Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/059

 

             *******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэлийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 1814001810140 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* ******* овогт ******* *******, ..... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2016 оны 8 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2017 оны 1 дүгээр сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 2 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар /*******/

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг Есөн-Эрдэнэ зах дотор үйл ажиллагаа явуулдаг алт мөнгөний дарханы газарт 2018 оны 3 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 980.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан,

Мөн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-8-4 тоотод байх *******гийн эзэмшлийн хүн амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т гурван / 03 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******т хоёр / 02 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон нэг / 01 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: ******* миний бие нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Би гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Миний зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж гомдол гаргаж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг Есөн-Эрдэнэ зах дотор үйл ажиллагаа явуулдаг алт мөнгөний дарханы газарт 2018 оны 3 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 980.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан,

мөн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-8-4 тоотод байх *******гийн эзэмшлийн хүн амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд тус тус болжээ.

Дээрх үйл баримт нь Баянхонгор аймгийн прокурорын газраас *******т холбогдуулан үүсгэсэн эрүүгийн 1814001810140 дугаар хэрэгт авагдсан хохирогч Э.Энхбат, *******, гэрч Ж.Баатарсүрэн, Х.Тунгалаг, Л.Очирваань, Н.Түмэнхүү нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 3 дугаар сарын 27, 28-ны өдрийн дүгнэлтүүд, Энх-нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаар дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, ******* нь өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдалд болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч *******ын түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

******* нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 60 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.                                                                      

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.МӨНХДАВАА

         ШҮҮГЧИД                                                       Н.ЭНХМАА

 Г.УЛАМБАЯР