Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 591

 

 

 

 

 

 

 

 

 

“ӨОМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00230 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ӨОМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “МЛ” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 93 593 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ӨОМ” ХХК нь “МЛ” ХХК-ийн хүсэлтээр 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж Hyundai 450 1c-7, Hyundai 500 1c-7а маркийн экскаваторт зориулж сэлбэг зээлээр худалдан авч, засвар үйлчилгээ хийлгэхээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш дээрх тоног төхөөрөмж нийт 3 удаа засвар үйлчилгээнд орсон. Энэ нь “МЛ” ХХК-ийн уурхай буюу “Элстэй уурхай” гэх газар “ӨОМ” ХХК-ийн механик инженер өөрийн биеэр очиж уг газар дээр үзээд ямар сэлбэг шаардлагатай талаар танилцаад А.Г нь “МЛ” ХХК-д засвар, сэлбэгийн үнийн саналыг өгсөн. Байгаа сэлбэгээ авчраад засварлаад байхгүй сэлбэгийг Солонгосоос захиалж засварлана гэж хэлсэн. Ингээд нийт 3 удаагийн очилтоор сэлбэг нийлүүлэн засвар үйлчилгээг хийж 163 574 500 төгрөгийн тооцоо үүссэн байна. Энэ бол 3 удаагийн сэлбэгийн дүн, тухайн үед ажиллаж байсан Б.Батзориг нь н.Нямдорж менежер хүмүүсээр сэлбэгээ захиалуулан экскаваторуудыг байнга засаж байсан. Бид тухайн үед нь шаардлагатай сэлбэгийг шуудангаар болон өөрсдөөр нь хүргүүлж байсан.

Өнгөрсөн хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 50 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 6 981 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13 000 000 төгрөг, нийт 69 981 000 төгрөгийг “МЛ” ХХК-аас төлж барагдуулсан. “МЛ” ХХК-аас шилжүүлсэн мөнгөн дүнгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа бөгөөд үүнтэй маргахгүй. Иймд үлдэгдэл 93 593 500 төгрөгийг “МЛ” ХХК-аас нэхэмжилж байна. Бид алданги бусад төлбөрийг нэхэмжлээгүй бөгөөд зөвхөн тэдний манайхаас авсан сэлбэгийн үнийг нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манайх Дорноговь аймгийн Хатан булаг сумын Халив багт үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад гэрээний дагуу үзлэг хийж жагсаалт гаргасны дагуу 129 708 900 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Манай компаниас итгэлцлийн үндсэн дээр 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 18 910 000 төгрөгийг анх шилжүүлж байсан. Үүний дараа 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 50 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 6 981 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 14 000 000 төгрөгийг тус тус шилжүүлснээр манай компаниас нийт 88 891 000 төгрөг шилжүүлсэн.

