Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2019/00165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: М ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********** оршин суух Тоос овогт Иийн Н /*********** /-д холбогдох

Гэм хорын хохиролд 39,997,139.94 /гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О  /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.А  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М ХХК-ийн орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын №1601007397 тоот гэрээт даатгуулагч Эрдэнэсайхан овогтой Сайханзул нь 2017 оны 12-р сарын 14-ны өдөр Төв аймаг Баян-Өнжүүл сумын нутаг Улаанбаатар хотоос Дундговь чиглэлийн замд И.Нн жолоодон явсан 26-15 УБТ улсын дугаартай Т.Харрер маркын автомашинд зорчиж явахдаа зам тээврийн осолд орж амь насаа алдсан. 26-15 УБТ улсын дугаартай Т.Харрер маркын тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч И.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно 9.2-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн 2 дугаар бүлэг 2.1-т Механикзсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас манай орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгуулагч Э.Сайханзулын амь насыг хохироосон байна. Буруутай этгээд нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т заасны дагуу учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчийн төлөх ёстой байсан орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 39,997,139.94 /гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7-д заасны дагуу буруутай этгээдээс шаардах эрхийг шилжүүлж авсан. Иргэний хуулийн 513 дугаар зүйл 513.1-т Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй, мөн 513.2-т Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 499.1, 443.7, 513.1, 513.2-т тус тус заасны дагуу И.Нгээс гэм хорын хохиролд 39.997.139.94 /гучин есөн сая есөн зуун ерөн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, М ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний хувьд 2017 оны 12 сард зам тээврийн ослын улмаас өөрийн сайн найзын амь насыг хохироосон явдалд маш их харамсаж явдаг. Хохирогчийн зүгээс 26.000.000 төгрөг хохиролд өг гэж шаардаж эхэлсэн бөгөөд би холбогдох нотлох баримтыг нь харж байж шийдвэр гаргана гэж байсан. Гэтэл эрүүгийн хууль холбогдох нөхцөл байдлыг харгалзан үзээд би оршуулгын зардалд нэхэмжилсэн 13.000.000 төгрөгийг өгсөн. Гэтэл хохирогч Гэрэлцэцэг нь үлдсэн 13.000.000 төгрөгийг хэзээ өгөхийн гэж ямар ч баримтгүй шаардаж эхэлсэн. Тэрээр уг 13 сая төгрөг нь талийгчийн амь насыг хохироосон хохирол гэж нэхэж байсан. Миний хувьд хохирлыг нотлох баримтыг үндэслэн төлөхийг хүсч байсан боловч хохирогчийн амь насны хохирлын шаардлагаа нотлох баримттай бол төлөхөө илэрхийлснээ Эрүүгийн хэргийг шийдвэрлэх шүүхийн өмнө нотлох шаардлага үүссэн. Улмаар Гэрэлцэцэг нь гэм хор хохирлын төлбөрөөс баримтгүй нэхэмжлээд байгаа 13.000.000 төгрөгийг төлнө гэж байгаа бол хоорондоо зээлийн гэрээ байгуулаад баталгаажуулчихий гэсэн санал тавьсан. Миний хувьд түүний саналыг хүлээн зөвшөөрөхдөө уг 13.000.000 төгрөг нэхэмжилж байгаа баримтаа бүрдүүлж өгнө гэж хоорондоо амаар тохиролцоод 13.000.000 төгрөг Гэрэлцэцэгээс зээлж авсан мэтээр дүр үзүүлэн зээлийн гэрээг хоорондоо байгуулцгаасан. Би уг төлбөрийг 2018 оны 6 сард Гэрэлцэцэгийн дансанд шилжүүлсэн. Би хохирогч Гэрэлцэцэгт нийт 26.000.000 төгрөгийг хохиролын төлбөрт төлсөн. Би нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О  шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: ...М ХХК-ийн орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын №1601007397 тоот гэрээт даатгуулагч Э. Сайханзул нь 2017 оны 12-р сарын 14-ны өдөр Төв аймаг Баян-Өнжүүл сумын нутагт И.Нн жолоодон явсан 26-15 УБТ улсын дугаартай Т.Харрер маркын автомашинд зорчиж явахдаа зам тээврийн осолд орж амь насаа алдсан. 26-15 УБТ улсын дугаартай Т.Харрер маркын тээврийн хэрэгслийн жолооч И.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас манай орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгуулагч Э.Сайханзулын амь насыг хохироосон байдаг.

Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчийн төлөх ёстой байсан орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 39,997,139.94 төгрөгийг гэрээний үүргийн дагуу голомт банкинд төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7-д заасны дагуу буруутай этгээдээс шаардах эрхийг шилжүүлж авсан.

Иймд И.Нгээс 39.997.139,94 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ зээлийг Э.Сайханзул нь эхнэртэйгээ хамтарч авсан байгаа. Энэ тохиолдолд зээлдэгч нар үүргийг хамтарч гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл зээлдэгч Э.Сайханзул нас барахад үүрэг гэрээний дагуу эхнэр А.Гэрэлцэцэгт шилжиж, зээлийг төлөх байхад биднээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Бид А.Гэрэлцэцэгт баримтгүйгээр нийт 26.000.000 төгрөгийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өгсөн. Өгөхдөө бид асуусан. Орон сууцны зээлээ яах гэж байна гэхэд  тэр та нарт хамааралгүй гэж хэлээд авсан. Мөн даатгалын гэрээн дээр А.Сайханзулын гарын үсэг байдаггүй. Харин А.Гэрэлцэцэг гарын үсэг зурсан байдаг. Мөнгө шилжүүлсэн данс нь тохирдоггүй гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг  шинжлэн судлаад                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

М хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч И.Нд холбогдуулан гэм хорын хохиролд 33.997.139.94 /гучин гурван сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас М ХХК-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ №1601007397, М ХХК-нд А.Гэрэлцэцэгийн гаргасан өргөдөл, нас барсны гэрчилгээ болон нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын цагдаагийн тасаг шинжилгээний дүгнэлт №6, шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн дүгнэлт №3, Төв аймгийн прокурорын газрын яллах дүгнэлт №63, Голомт банкнаас Мд гаргасан нэхэмжлэл, орон сууцны ЗГ4305022475 дугаартай зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, Голомт банк Дархан салбарын орон сууц худалдан авах зээлдэгчийн хувийн мэдээлэл, Э.Сайханзулийн НДД-н түүврийн хуулбар, шилжүүлгийн мэдүүлгийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч нь 2017 оны 12 дугаар сарын 14ий өдөр Төв аймаг Баян-Өнжүүл сумын нутагт И.Н нь автомашин жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас машинд зорчиж явсан М ХХК-ний орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгуулагч Э.Сайханзулын амь нас хохирсон ба  компани энэхүү ослын улмаас даатгуулагчийн төлөх ёстой байсан орон сууцны зээлийн үлдэгдэл 33.997.139.94 төгрөгийг Голомт банкинд төлж барагдуулсан тул гэм буруутай этгээд болох  И.Нгээс  дээрх мөнгийг гаргуулж авна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь эрүүгийн хэрэгт нотлох баримтгүйгээр 26.000.000 төгрөгийг талийгаачийн эхнэр А.Гэрэлцэцэгт төлсөн. А.Гэрэлцэцэг нь биднээс өөр мөнгө төгрөг нэхэмжлэхгүй гэсэн тул дээрх мөнгийг ямар нэгэн баримт шаардахгүйгээр өгсөн. М ХХК нь талийгаач Э.Сайханзулын Голомт банкинд төлөх ёстой байсан орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлсөн  гэх боловч мөнгө шилжүүлсэн гэх данс нь зээлдэгчийн данс биш байна. Мөн гэнэтийн ослын даатгалын гэрээнд Э.Сайханзул гарын үсэг  зураагүй, зээлдэгч А.Гэрэлцэцэг гарын үсэг зурсан байдаг. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн  тус тус маргажээ.

Хариуцагч И.Н нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Голомт банкны орон сууцны зээлдэгч, гэнэтийн ослын даатгуулагч Э.Сайханзул  2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нас барсан ба М хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Голомт банкинд зээлдэгч Э.Сайханзулын төлөх ёстой байсан орон сууцны зээлийн үлдэгдэл 39,997,139.94 төгрөгийг төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 499.1, 443.7, 513.1, 513.2-т заасны дагуу хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулна хэмээн шаардаж байна.

 М хязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулсан №1601007397 дугаартай гэнэтийн ослын даатгалын гэрээнд  зээлдэгч  Э.Сайханзул гарын үсэг зураагүй харин хамтран үүрэг гүйцэтгэгч А.Гэрэлцэцэг гарын үсэг зуржээ.  

Үүнээс үзэхэд зам тээврийн ослын улмаас нас барсан Э.Сайханзул, М хязгаарлагдмал хариуцлагатай компани нарын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй  байна.

Голомт банк нь 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгч Э.Сайханзултай  орон сууцны ипотекийн зээлийн гэрээг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй байгуулсан байх ба уг зээлийн гэрээний үүрэгт А.Гэрэлцэцэг нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон болох хэрэгт авагдсан орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар зэргээр нотлогдож байна.      

Зээлдэгч Э.Сайханзул нь зам тээврийн ослын улмаас 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр нас барсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Голомт банк нь зээлдэгч Э.Сайханзул нас барсан, даатгалын тохиолдол бий болсон хэмээн үзэж гэрээний дагуу зээлдэгчийн төлөх ёстой байсан мөнгийг М хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулсан тул зам тээврийн осолд гэм буруутай гэх И.Нгээс дээрх мөнгийг гаргуулна гэж М хязгаарлагдмал хариуцлагатай компани нэхэмжилж байх ба зээлдэгч Э.Сайханзул нь 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Голомт банктай орон сууцны зээлийн гэрээг байгуулан уг гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр А.Гэрэлцэцэг оролцон гэрээнд хүсэл зоригийн илэрхийлэл болгон талууд гарын үсэг зурж баталгаажуулж, барьцааны гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Зээлдэгч Э.Сайханзул нас барсан гэх боловч Голомт банк нь хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байгуулсан зээлийн гэрээг хэрхсэн нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл  зээлийн гэрээг цуцалсан эсэх, зээлийн гэрээний үүргийг цаашид хамтран үүрэг гүйцэтгэгч А.Гэрэлцэцэг биелүүлэх эсэх тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй.

Хамтран үүрэг гүйцэтгэгч А.Гэрэлцэцэг нь Голомт банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахаар гэрээг байгуулсан атал зээлдэгч Э.Сайханзул нас барсан нэрийдлээр даатгалын нөхөн төлбөрийг гаргуулсан нь үндэслэлгүй байна.

Мөн даатгалын гэрээнд заасны дагуу тохиолдол бий болсны улмаас М хязгаарлагдмал хариуцлагатай компани  нь даатгуулагч Э.Сайханзулын орон сууцны зээлийн үлдэгдэл 33.997.139.94 төгрөгийг Голомт банкны 8285100000 тоот дансанд шилжүүлсэн гэх боловч уг дансны эзэмшигч хэн болох нь тодорхойгүй.

Тухайлбал:  уг данс нь зээлдүүлэгч Голомт банк эсхүл зээлдэгч Э.Сайханзулын нарын хэнийх нь данс  эсэх  нь тодорхойгүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй.

2017 оны 12 дугаар сарын 14ий өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт  И.Нг 26-15 УБТ дугаартай Т.Харрер маркын автомашин жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас машинд зорчиж явсан Э.Сайханзулын амь нас хохирсон гэх боловч уг зам тээврийн осолд  хариуцагч И.Н нь гэм буруутай эсэх нь тодорхойгүй, үүнтэй холбоотой  баримт байхгүй байна.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө ,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй ,

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй, 513.2-д Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй  гэж тус тус заажээ.

Дээрх бүгдээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 499 дүгээр зүйлийн 499.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2-д заасан харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй  байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.940 /гурван зуун тавин долоон мянга есөн зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                    

 ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 499 дүгээр зүйлийн 499.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч И.Нд холбогдох гэм хорын хохиролд 33.997.139.94 /гучин гурван сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.940 /гурван зуун тавин долоон мянга есөн зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ

                                            

                                                     ШҮҮГЧИД                        Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                                             

                                                                                               Б.МӨНХТУЯА