Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 317

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0310/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б,
Улсын яллагч Д,
Хохирогч М,
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х-ын  Б-т холбогдох эрүүгийн 1718002420115 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, Б овогт Х –ын***, **** төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч Б нь 2017 оны 09 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан сумын тоот М-ын гэрт архидан согтуурсан үедээ М-тай маргалдаж, улмаар М-ын зүүн дал, баруун гарын бугалга хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б нь 2017 оны 09 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан сумын 13 дугаар баг, **** тоот М-ын гэрт архидан согтуурсан үедээ М-тай маргалдаж, улмаар М-ын зүүн дал, баруун гарын бугалга хэсэгт хутгалж биед нь баруун гарын булгалга, нуруун дээр нь шарх бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Шүүгдэгч Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Архи ууж байхдаа М  бид 2 хоорондоо маргалдсан юм. Юунаас болж маргалдсанаа би сайн санахгүй байна. Тэгсэн нэг мэдсэн би ширээн дээр байсан хоол хийж байсан жижиг хутгыг аваад М тай ноцолдож байхдаа далан тус газар нь хутгаар хатгачихсан байна лээ. Тэгээд би утсаараа цагдаа руу залгаж “би найзтайгаа маргалдаж байгаад хутгалчихлаа” гэж дуудлага өгсөн юм... Хийсэн хэрэгтэй гэмшиж, харамсаж байна гэх мэдүүлэг,

Хохирогч М-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 30-ны орой намайг гэртээ байж байхад миний таньдаг Б гэдэг залуу над руу утасдаж танайд очиж хонож болох уу гэж асуусан. Би тэгэхээр нь хүрээд ирээ гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь Б над руу утасдаад байхаар нь би найз Очбадрахын машинтай нь цуг Б 17 дугаар сургуулийн урдаас очиж авсан юм. Очбадрах бид хоёрыг манай гэрт оруулж өгчихөөд яваад өгсөн. Б надтай уулзахдаа нилээн согтуу байсан. Би ч бас уучихсан байсан юм. Б манай байрны тэнд байдаг дэлгүүрээс 0,33 литрийн Хараа гэдэг архи авсан. Тэр архийг бид хоёр манайд орж хувааж уусан. Бид хоёрыг уугаад сууж байхад миний таньдаг дүү болох Баярсайхан орж ирсэн. Б бид 2 юунаас болж маргалдсаныг би сайн санахгүй байна. Нэг мэдсэн Б манай гэрийн шургуулганд байсан хутгыг аваад гартаа бариад над руу агсраад байсан. Би боль л доо гээд хутгатай гараас нь бариж аваад зууралдсан. Тэр үед Б миний ар нуруу болон баруун гарын булчинд хутгаар хатгасан байна лээ. Манайд байсан Баярсайхан эмнэлэг дуудсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг,

Гэрч Б-ны мөрдөн байцаалтад өгсөн: ...М  нэг үл таних залуугийн хамтаар хоёулаа согтуу байдалтай байсан. М  жижиг шүүгээ налаад суучихсан хоорондоо маргалдаад байсан. М  урагш тонгойход ар нуруу нь цус болсон байхаар нь юу болсон юм бэ гэтэл тус үл таних залуу над руу агсраад чи хэн бэ, яах гэж байна гэхээр нь би эмнэлэг дуудъя гээд М ын утаснаас 103 дуудсан. Тэгтэл нөгөө залуу орилж байснаа өөрөө цагдаа дуудсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11, 13/, яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 16-17/,

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Шархнаас цус гарна, зүүн далны дотор хэсэгт 1.3см, баруун бугалга хатгагдсан 0.8см орчим шархтай” гэх тодорхойлолт /хх-ийн 25/,

 Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 981 дугаартай “М-ын биед баруун гарын булгалга, нуруун дээрх шархнууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-27/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон хөндлөн судалтай цэнхэр эрээн өнгийн ханцуйгүй цамцанд зүүн суганы доод ирмэг оёдлоос баруун тийш 23см, хүзүүний ар талын оёдлоос доош 22.5см зайд 12мм хэмжээтэй зүсэгдэлт үүссэн байна. Уг зүсэгдэлт нь иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ зүсэгдэлт байна. Үүссэн гэмтлийг ямар хугацаанд үүссэн болохыг тогтоох боломжгүй. Үүссэн зүсэгдэлт нь хэргийн газрын үзлэгээр хураан авсан шаргал өнгийн хутгаар үүсгэгдсэн байх боломжтой.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32/ зэрэг болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлоглож байна.

Иймд шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна. 
Иймд улсын яллагчийг санал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн футболж, шар иштэй хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн футболж, шар иштэй хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           И