

Зээл олгох, зээл төлүүлэх ажиллааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ” гэж зохицуулжээ.

Б.Б зээл хүссэн өргөдөл, ажил олгогчийн тодорхойлолт, 210500072626 дугаартай барьцаат зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар зээл олгох, эргүүлэн төлөх үндэслэл, гэрээний нөхцөл зэрэг нь Б.Б ирээдүйд авах буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар өөрийн хөдөлмөрлөх эрхийн дагуу  хөдөлмөрлөснийхөө төлөө ажил олгогчоос авах цалингийн орлого болох нь тогтоогдож байх тул зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 1.2-т заасантай нийцжээ. 

Зээлдэгч Б.Б нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нас барсан болох нь хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэрээний “Зургаа. Гэрээ дуусгавар болох, гэрээ цуцлах” гэсэн хэсэгт зээлдэгч нас барах тохиолдлыг заагаагүй боловч Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болохоор тусгагдсан. 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ч энэ эрх нь хуулийн хүрээнд байх нь хууль ёсны зарчимд нийцнэ.

Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, Барьцааны зүйлийн жагсаалт зэрэгт М.Р нь хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан боловч тэрээр ямар цалин хөлсөөр цалингийн зээлийг төлөхөөр тохиролцсон нь  хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. 

Нэхэмжлэгч нь хариуцагч М.Р зээлийн өрийн үлдэгдэл 16,509,075 төгрөг гэж 2023 оны 12 дугаар  сарын 02-ны өдөр зээл төлөгдөж дуусах зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардахдаа гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахын аль агуулгаар шаардлага гаргасан нь тодорхойгүй боловч шаардлагын үндэслэлээ зээлдэгч Б.Б  2019 оны 05 дугаар сарын 27-нд нас барсан ба “...210500072626 тоот зээлийн гэрээний... дагуу зээлийг ...хамтран зээлдэгч М.Р нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ... “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1 дүгээр зүйлийг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол ...дараагийн арга хэмжээ  авах болох талаар мэдэгдсэн болно ...” гэж тодорхойлсон. Түүнчлэн банкнаас М.Р хүргүүлж байсан 01, 02 дугаартай мэдэгдэх хуудсанд түүнээс гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байсан нь  тогтоогдож байх тул зээлдэгч Б.Б нас барснаар үүргийн харилцаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болж байна. /Хэргийн 20, 21 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч банк нь цалингийн зээл олгох журмыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. 

Хамтран үүрэг гүйцэтгэгчээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй боловч М.Р Б.Б байгуулсан гэрээний үүргийг хариуцах үндэслэл дээрх нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул 210500072626 тоот барьцаат /Цалингийн зээл/ зээлийн гэрээний үүргийг шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид үүсээгүй байна.

Иймд  анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа М.Р зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж мэтгэлцсэн тул анхан шатны шүүхэд талуудын маргаан үүсгээгүй, нэхэмжлэлийн үндэслэл болгоогүй үйл баримт, нотлох баримтын талаар давж заалдах шатны шүүхээс хэлэлцэж дүгнэх нь мэтгэлцэх болон диспозитив зарчимд нийцэхгүй учир “...М.Р нь Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар Б.Б хууль ёсны өвлөгч тул Иргэний хуулийн 535.1-д зааснаар нас барагч /өвлүүлэгчийн/ хүлээх хариуцлагыг хариуцах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн байна” гэх давж заалдах гомдлын үндэслэлийг хэлэлцээгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 143/ШШ2020/00015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246452 /хоёр зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг Төрийн байгууллагын банкны 106000063994 дүгээр дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.НАСАНЖАРГАЛ

                          ШҮҮГЧИД                                    Х.ГЭРЭЛМАА

                                                                                     Ш.ТӨМӨРБААТАР