Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2024/00933

 

 

 

 

 

 

 

2024       06          18                                             142/ШШ2024/00933 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -т холбогдох,

 

            Нөхөн татвар, торгууль, алданги 35 590 556 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э

Хариуцагч Н.О

Хариуцагчийн өмгөөлөгч М.Б

Гэрч Х.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.О нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ХХК-д ХХК-ийн 100%-ийн хувьцаагаа худалдаж, мөн хувьцаатай тэнцэх компанийн эрхээ шилжүүлсэн байдаг. Н.О нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдахаас өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр компанийнхаа 217 616 000 төгрөгийн үнэ бүхий эм бараагаа өөртөө шилжүүлэх шийдвэр гаргаж хувьдаа авсан боловч энэ эм барааныхаа борлуулалтыг 2020 оны жилийн эцсийн тайландаа борлуулалтаар тайлагнаагүй, тайлангаа ч компанийн эрх шилжүүлэн авагч талд хүлээлгэн өгөөгүй. Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ХХКомпани дээр Орхон аймгийн Татварын хэлтсээс шалгалт орж /Н.Оийн өөртөө шилжүүлж авсан 217 616 000 төгрөгийн эм барааны үлдэгдлийг борлуулалтаар тооцолгүй өрийг хаасан байна гээд Татварын Ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2 дахь заалтыг үндэслэн 21 762 600 төгрөгийн нөхөн татвар, 8 705 040 төгрөгийг торгууль, 5 122 916.04 төгрөгийн алданги, нийт 35 590 556,04 төгрөгийн төлбөрийг ХХК-иас гаргуулахаар Орхон аймгийн Татварын хэлтсээс 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №НА-20230000046 дугаартай акт тавигдсан. Тиймээс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан Н.О нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт заасныг болон 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан Эрх шилжүүлэгч нь /Н.О/ хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнөх цаг хугацаанд үүссэн компанийн үйл ажиллагаатай холбоотой хариуцлагыг /бусад этгээдтэй хийсэн гэрээний үүрэгтэй холбоотой хариуцлага, татварын өр, төлбөр г.м/ бүрэн хариуцна гэж заасныг тус тус үндэслэн өөртөө шилжүүлж авсан 217 616 000 төгрөгийн эм барааны борлуулалтад ногдох нөхөн төлбөр 21 762 600 төгрөгийн нөхөн татвар, 8 705 040 төгрөгийн торгууль, 5 122 916.04 төгрөгийн алданги, нийт 35 590 556,04 төгрөгийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж “ХХК-ийн нэр дээр тавигдсан татварын нөхөн татвар, торгууль, алданги болох 35 590 556,04 төгрөгийг Н.О-ээс гаргуулж, татварт төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Нэхэмжлэгч ХХК-иас хариуцагч Н.О-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би дараах байдлаар тодруулж байна. Хариуцагч Н.О нь ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байхдаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр компанийнхаа 217 616 000 /хоёр зуун арван долоон сая зургаан зуун арван зургаан мянган/ төгрөгийн эм барааг өөртөө шилжүүлж авчихаад үүнд ногдох НӨАТ-ыг 2020 оны жилийн эцсийн тайландаа борлуулалтаар тайлагнаагүйн улмаас Орхон аймгийн Татварын хэлтэс 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр НА-20230000046 дугаартай актаар ХХКомпани дээр нийт 35 590 556 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги тавьсан. Иймд хариуцагч Н.О-ээс ХХ Компани дээр тавигдсан 35 590 556 556 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү..” гэжээ.

