Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0289/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б
Улсын яллагч И,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч,
Хохирогчийн төлөөлөгч М , 
Шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т -ын Т д холбогдох эрүүгийн 1718000870063 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “***” гэх газарт хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайж, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж байгаль орчинд 1.335.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:
1.    Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “***” гэх газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор 425 метр квадрат газар ухаж байгаль орчинд 1.334.505 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Т-ийн  өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Хохиролд 1.335.000 төгрөг төлж барагдуулсан. Үлдсэн хохирлыг 2017 ондоо багтаан төлж барагдуулна... гэх мэдүүлэг,
Хохирогчийн төлөөлөгч М ын өгсөн: Т нь байгаль орчинд 1.334.500 төгрөгийн хохирол учруулсан. Уг хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар 2 дахин нэмэгдүүлж тооцсон байгаа. Иймд уг хохирлыг төлүүлж, ухсан нүхийг нь булуулах шаардлагатай байна гэх мэдүүлэг.
Мөрдөн байцаалтад:
Гэрч О-ийн өгсөн: 2017 оны 6 дугаар сард танил Т   гэх залуу 1 сарын 1,5 сая төгрөгийн цалинтайгаар Хонгор сумын 2 дугаар баг, *** гэх газар ажиллах уу гэхээр нь тохиролцоод одоог хүртэл ажиллаж байсан. Энэ хугацаанд миний барьж байсан эксковатор эвдрээд олигтой сайн ажиллаж чадаагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/,
Гэрч Б-ийн өгсөн: 2017 оны 6 дугаар сарын сүүлээр Т   хоёулаа Хонгор сумын ***д очиж газар шорооны ажил хийе гэсэн. Тэгээд бид хоёр эксковатор аваачаад 7 хоносон. Зүгээр байхаар энд тэнд хатгаж үзье, юм гарахнуу гээд хатгаж үзээд байж байтал цагдаа нар ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/,
Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 1.334.505 төгрөг байна гэх экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12, түрээсийн гэрээ /хх-ийн 14/ болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.  
Шүүгдэгч Т-ийн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 
Иймд шүүгдэгч Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 1.334.505 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д зааснаар дээрхи хохирлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 2.669.010 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т нь хохиролд 1.335.000 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 24/-аар нотлогдож байх тул түүнээс 1.334.010 төгрөгийг гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
2.    Эрүүгийн хариуцлага оногдуулах, бусад асуудлын тухай:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ. 
Мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулах зорилгоор тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдэгдсэн газар болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг *** гэх газарт ухсан 425 метр квадрат газрыг булах үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т-ын Т  -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5 дахь хэсгийн 1-д зааснаар Т -с 1.334.010 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Т-д тэнссэн хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг *** гэх газарт ухсан 425 метр квадрат нүхийг булах үүргийг хүлээлгэсүгэй. 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           И