Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2016/0498

 

2016 оны 7 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2016/0498

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл би Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

...1. Төрийн өмчийн хороо /хуучнаар/-ны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө актлах зөвшөөрөл олгох тухай 715 дугаар тогтоолын 2 дах хэсгийн Г-д Хаан банкны өмчлөлийн барилга нурааснаас шүүхийн барилгад үүссэн хохирлыг барагдуулах, байгууллагын хэвийн ажиллагааг хангах талаар Хаан банктай гэрээгээр тохиролцох гэж заасны дагуу Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын барилгын хүзүүвч хэсгээс 5.4 метр хэсгийг буулгаж, хүзүүвчийн үлдсэн хэсэгт урагш сунган 2 давхар 40,81 мкв өргөтгөлийн барилга барихаар Хаан банк ХХК-тай гэрээгээр харилцан тохиролцсон.

2. Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Хаан банк нар 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 673 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын барилгын хүзүүвч хэсгээс 5,4 метр хэсгийг буулгаж, хүзүүвчийн үлдсэн хэсэгт урагш сунган 2 давхар 40,81 мкв өргөтгөлийн барилга барих ажилд шаардагдах барилга буулгах, өргөтгөл барих, дотор заслын ажил, дулаан, цахилгаан хангамж, зураг төсөл боловсруулах, шаардлагатай техник хэрэгсэл нүүлгэн шилжүүлэх зэрэг бүхий л зардлыг Хаан банк ХХК бүрэн хариуцаж түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

3. Иймд талууд харилцан буулт хийж, тохиролцон нэхэмжлэгч тал Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө актлах зөвшөөрөл олгох тухай 715 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж маргааныг дуусгавар болгож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулаад, шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ... хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх, эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн байна.

Түүнчлэн гуравдагч этгээд Хаан банк ХХК болон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын хооронд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 673 дугаар Хамтран ажиллах гэрээ байгуулагджээ. Уг гэрээгээр Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 715 дугаар тогтоолд заасны дагуу Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн барилгын хүзүүвч хэсгийн 5,4 метр хэсгийг буулгах, хүзүүвчийн үлдэх хэсэгт өргөтгөлийн барилга барих талаарх асуудлыг харилцан тохиролцсон байх тул эвлэрлийн гэрээ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Амгалан нь хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оргилсайхантай харилцан тохиролцсоноо баталгаажуулж 2016 оны 06 дугаар сарын 22-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд гуравдагч этгээд Хаан банк ХХК болон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх тул бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч Шүүхийн ерөнхий зөвлөл, хариуцагч Сангийн яам нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг баримтлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө актлах зөвшөөрөл олгох тухай 715 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Шүүхийн ерөнхий зөвлөл, хариуцагч Сангийн яам нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