Одоо нэхэмжлэгч компани нь 163 574 500 төгрөгийн гэрээнээс үлдэгдэл 93 593 500 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. “ӨОМ” ХХК нь гэрээний дагуу тоног төхөөрөмж нийлүүлэх болон засвар үйлчилгээ хийх үүргээ биелүүлээгүй. Манай компанийн зүгээс хийгдсэн үйлчилгээнд төлбөл зохих төлбөрийг хийсэн. Нэхэмжлэгч гэрээний үүргээ өөрөө биелүүлээгүй учраас төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй. Учир нь 1 сар гаруй хугацаанд хүн очиж ажиллаж байсан. Гэхдээ сэлбэгийг хүлээлгэж өгсөн баримт байдаггүй. Явахдаа үлдээсэн сэлбэг, бусад зүйлийн жагсаалтгүй. Энэ 3 экскаватор бол манай уурхайн чухал зүйлс юм. Энэ экскаваторын эвдрэлээс болоод, чанартай тоног төхөөрөмж нийлүүлээгүй байдлаас болоод манай үйл ажиллагаа доголдсон. Хийсэн ажлаа дүгнээд тайлан хийж манай компанид үлдээгээгүй явсан. Зүгээр хийж байгаад л болсон гээд яваад өгсөн. 3 экскаватор байгаагаас 1 экскаватор бүрэн ажиллагаагүй болсон. Энэ хүмүүс ажлаа хийхгүй байсан учраас дахин гэрээ байгуулаад н.Сайнжаргал гэх хүнтэй хамтран ажилласан. Одоогоор 2 экскаватор хэвийн ажиллаж байгаа бөгөөд нөгөө энэ хүмүүсийн янзалсан экскаватор ашиглах боломжгүй болсон байдалтай байгаа. Эднийх засвар үйлчилгээ хийсэн гэдэг хүснэгт гаргаад өгсөн байна. Засвар хийсэн төхөөрөмж бүрээр салгаж өгсөн байгаа. Тэр агуулахад үлдээсэн тэмдэглэгээтэй тоног төхөөрөмжийг газар дээр нь үзэхээр байхгүй байна. Агуулахад үлдээсэн тоног төхөөрөмжийн үнэ 5 035 250 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг хүлээлгэн өгсөн баримт байхгүй байгаа. Иймд дээрх үндэслэлээр манайх үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэсэн саналтай байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч “МЛ” ХХК-аас нийт 70 984 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ӨОМ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 22 608 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 625 920 төгрөгөөс 625 917 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 3 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 512 874 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ӨОМ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч н.Нямдорж /тухайн үед уурхайд менежер хийж байсан хүн, одоо Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа/-ийг асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй мөртлөө нэхэмжлэгч талаас гаргасан 2 гэрч асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Мөн хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хавтаст хэргийн 14-33 дугаар талд авагдсан зарлагын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх 14-23, 32-33 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг үнэлсэн, мөн дээрх хэрэгт авагдсан баримтуудыг харахад тухайн компанийн ажилтан нь манай уурхайд цагаан сарын дараа буюу 2 сарын сүүлээс 3 сар гартал хугацаанд ажиллаж засвар үйлчилгээ хийж, тоног төхөөрөмжөө суурилуулж дуусгасан гэж мэдүүлдэг, гэтэл шүүхийн нотлох баримтаар үнэлсэн зарлагын баримтууд нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хооронд байдаг ба тухайн компани нь зарлагын баримтуудыг нөхөн бүрдүүлсэн. Энэ талаар “ӨОМ” ХХК-ийн засварчин, шүүх хуралдаанд оролцсон н.Г гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байхад шүүх нотлох баримтаар үнэлсэн зэрэг нь хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан.

Шүүх хуралдааны эхэнд танилцуулсан шүүх хуралдааны дэгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч удаа дараа зөрчиж, /энэ нь 3-аас дээш удаа/ өндөр дуугаар бусад оролцогчийн болон шүүгчийн яриаг тасалж, хариуцагч тал тайлбар гаргаж байхад давхар тайлбарыг хэлж байхад шүүгч сануулаад байсан хирнээ тодорхой арга хэмжээ аваагүй зэргээс үзэхэд миний хувьд аргагүй хардлага төрүүлж байсан болно.

“Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ээ байгуулагдсан талаар манай талаас ямар нэгэн байдлаар маргаагүй, гэхдээ урьдчилан газар дээр нь ирж үзэж танилцаад гаргасан үнийн саналыг үндэслэн, гэрээгээр 129 708 900 төгрөгийг үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлэхээр заасан байтал гэрээнээс харахад манай уурхайд гэрээний дагуух үнийн дүндээ хүрээгүй тоног төхөөрөмж нийлүүлсэн, мөн доголдолтой чанарын шаардлага хангаагүй тоног төхөөрөмж нийлүүлсэн учир 3 экскаватор одоо ч ажиллахгүй, манай уурхайн үйл ажиллагаанд хохиролтой байна. /Шүүх хуралдаанд 2 экскаваторын эвдэрсэн байдалтай зургийг авчирсан ба нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр аваагүй ба гэрч Г-аар тус гэрэл зургийг таниулж болох байсан гэж үзэж байна /

“ӨОМ” ХХК нь гэрээний дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмж, хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар дүгнэлт акт үйлдээгүй. Энэ нь өнөөдөр шүүхэд маргах шалтгаан болж байгаа гэж үзэж байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч талд хангалттай нотлох баримт байхгүй ба хариуцагч талаас гаргасан гэрээнд заасан үнийн дүнгээс 88 891 000 төгрөг төлсөн баримтыг үндэслэн шүүх хасч тооцсон. Гэсэн хэдий ч гэрээнд заасан “Хавсралт-1”-д нийлүүлэх тоног төхөөрөмж болон суурилуулалтын ажлын хөлсийг тооцсон зүйл байдаггүй, гэтэл ямар үндэслэлээр 40 817 900 төгрөгийг хариуцагчаас төлүүлэхээр заасан эсэх тодорхойгүй ба баримт байхгүй байхад шүүх хариуцагчаас гаргуулж, мөн нэмж худалдаж авсан сэлбэгний үнэ 33 574 600 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй зарлагын баримтын үндэслэн хариуцагчаас гаргуулахаар тус тус үндэслэх хэсэгт заасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

