Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2024/03448

 

 

 

 

 

 

 

2024 08 20

182/ШШ2024/03448

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох

тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Хан талстын 12-6 тоотод оршин суух, Тангууд овогт Төмөрбаатарын Дорждэрэм /РД:УУ63082212/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1, өөрийн байранд байрлах Төрийн банк ХК /РД:5341469/холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилтийг хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч ******* миний бие 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/19 тушаалаар Төрийн банкны дэд захирлаар томилогдож, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дэд захирал, орлон захирлаар тус тус ажиллаж байсан. Намайг ажлаас чөлөөлсөн шийдвэргүй. Төрийн банк ХК нь миний 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүй намайг хохироосон бөгөөд энэ талаар удаа дараа хүсэлт гаргахад тухайн үед ажиллаж байсан удирдлага солигдсон бид шийдвэрлэх боломжгүй тул асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлэхийг зөвлөсөн. Иймд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны 04 сарын 11-ний өдрийн 07 тоот тогтоол 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс ХХДХ-г 192,000 болгох тухай, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2016 оны 04 сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоол 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ХХДХ-г 240,000 болгох тухай, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 сарын 19-ний өдрийн 05 тоот тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс ХХДХ-г 320,000 болгох тухай тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 251 дүгээр Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай тогтоолын 2-т хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газар, хөдөмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтооно гэж заасны дагуу нэхэмжлэгч *******ийн Төрийн банк ХК-д ажиллаж байсан хугацааны буюу 2016.09 сараас 2016.12.31-ний өдөр хүртэлх хугацаанд 1,920,000 төгрөгөөр, 2017.01.01-ний өдрөөс 2018.12.31-ний өдөр хүртэл хугацаанд 2,400,000 төгрөгөөр, 2019.01.01-ний өдрөөс 2019.10.01-ний өдөр хүртэл хугацаанд 3,200,000 төгрөгөөр тооцож нийгмийн даатгалын нөхөн бичилт хийж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Төрийн Банк ХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Төрийн банк ХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: *******ийн нэхэмжлэлтэй Төрийн банк ХК-д холбогдох Ажиллаж байсан хугацааны буюу 2016.10.01-ний өдрөөс 2019.10.01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэж, нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг Төрийн банк ХК-д даалгуулах нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд хүлээн зөвшөөрч байна. Иймд хэрэг маргааныг ИХШХШТ-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Төрийн банк ХК-д холбогдуулж Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилтийг хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Төрийн банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Төрийн банк ХК-д холбогдуулан Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилтийг хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч Төрийн банк ХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 35,100 төгрөгийг, хариуцагч Төрийн банк ХК-иас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.АЗЗАЯА