Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 305

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0304/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б,
Улсын яллагч Э,
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ийн Б д холбогдох эрүүгийн 1718001210108 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, ***** төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ***** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ****ийн хамт *** тоотод оршин суух, урд 
-*****-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***  дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 100 000 төгрөгөөр торгох ялаар,
-******-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б-ийн Б , ***
Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч Б нь 2017 оны 08 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум *** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б  тэй “Гадуур дэмий тэнэлээ” гэж маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 
ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б нь 2017 оны 08 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум *** тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох эхнэр Б  ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгойн ар хэсэг рүү нь хогийн шүүрээр цохих, зүүн гарын булчин болон зүүн гуя руу нь гар, хөлөөрөө цохих, өшиглөх зэргээр зодож биед нь хуйхны шарх, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Шүүгдэгч Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,

Хохирогч Б  ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр миний нөхөр болох Б хөдөө бригад руугаа яваад шөнийн 12 цаг болж байхад ирсэн байсан. Би энэ үеэр 2 найз болох А, Э нартай хонинд яваад шөнийн 01 цагийн орчим гэртээ ирсэн. Гэтэл миний нөхөр намайг гадуур тэнэлээ гэж уурлаж зодсон. Толгойн ар хэсэг рүү хогийн шүүрээр нэг удаа цохисон. Зүүн гарын булчин болон зүүн гуя руу гараар болон хөлөөрөө цохисон. Одоо толгой өвдөж байна. Эмнэлэгт очиж оёдол тавиулсан. ...Надад одоо санал хүсэлт, гомдол байхгүй гэсэн мэдүүлэг,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн -**** дугаартай “Б  ийн биед хуйхны шарх, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-30/,
Эрсдийн түвшин дунд гэх аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Дархан сумын 1 дүгээр багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлоглож байна.

Иймд шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Иймд улсын яллагчийг саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б-ийн эрхэлдэг ажил, цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Б нь бусдад төлөх төлбөргүй тул түүний өмчлөлийн 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий Панасоник маркийн 42 инчийн зурагт, 700.000 төгрөгийн үнэлгээ бүхийн Фужицү маркийн 2 хаалгатай хөргөгч зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  ялтан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б-ийн өмчлөлийн 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий Панасоник маркийн 42 инчийн зурагт, 700.000 төгрөгийн үнэлгээ бүхийн Фужицү маркийн 2 хаалгатай хөргөгч зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           И