2. Хариуцагч Н.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Би өөрийнхөө ХХК-ийг 2021 оны 01 стрын 18-ны өдөр ХХК-д эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж өгсөн. Тухайн үед би 217,616,000 төгрөгний үнэ бүхий эм, эмийн барааг өөрөө зарж борлуулахаар хүлээн авсан бөгөөд ХХК-д энэ барааны НӨАТ-ыг над руу биччих би татвараа төлөөд тайландаа тусгаад тооцоог нь хийж дуусгана гэдгээ хэлсэн. Гэтэл ХХК нь надад ямар нэгэн НӨАТ явуулаагүй бөгөөд би НӨАТ байхгүй байсан учраас 217 616 000 төгрөгний барааг тайланд тусгаж чадаагүй юм. Тухайн үед надад компаний тамга тэмдэг байхгүй эрхийг нь шилжүүлсэн байсан учир би өөрөө тайлан гаргах боломжгүй байсан. Хэрэв ХХК надад НӨАТ бичээд явуулсан бол би тэр жилийнхээ тайланг татварын албанд тайлагнах байсан тул энэ татварын хүү алдангийг ХХК хариуцах ёстой гэж үзэж байна. Харин би 217 616 000 төгрөгnay бараагаа шинэ компаний нэрээр өөрөө худалдаад тайлангаа гаргаад явуулсан тул татварын албанд энэ талаарх баримтаа гаргаж өгөөд 21 762 600 төгрөгийн нөхөн татвараа хаалгах боломжтой гэж үзэж байна. ХХК-д татварын албанаас ногдуулсан 8 705 040 төгрөгийн торгууль, 5 122 916 төгрөгийн алдангийг өөрсдөө төлөх үүрэгтэй, учир нь ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу надад НӨАТ бичиж явуулаад би худалдсан барааныхаа НӨАТ-ыг шивж оруулснаар ийм хэмжээний торгууль алданги үүсэхгүй байх байсан гэж үзэж байна. Би 217 616 000 төгрөгний барааг шинэ компаний нэр дээр шивчихсэн тул татвараас зайлсхийсэн гэж үзэх боломжгүй юм, хэрэв ХХК /одоо ХХК/ НӨАТ-ын баримтаа явуулсан бол татварын алба давхар торгууль алданги тооцож нөхөн ногдуулалтын акт гаргахгүй байсан. Мөн би 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу компаний 6000 ширхэг энгийн хувьцааг ХХК-д 80 000 000 төгрөгөөр худалдаалсан. Би тус компаниас 19 000 000 төгрөгийн НӨАТ-тай бараа авсан үлдэгдэл 61 000 000 төгрөгийн бараанд би НӨАТ тооцохоор 6 100 000 төгрөг авах ёстой. Иймд ХХК-ийн буруутай үйлдэл байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Х-ээс Н.О-т олгосон 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаартай 2 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл /хх-4/, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хх-5-6/, ХХК-ийн компанийн дүрэм /хх 7-9/, ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-10/, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга хүлээлцсэн актын хуулбар /хх-11/, Орхон аймгийн Татварын хэлстийн 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн НА-20230000046 дугаартай нөхөн ногдуулалтын актын хуулбар /хх-12-21/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-22/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагч Н.О-ээс: ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-34/, ХХК-ийн 2020 оны 4 дүгээр улирал, 12 дугаар сарын орлогын албан татварын тайлан /хх 35-42/, ХХК-ийн 2020 оны жилийн санхүүгийн тайлан /хх 43-54/, ХХК-ийн компанийн дүрэм /хх 55-56/, Н.О Ж.А нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээний хуулбар /хх 87-88/, ХХК-ийн 2021 оны жилийн санхүүгийн тайлан /хх-89-92 зэрэг баримтыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК-ийн Н.О-ээс “Нөхөн татвар, торгууль, алданги 35 590 556 төгрөг” гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Н.О-ээс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ХХК-ийн 100%-ийн хувьцааг худалдаж авсан бөгөөд хувьцаагаа худалдахаас өмнө 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр компанийнхаа 217 616 000 төгрөгийн үнэ бүхий эм бараагаа өөртөө шилжүүлэх шийдвэр гаргаж хувьдаа авсан боловч энэ эм барааныхаа борлуулалтыг 2020 оны жилийн эцсийн тайландаа  тайлагнаагүй, тайлангаа ч компанийн эрх шилжүүлэн авагч талд хүлээлгэн өгөөгүй. Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ХХК-ийн дээр Орхон аймгийн Татварын хэлтсээс шалгалт орж /Н.О-ийн өөртөө шилжүүлж авсан/ 217 616 000 төгрөгийн эм барааны үлдэгдлийг борлуулалтаар тооцолгүй өрийг хаасан гэж 21 762 600 төгрөгийн нөхөн татвар, 8 705 040 төгрөгийг торгууль, 5 122 916.04 төгрөгийн алданги, нийт 35 590 556,04 төгрөгийн акт тавигдсан тул гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ, тухайн үед би 217 616 000 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн барааг өөрөө зарж борлуулахаар хүлээн авсан бөгөөд ХХК-д энэ барааны НӨАТ-ыг над руу биччих би татвараа төлөөд тайландаа тусгаад тооцоог нь хийж дуусгана гэдгээ хэлсэн. Гэтэл ХХК нь надад ямар нэгэн НӨАТ явуулаагүй бөгөөд би НӨАТ байхгүй байсан учраас 217 616 000 төгрөгийн барааг тайланд тусгаж чадаагүй юм. Тухайн үед надад компанийн тамга тэмдэг байхгүй эрхийг нь шилжүүлсэн байсан учир би өөрөө тайлан гаргах боломжгүй байсан. Хэрэв ХХК надад НӨАТ бичээд явуулсан бол би тэр жилийнхээ тайланг татварын албанд тайлагнах байсан тул энэ татварын хүү алдангийг ХХК хариуцах ёстой гэж үзэж байна. Харин би 217 616 000 төгрөгийн бараагаа шинэ компаний нэрээр өөрөө худалдаад тайлангаа гаргаад явуулсан тул татварын албанд энэ талаарх баримтаа гаргаж өгөөд 21 762 600 төгрөгийн нөхөн татвараа хаалгах боломжтой гэж үзэж байна... гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.   

