Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2018/ДШМ/055

 

                      *******од холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Б.Хос-Эрдэнэ нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******од холбогдох эрүүгийн 1814002220126 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, .... оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2018 оны 1 дүгээр сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2018 оны 5 дугаар сарын 11-нд эдлээгүй үлдсэн 236 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сольж, 29 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар /*******/

******* нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............. тоот хашаанаас *******ын эзэмшлийн UB150 маркийн цэнхэр өнгийн мотоциклийг хулгайлж бусдад 1.420.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 4 дүгээр сарын 18-нд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, .......... тоот хашааны гаднаас иргэн *******ын эзэмшлийн Хенсим 200 маркийн мотоцикль, уг мотоцикльд ачсан байсан 600 грамм ноолуур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бусдад 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                    

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 1 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-д зааснаар ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар *******оос 50.000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******ад, иргэний хариуцагч Б.Нямдаваагаас 1.300.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч *******ад тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: ******* би Хенсим маркийн мотоцикль, 600 грамм ноолуурын үлдэгдэл хохирол 50.000 төгрөг, UB-175 маркийн мотоцикль үлдэгдэл хохирол 300.000 төгрөг хулгайлсан 1 жил хорих ялтай. Үлдэгдэл хохирлыг даруй барагдуулах тул давж заалдах хүсэлтэй байна шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл ******* нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 5-6 тоот хашааны үүднээс *******ын эзэмшлийн UB-150 маркийн цэнхэр өнгийн мотоциклийг хулгайлж 1.420.000 төгрөгийн, мөн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, Тээврийн товчооны 1-15 тоот хашааны гаднаас иргэн *******ын эзэмшлийн Хенсим 200 маркийн мотоцикль, түүнд ачсан байсан 600 грамм ноолуурын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.050.000 төгрөгийн буюу бусдад нийт 2.470.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд тус тус болжээ.

Дээрх үйл баримт нь Баянхонгор аймгийн прокурорын газраас *******од холбогдох эрүүгийн 1814002220126 дугаар хэрэгт авагдсан хохирогч *******, *******, иргэний нэхэмжлэгч *******, гэрч , , , , , , нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлт, ХХК-ийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаар болон 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаар дүгнэлтүүд, ******* нь өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдалд болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэр томъёог Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэмээн буруу хэрэглэсэн байх тул энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтуудад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

******* нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.

Цаашид тухай хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Б.Нямдаваагийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэйг анхаарвал зохихыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ175 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтад тус бүр “...Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД                                                       Д.ЭРДЭНЭБИЛЭГ

М.МӨНХДАВАА