Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2020/0064

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар

эвлэрснийг баталж, холбогдох хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-эрдэнэ би иргэн С.Түмэнбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Түмэнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунчимэг нар нь хоорондоо байгуулсан эвлэрлийн гэрээндээ Нэг талаас нэхэмжлэл гаргагч Санжаабээрэн овогтой Түмэнбаяр, нөгөө талаас хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, газрын дарга Энхжаргал овогтой Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэр-Одын Оюунчимэг бид дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1 Нэхэмжлэгч С.Түмэнбаяр нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар тушаалыг хууль бус гэдгийг тогтоолгох, хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалыг хууль бус гэж тогтоолгох, хүчингүй болгуулах, Урьд эрхэлж байсан албан тушаал болох Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худапдан авах ажиллагааны хэлтсийн Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилогдох өдрийг хүртэлх ажиллаагүй хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзав.

2. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь нэхэмжлэгч С. Түмэнбаярын Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар тушаалыг хууль бус гэдгийг тогтоолгох, хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалыг хууль бус гэж тогтоолгох, хүчингүй болгуулах, Урьд эрхэлж байсан албан тушаал болох Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилогдох өдрийг хүртэлх ажиллаагүй хугацааны цалин хөлсийг олгож, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангахгүйгээр 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Хуулийн хэлтсийн зураг төсөв хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 2,284,110 /Хоёр сая хоёр зуун наян дөрвөн мянга нэг зуун арав/ төгрөгийг нэхэмжлэгчид олгож, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлж, нөхөн бичилт хийхээр харилцан тохиролцов.

3. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2,284,110 /Хоёр сая хоёр зуун наян дөрвөн мянга нэг зуун арав/ төгрөгийг шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч С. Түмэнбаярын ХААН банкны 5007596713 тоот дансанд шилжүүлэн өгнө.

3. Энэхүү гэрээг эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

С.Түмэнбаярын нэхэмжлэлтэй Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай 03/2237 дугаар албан бичгээр томилогдсон тус газрын Дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунчимэгийг томилсон бөгөөд итгэмжлэлд эвлэрэх эрхийг олгожээ.

Тус шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч С.Түмэнбаяр болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунчимэг нар нь харилцан тохиролцож, эвлэрснээ баталгаажуулан, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулан ирсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дугаар зүйлийн 21.1.1-д ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.3-д Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн байна гэж шүүх үзэв.

Талууд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа харилцан тохиролцохдоо эвлэрлийн гэрээ байгуулан, маргаанаа дуусгавар болгосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д ... шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн талууд уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд үүсэх үр дагаврыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дүгээр зүйлийн 68.4, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус баримтлан талуудын эвлэрлийг баталж, С.Түмэнбаярын нэхэмжлэлтэй Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Түмэнбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