| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 1714001730193 |
| Дугаар | 2018/ДШМ/058 |
| Огноо | 2018-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.ЦОГЖАВХЛАН |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2018/ДШМ/058
*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогч *******
Хохирогчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/213 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 1714001730193 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ........... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлтгүй, регистрийн дугаар //
******* нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг “Хуурайн дээд гол” гэх газарт иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д шүүгдэгч *******д оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******ээс нэг сая гучин гурван мянга таван зуун /10033500 / төгрөг гаргуулж хохирогч *******т олгож, уг хохирлыг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний дотор төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “S-6” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх гар утсыг хохирол нөхөн төлөх зорилгоор зарцуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо:
*******ын ******* миний бие нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.
Тус шийтгэх тогтоолоор намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага оногдуулж, хохирогчид учирсан хохирол гэж нэг сая гучин гурван мянга таван зуун төгрөгийг надаас гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн.
Би тус хэргийн хохирогч гэх ******* гуайг цохиж зодсон зүйл байхгүй учраас тус шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Насанд хүрээгүй гэрчийг шүүх хуралдаанд оролцуулсан эсхүл ямар нэгэн хөндлөнгийн нөлөөгүйгээр эцэг эхийн хэн нэгнийг нь хууль ёсны төлөөлөгчөөр байлцуулан дахин мэдүүлэг авсан бол хэргийн бодит нөхцөл байдлыг мэдүүлэх байсан гэж миний зүгээс бодож байгаа билээ.
Намайг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд байгаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг зэрэг байдаг ба шинжээчийн дүгнэлт нь нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тодорхойлолт /уг тодорхойлолтод өвчин эхэлсэн хугацаа гэдэгт 2017 оны 9 сарын 11-ний өдөр гэдэг ба үүнээс харахад ******* гуай надад зодуулсан гээд байгаа өдрийн урд өдөр тус тодорхойлолтод дурьдагдсан гэмтлүүдийг авсан байгаа юм./ амбультороор эмчлүүлэгсдийн карт /тус карт гэх бичигт бичилт байгаа боловч бичилт хийсэн эмчийн нэр, гарын үсэг тэмдэг байхгүй/ зэрэг баримтыг үндэслэн Доржготов гуайн биед нь үзлэг хийж гаргасан байдаг боловч тус шинжээчийн дүгнэлт нь ******* гуайн биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон л гэж байгаа болохоос намайг тухайн гэмтлийг учруулсан гэх зүйл байхгүй, мөн тухайн гэмтэл нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр буюу тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой л гэсэн болохоос яг цаг хугацааг нь нарийн тогтоох боломжгүй. Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолтод 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тухайн гэмтэл үүссэн гэсэн байдаг.
Мөн насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг авахдаа хууль зөрчиж авсан нөхцөл байдлууд байдаг.
Насанд хүрээгүй гэрчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогч *******ын хүргэн бөгөөд айл саахалт байдаг. Мөн сурган хүмүүжүүлэгч А.Сайханцэцэг гэх хүн мэдүүлэгт суусан гэж байгаа боловч сурган хүмүүжүүлэгч мөн эсэх нь эргэлзээтэйгээс гадна насанд хүрээгүй хүнийг байцаах тухай холбогдох журмыг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Хохирогчийн мэдүүлгийг хохирогчийн биед авсан гэх шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэлтэй тохируулан шинжилж үзэхэд зөрүүтэй зүйлүүд нилээдгүй байгаа нь эргэлзээ төрүүлэхүйц байгааг анхаарч үзнэ үү. Насанд хүрээгүй гэрч болон хууль ёсны төлөөлөгч нар нь хоёулаа боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй энэ нь бүр эргэлзээ төрүүлж байгаа юм.
Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь би Доржготов гуайн биед халдаж хохирол учруулаагүй учраас тухайн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Татварын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага бараа материал, бензин гэх мэт зарж борлуулахдаа заавал нэмэгдсэн өртөгийн албан татварын баримт олгож байгаа. Энэ нь аймгийн бүх шатахуун түгээх станц болон нэгдсэн эмнэлэг, эмийн сан гэх мэт бүх байгууллага тусгай машинаар хэвлэсэн нэмэгдсэн өртөгийн албан татварын баримтыг худалдан авагч үйлчлүүлэгчид олгож байгаа байтал хохирогч гэх Доржготовын хэрэгт гаргаж өгсөн баримтууд нь хууль ёсны байж чадахгүй байгаа билээ.
Мөн нотлох баримтуудыг үндэслэлгүй бүрдүүлсэн гэдэг мэдүүлэг болон баримтын цаг хугацааг харьцуулан үзэхэд илэрхий байдаг ба Доржготов гуай Баянхонгор аймгийн төвд гэртэй ба 9 дүгээр сарын 15-ны үеэс сургуулийн хүүхдүүдээ хараад аймагт байх гэртээ байсан гэх мэтчилэн Доржготов гуай хувийн таарамжгүй харьцааныхаа улмаас намайг гэмт хэрэгт холбогдуулж дээр нь үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгааг хууль хяналтын байгууллага үнэн мөнийг олно гэдэгт итгэж байна. Миний зүгээс энэ хэргээс болж нилээдгүй хохирч байна.
Би Доржготов гуайтай маргасан болохоос зодсон зүйл байхгүй ба энэ цаг хугацаанаас хойш бүтэн нэг жилийн нүүрийг үзэх гэж байна. Би хэрэг хийгээгүй учраас л өнөөдрийг хүртэл үнэн мөнийг олуулах гээд гомдол, хүсэлтүүд гаргаад явж байна. Би гэмт хэрэг хийгээгүй. Тиймээс хэрэгт авагдсан баримтуудыг сайн нягталж үзэхийг хүсэж байна.
Иймд миний гаргасан гомдолтой холбогдуулан надад холбогдох хэргийг бүхэлд нь хянаж Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлаж үзвэл ******* нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг “Хуурайн дээд гол” гэх газарт иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 441 дүгээр шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1221 дүгээр шинжээчийн дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс түүнд оногдуулсан ял шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон байна.
Дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Иймд шүүгдэгч *******ийн хохирогч *******ыг зодоогүй, насанд хүрээгүй гэрчийн хууль ёсны төлөөлөгч нь *******ын хүргэн, сурган хүмүүжүүлэгч А.Сайханцэцэг нь сурган хүмүүжүүлэгч мөн эсэх нь эргэлзээтэй, эмнэлэгт үзүүлсэн гэх баримт нь он сарын хувьд хэрэг үйлдэгдсэн гэх өдрөөс зөрүүтэй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй, нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд зааснаар нэмэгдсэн өртөгийн албан татварын баримт байхгүй зэрэг утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул *******д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, *******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/213 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хоёр зуун дөчин /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т тус тус зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Г.УЛАМБАЯР