            Нэхэмжлэгч “ӨОМ” ХХК нь хариуцагч “МЛ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 93 593 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 18/36 дугаартай тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.2-т гэрээний зүйл нь дараах тоног төхөөрөмж, түүний иж бүрдэл байна. Тоног төхөөрөмжийн модель, ерөнхий үзүүлэлтийг хавсралтад тусгасан болно. Нэгж үнэ 116 738 010 төгрөг, НӨАТ 12 970 890 төгрөг, нийт үнэ 129 708 900 төгрөг, 1.6-д худалдагч тал нь Hyundai 450 1c-7 /NB01100974 сериалтай/, Hyundai 500 1c-7а маркийн экскаваторын засварт авсан сэлбэг тоног төхөөрөмжийн үнийг гэрээ байгуулснаас хойш ажлын 30 хоногийн дотор төлбөрөө УБ хот дахь “ӨОМ” ХХК-ийн талбайд худалдан авагч, түүний төлөөлөгчид хүлээлгэж өгнө, 3.1-т Тоног төхөөрөмжийн нийт үнэ нь 129 708 900 төгрөгийн төлбөр болон хүү төлөх хуваарийг гэрээний хавсралт №1-ээр тохиролцжээ.

 

Зохигчид тухайн гэрээндээ хавсралт 1 гэж бичсэн боловч ийм хавсралт байхгүй, хийгдэж албан ёсоор баталгаажаагүй 129 708 900 төгрөг болохыг үнийн дүнг тайлбарласан, хариуцагч үгүйсгээгүй.

 

Гэрч Б.Б, А.Г нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч талаас гэрээний дагуу Hyundai 450 1c-7 /NB01100974 сериалтай/, Hyundai 500 1c-7а маркийн экскаваторын засварт тохирсон сэлбэг тоног төхөөрөмжийг хариуцагч талд шилжүүлэн өгсөн, мөн 3 экскаваторыг засварлах үйл ажиллагааг хийсэн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтын тухайд маргаагүй, харин нийлүүлсэн сэлбэг хэрэгслийн тоо хэмжээ, үйлчилгээний чанарын талаар маргаж байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох экскаваторын тоног төхөөрөмжийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлснээ нотолсон тохиолдолд хариуцагч худалдаж авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй.

 

Талууд гэрээ байгуулахдаа 129 708 900 төгрөгт тоног төхөөрөмжийг хүлээн авснаа үндэслэн гэрээ байгуулсан ба худалдагч тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн тул худалдан авагчаас үнийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч “МЛ” ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч “ӨОМ” ХХК-ийн Төрийн банкин дахь 343100146628 дансанд 50 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банкны 343100146628 дансанд 6 981 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 18 910 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн банкны 343100146628 дансанд 13 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, нийт 88 981 000 төгрөгийг хариуцагч хүлээн авснаа зөвшөөрчээ. /хх47, 48/

 

Иймд гэрээгээр хүлээсэн 129 708 900 төгрөгийг төлөх үүргээс 88 891 000 төгрөгийн үүргийг биелүүлсэн нь тогтоогдсон тул төлөгдөөгүй үлдсэн 40 817 900 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй, шүүх гэрээний үүргийн биелэгдээгүй хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

 

            Дээрх гэрээнээс гадна хариуцагч “МЛ” ХХК-д нэхэмжлэгчээс тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг тухай бүр захиалсных нь дагуу нийлүүлсэн гэх тайлбар нь баримтаар нотлогдсон талаарх шүүхийн дүгнэлт зөв, нэмж худалдаж авсан сэлбэгийн үнэ 30 148 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Харин, хэргийн 20, 25-31 дэх талуудад авагдсан зарлагын баримтад бичигдсэн сэлбэгийг хүлээж авсан нь тодорхойгүй, гарын үсэг зурагдаагүй, үнийн дүн засварлагдсан, зарим баримтад огноо тавигдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

            Хариуцагч нь “...нэхэмжлэгч компанийг чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмж нийлүүлээгүйгээс болж экскаватор эвдэрч манай үйл ажиллагаа доголдсон” гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Мөн чанарын шаардлага хангаагүй тоног төхөөрөмжийг нийлүүлсэн гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд “ӨОМ” ХХК-д энэ талаар мэдэгдэх, доголдлыг арилгуулах талаар ямар нэгэн шаардлагыг гаргахгүй журамтай. Ийм шаардлага гаргаснаа хариуцагч баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч “МЛ” ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 40 736 900 төгрөг, нэмж худалдаж авсан сэлбэгийн үнэ 30 148 000 төгрөг, нийт 70 984 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ӨОМ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 22 608 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00230 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512 875 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ТУЯА

 

                                           ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