Нэхэмжлэгч ХХК-ийн эрх шилжүүлэн авагч ХХК, хариуцагч Н.О нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ХХК-ийн 100%-ийн хувьцааг худалдан авч, хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр компанийнхаа 217 616 000 төгрөгийн үнэ бүхий эм барааг өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар мараагүй.

Хариуцагч Н.О, ХХК-ийнхаа 100 хувийн хувьцааг худалдахдаа үлдэгдэл эм бараа бүтээгдэхүүнээ өөртөө шилжүүлэн авсан боловч 2020 оны жилийн эцсийн тайландаа борлуулалтаар тайлагнаагүйн улмаас Орхон аймгийн Татварын хэлтсээс 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хяналт шалгалт хийн ХХК-с 21 762 600 төгрөгийн нөхөн татвар, 8 705 040 төгрөгийг торгууль, 5 122 916.04 төгрөгийн алданги, нийт 35 590 556,04 төгрөгийн нөхөн татвар ногдуулалтын акт тавигдсан байна. 

Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 28.2.-т Татвар төлөгч ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ, мөн хуулийн 29.1.-д Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана гэж,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гэж тус тус заасан.

Хариуцагч нь ХХК-ийн хувьцааг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн байх ба үүнээс өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Н.О, үлдэгдэл эм бараа бүтээгдэхүүнээ /217 616 000 төгрөгийн/ өөртөө шилжүүлэн авснаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д заасан үүрэг үүссэн бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид нөхөн татвар, алданги, торгууль ногдуулжээ.  

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ХХК-ийн гэрчилгээ болон тамга хүлээлцсэн актын Жич хэсэгт: Н.О нь ХХК-ийн 2021 оноос өмнөх онуудын тайлан, бланс, кассын дэвтэр зэрэг бичгийн баримтуудыг хүлээлгэн өгөөгүй болно. Харин ХХК-ийн татварын тайлангийн нууц кодыг 2020 оны тайлангаа гаргаж, илгээсний дараа өгөхөөр тохиролцов гэсэн байх ба 2020 оны тайлангаа Н.О гаргахаар тохирсон, санхүүгийн баримтуудаа хүлээлгэн өгөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561 808,34 төгрөгийг төрийн  санд хэвээр үлдээж, хариуцагчаас 561 808,34 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1., 84.1.2, 73 дугаар зүйлийн 73.2.1.-д заасныг баримтлан хариуцагч Н.О-ээс 21 762 600 төгрөгийн нөхөн татвар, 8 705 040 төгрөгийг торгууль, 5 122 916.04 төгрөгийн алданги, 35,590,556 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561 808,34 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.О-ээс улсын тэмдэгтийн хураамжаар 561 808,34  төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА