Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 307

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0305/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н,
Улсын яллагч О,
Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ийн Г -д холбогдох эрүүгийн 1718001210114 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, ажилтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д-ийн Г  , */*** 
Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын 8 дугаар баг “****" хотхоны харалдаа асфальтан зам дээр иргэн Б-ийн өмчлөлийн ****улсын дугаартай “Мицубиши Делика” загварын сувдан цагаан өнгийн авто машиныг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан ****улсын дугаартай “Стевр” маркийн том оврын ачааны автомашины ардаас мөргөж "Мицубиши Делика” машины зорчигч Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 
ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын 8 дугаар баг “****" хотхоны харалдаа асфальтан зам дээр Б-ийн өмчлөлийн ****улсын дугаартай “Мицубиши Делика” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам дээр зогсож байсан ****улсын дугаартай “Стевр” маркийн том оврын ачааны автомашины араас мөргөж хохирогч Б-ийн биед зүүн гарын бугалга, баруун эгэм яс, баруун талын хавирганы битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол,  хохирогч Э-ны биед тархи доргилт, нүүрний цус хуралт, цээж, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулж, зам тээврийн осол гаргасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

Шүүгдэгч Г-ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нарт хохирлыг төлж барагдуулсан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:
Хохирогч Э-ний өгсөн: ...Г ах бид нарыг Дарханы тойргоос гаргаж өгнө гээд **** эгчийн машиныг бариад явсан. Тэгж явж байхдаа зам дээр зогсож байсан машиныг харалгүй араас нь очоод мөргөөд зогссон. ...Би гомдолгүй, надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Хохирогч Б-ийн өгсөн: ...Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу охиныхоо хуриманд орчихоод 2017 оны 10 дугаар сарын 04 буцаад явах гэтэл Г нь би гаргаж өгөөд буцаад таксигаар гэртээ ирье гээд бид нарын явж байсан ****улсын дугаартай Делика маркийн машиныг жолоодож яваад Дархан ус сувгийн хажуу талын “Сод Монгол” шатахуун түгээх станцаас бензин аваад цааш хөдлөөд дүүжин гүүр өнгөрөөд тойрог уруудаад явж байгаад урдаа зогсож байсан машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Осол болох үед Г нь бага зэрэг архи хэрэглэсэн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Иргэний нэхэмжлэгч Б-ийн өгсөн: ...Манай эхнэр **** миний эзэмшлийн   ****улсын дугаартай Делика маркийн машиныг бариад ах дүүгийн хамт Улаанбаатар хот руу хуриманд явсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч Л-ийн өгсөн: ...Анх Хөвсгөлөөс **** гэдэг хүн барьж явж байгаад Дарханд Дашдаваа ахын гэрээр орж тэндээ цай хоол идчихээд гараад бөөнөөрөө Г-ын гэрт очиж тэндээ бас дахиж цай унд ууж, нэг шил архи задалж хувааж уусан. Тэднийхээс гарахад Г “би та нарын машиныг бариад Дарханаас гаргаад өгье” гээд бид нарын сууж явсан Делика маркийн машиныг жолоодоод дүүжин гүүр өнгөрөөд ШТС-ын хажуугаар явах үед урдаа зогсож байсан ачааны машиныг мөргөж осол гаргасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Гэрч Т-ийн өгсөн: ...Г зам дээр зогсож байсан машины араас хүчтэй мөргөсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/,

Гэрч Б-ийн өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр машиндаа сууж байсан чинь машин мөргөх шиг болсон. Тэгээд машинаас буугаад машиныхаа ард очих үед Б  ахын жолоодож явсан чиргүүлтэй машины чиргүүлийн араас Делика машин мөргөсөн байдалтай байсан ба дотроос нь хүмүүс гарч ирээд гар хөл гэмтчихлээ гэсэн юм ярьж байсан. Тэгээд Б  ах Цагдаад дуудлага өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/,

Гэрч Б-ийн өгсөн: ...Миний биед гэмтэл учраагүй. Мөн машины кирло хагарсан. Тэр хохирлыг нөгөө тал барагдуулсан учраас надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4, 8-9/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/,

Шүүгдэгч Г нь хэрэг үйлдэх үедээ 1.32 хувийн согтолттой байсан болохыг нотолсон Эрүүлжүүлэгдсэн хүний тэмдэглэл /хх-ийн 11-12/,

“... Осол гарсан үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй байна” гэх Г-ын  унаж явсан Делика маркийн авто машины Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээч авто тээврийн мэргэшсэн инженер Л гаргасан 2017 оны 10 дугаар сарын 11-ний  өдрийн *** дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-52/,

Зам тээврийн ослын улмаас хохирогч Б-ийн биед учирсан гэмтлийг тодорхойлсон “Б-ийн биед зүүн гарын бугалга, баруун эгэм яс, баруун талын хавирганы битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Б-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т-ийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 96/,

Зам тээврийн ослын улмаас хохирогч Э-ны биед учирсан гэмтлийг тодорхойлсон “Э-ны биед тархи доргилт, нүүрний цус хуралт, цээж, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Э-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т-ийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 127/,
“Д овогтой Г нь Делика маркийн ****улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлэг 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг тус тус зөрчин замын хөдөлгөөнд оролцсоноос Д овогтой Б ийн жолоодож явсан Стевр маркийн ****улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна. Д овогтой Г тээврийн хэрэгсэл жолоодох **** дугаарын В ангиллын үнэмлэхтэй байна гэх Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч М-ийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 33/ зэрэг болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг заавал оногдуулахаар хуульчилсан байна.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ” гэж заажээ. 
Иймд тухайн зүйл хэсэгт заасан үндсэн ял болох хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн нөхцөлд нэмэгдэл ялыг дангаар оногдуулах боломжгүй юм.
Хэрэгт хураагдсан **** дугаартай жолооочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх зүйтэй гэж үзлээ. 
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г-ыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар Д.Г тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт хураагдсан **** дугаартай жолооочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР