Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/060

 

            *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч *******,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******, ******* /онлайн/, ******* /онлайн/

Шүүгдэгч *******, *******

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч *******гийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар эсэргүүцэл болон хохирогч *******, шүүгдэгч *******, *******, өмгөөлөгч *******, *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1714000000186 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт гийн , ........ оршин суух, Монгол улсын онц тээвэрчин цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан, урьд 2001 оны 12 сарын 25-нд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 80.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар //

Монгол Улсын иргэн, овогт гийн , .......... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах ................ тоотод *******той бүлэглэн ыг зодож, хүнийг алах гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах .............. тоотод *******тай бүлэглэн ыг зодож, хүнийг алах гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.5 болгон, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж, Шүүгдэгч ******* овогт Хянхярваагийн г хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан, шүүгдэгч овогт гийн г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч гийн д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.5-д тус тус зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч гийн д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д тус тус зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус хаалттай хорих

байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2017 оны 12 сарын 13-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 217 хоног цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, Шүүгдэгч *******, ******* нарын эдлэх ялыг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан эрээн өнгийн куртик, хар хөх өнгийн ноосон цамц, ягаан өнгийн дотоож, нойлын цаас, хөрс шороотой холилдсон мэт зүйл, хатсан цус, хар өнгийн хагас түрийтэй хос гутал, дугуй тавцантай 3 хөлтэй сандал зэргийг тус тус устгаж, бичлэг хуулбарласан DVD-R хатуу диск 5 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, LG-F 430L маркийн утсыг хохирогч *******д олгож, Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн УАЗ-2206 маркийн 58-58 БНА улсын дугаартай автомашин, шүүгдэгч *******гийн эзэмшлийн Тoyoto prius 20 маркийн 47-58 УНТ улсын дугаартай автомашин зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Хохирогч ын өмгөөлөгч авсны зардалд нэхэмжилсэн 1.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч ******* 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар эсэргүүцэлдээ: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Шүүх ялтан *******, ******* нарын бүлэглэн хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт хууль ёсны цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирлын улмаас хохирогч эмнэлгийн тусламж хангалттай авсан боловч тухайн гэмтлийг даалгүй нас барах нь эмчлэгдэж амь нас нь аврагдах боломжтой байсан хүнд хохирлыг аливаа хэлбэрээр эмчлүүлэлгүй удаах эсхүл өөр шалтгаанаар хохирлыг даамжруулсны улмаас нас барахаас ялгаатай гэж үзэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар “... гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно...” гэж журамласан бөгөөд амь хохирогчийн эрүүл мэндэд их тархины баруун тал бөмбөлөгийн дух зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа..” гэх гэмтлийн улмаас амь нас нь хохирсон бөгөөд амь тэнссэн байдал нь шинжлүүлэгчийн биед учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой эмнэл зүйн шинж, шинжилгээгээр нотлогдсон байх ба эмнэлгийн яаралтай тусламж зайлшгүй шаардагдсан байхыг ойлгох юм.

*******, ******* нарын хувьд талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг тухайн үед үзүүлээгүй, хожимдож эмнэлэгт хүргэгдсэн байхад эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн ч амь насыг нь аварч чадаагүй, амь тэнссэн байдалд хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хавтаст хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтуудаар *******, ******* нар нь амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг хожимдож үзүүлсэн буюу эмчлүүлэлгүй удаасан нь *******, ******* нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Мөн амь хохирогч нь тухайн зодуулсан үедээ өөрийн гар утсандаа хэнд зодуулсан талаараа тодорхой ярьсан ярианы бичлэгийг мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасны дагуу хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хураан авсан байхад тухайн нотлох баримтад ач холбогдол өгөлгүй үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн байна.

Мөн *******гийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар, *******гийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.5 дахь хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэхээр байсан.

Иймд *******, ******* нарт холбогдох Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулхаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн зсэргүүцэл бичив гэжээ.

Хохирогч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч *******, ******* нарт холбогдсон хэргийн тогтоолыг хүлээн авлаа. Би энэ тогтоолыг энэ хоёр хүнд маш хүнд тогтоогдлоо гэж үзэж байна. Учир нь энэ үйл явдал миний нөхрөөс шууд хамааралтай нөхөр маань архи уухаараа агсан хүн л дээ, ******* өөрийнх нь хүндэлж байсан хүн багалзуурдаад алах шахсан болохоор залуу хүн уур нь хүрсэндээ цохьсон байх, түүнээс биш ******* тийм амархан уурладаг хүн бишээ. Аливаа юманд буурь суурьтай ханддаг байсан. ******* ах болохоор ийм хэрэг болно чинээ бодоогүй, эр хүмүүс сайхан зодолдоод учраа олоод ороод ирэх байх л гэж бодсон болов уу гэж бодож байна. Иймд энэ хэргийн ялыг хөнгөлж өгөөч гэж гуйя. Эдгээр хүмүүс нь урьд нь миний амьдралд маш их тус болж байсан. Одоо надад амьдрахад үнэхээр хэцүү байна. Ханийн хагацал үзэж зовохын хажуугаар хайртай хүмүүс минь хань ижилгүй, дүү нар маань миний хүүхдүүдийн нэгэн адил хохирогч болоод байгаа тул эдгээр хүүхдүүдийн хувь заяа, ирээдүйг бодон *******, ******* нарын ялыг хөнгөлж өгнө үү. Энэ 2 хүн хурдан гараад ирвэл надад болон миний хүүхдүүд, миний хадмуудад маш их тус болох хүмүүс юм шүү. Дашрамд хэлэхэд нь үнэнийг шаардаж байна гэсэн болохоор өөрөөсөө ч бас үнэнийг эхлэх байх гэж бодож байна. ******* ахын ах дүү нар 2.000.000 төгрөг, *******гийн гэр бүл 1.500.000 төгрөг, *******гийн гэр 3.400.000 төгрөг, *******гийн ах дүү нар 200.000 төгрөг надад өгсөн. Үүнээс би 920.000 төгрөгөөр хайрцаг, 450.000 төгрөгөөр хөшөө, 618.000 төгрөгөөр хүүхдийн гарын зэд, 60.500 төгрөг шүүх шинжилгээний мөнгө зэргийг би өөрөө өгсөн. Үүнээс гадна дүү Д.Нармандах бас Н.Оюунгэрэл, нарыг зочид буудалд байхад 100.000 төгрөг өгсөн ба шүүхийн нэхэмжлэлд Д.Нармандах 3.000.000, *******гийн дүү нар нь 4.900.000 төгрөг авсан болохоор эдгээр мөнгө нь давхардсан байгаа учир буцааж өгөх ёстой гэж би үзэж байна. нь үнэхээр хохирогч юм бол өөрийн хайртай дүүгийнхээ хань ижил, үр хүүхдийг нь бодож бас болох л байсан. Гэтэл тийм биш зөвхөн санхүүгийн сонирхолтой байсан юм болов уу гэж би хувьдаа бодож байна. Үнэхээр хохирогч байсан бол би ураг төрлийн ариун нандин холбоогоор холбогдсон улсууд шүү дээ. Гомдолтой гэж хэлсэн, хамгийн сүүлд л за, *******, ******* та 2 шүүхийн өмнө миний дүү, үр хүүхдийг насан туршид нь харж хандаж яваарай гээд л гомдолгүй гэж хэлж болоогүй юм болов уу. Би хувьдаа хадмуудад болон хүүхдүүд нь маш их тус болж байсан болохоос биш ус болж байсан удаагүй учир маш их гайхаж байна. Энд бас энэ хүний мөс, хүн чанар харагдаж байгаа биз дээ. Ингээд бодохоор үндсэн хохирогчоос нь хасмаар байна. нь шүүх хурал болсноос хойш буюу урьд нь ч миний амьдралд туслаж байгаагүй шигээ одоо ч мөн адил адаглаад үр хүүхдүүд нь сайн уу гэж асуугаагүй л байна шүү дээ. Эсрэгээр би энэ хүнд маш их тус болж байсан шүү дээ. Ингээд л зовж байхад хаяад л явах хүмүүс учир энэ 2 хүн л хурдан гарч ирвэл миний амьдрал болон үр хүүхдүүд маань үүний мөн адил эрвээхэй шиг дэрвэлзэж яваа дүү нарт маань маш их өмөг түшиг, дэм тус болох хүмүүс юм. Иймд *******, ******* нарын хэргийг хөнгөлж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие ******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/179 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би одоо 54 настай. Миний бие даралт ихсэж, их хүнд байна. Хэрэг болох өдөр би 2 хүргэн дүүтэйгээ яах гэж хамт архи уув, яах гэж тэр хоёрыг хоорондоо маргалдахад нь салгахгүй зүгээр өнгөрөөв гэж одоог хүртэл өөртөө харамсаж гашуудаж байна. Би уг нь талийгаач руу сандал шидээгүй, талийгаачийг гадаа гарч өшиглөөгүй. Анхан шатны шүүх хуралд ******* болсон зүйлийн талаар яг үнэн зөвөөр нь хэлж байсан. Би ч гэсэн үнэн зөвөөр нь анхнаасаа бүгдийг хэлсэн. Би энэ хэрэгт холбогдсондоо үнэхээр их гэмшиж байна. Манай ар гэрт эхнэр, 2 охин минь миний тус дэмжлэг, асрамжинд одоог хүртэл байдаг. Та бүхэн миний насны байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан надад оногдуулсан хорих ялыг аль болох хөнгөлж өгнө үү. Миний бие маш их гэмшиж байна гэжээ.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие ******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолд энэхүү гомдлыг гаргаж байна. Миний бие регистрийн дугаартай, *******, ам бүл 5, эхнэр, 3 охины /2, 5, 10/ хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороолол, 3 хороо, 3-23 тоотод амьдардаг. Би Баянхонгор аймагт монгол гэрийн эд, эдлэл, ахуйн хэрэглэл зарж гэр бүлээ тэжээдэг байсан. хэрэг гарсан орой талийгаачтай бага зэрэг маргалдаж, талийгаач намайг боож авахад нь амьсгалж чадахгүй болсны улмаас гарыг нь тавиулах гэж 1 удаа, гадаа цохих гээд дайрахад нь 1 удаа тус тус цохиж авсан нь үнэн. Би талийгаач ахтай ах дүүсийн сайхан харилцаатай байсан бөгөөд тухайн үед архи ууж маргалдсанаас л ийм муухай үйл явдал болж, бидэнд болон хохирогч нарт нөхөж баршгүй гарз тохиолдлоо. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшин өдөр хоногийг өнгөрөөж сууна. Би талийгаачийг цохихдоо ингээд нас барчихна чинээ огтхон ч бодсонгүй. Би ахыг алах нь битгий хэл хүндэлж хайрлаж түүний үгэнд орж сайн сайхан ах дүүсийн харилцаатай байхыг хичээдэг байсан. Талийгаач ах нь тарианаас маш их айдаг байсан бөгөөд эмнэлэгт хүргэх гэхэд эсэргүүцэж татгалзсан. Би түүний үгэнд орохгүйгээр тухайн үед шууд л эмнэлэгт хүргэдэг байжээ. Хэрэв эмнэлэгт хүргэсэн бол ийм асуудал гарахгүй байх гэж бодож, нүдний нулимс асгарч сууна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. миний 3 хүүхдийг, өндөр настай аав, ээжийг минь, талийгаач ахын 4 хүүхдийг харгалзан миний ял шийтгэлээс бага ч болов хасаж өгөөч. Би талийгаачийн эхнэр, 4 хүүхдийг, настай ээжийг нь үлдсэн амьдралдаа харж хандаж амьдрах болно гэдгээ амлаж байна. Та бүхэн миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн хэргийг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай нэгдэж үйлдсэн нь бүлэглэн гүйцэтгэгч болох бөгөөд шүүгдэгч ******* нь талийгаач ын толгойн тус газар гараараа цохих, шүүгдэгч ******* нь талийгаач ын толгойн тус газар хөлөөрөө өшиглөх болон сандлаар цохих зэргээр халдан зодсон, зодоонд 2-уулаа оролцсон гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад шинээр авагдсан нотлох баримтуудад бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт хийгээгүй, хэт яллах талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

1. Шүүгдэгч *******гийн талийгаач ын толгойн тус газар хөлөөрөө өшиглөсөн гэдэг нь шүүгдэгч *******гийн “ ...байшингаас гарч ахын байшингын зүүн урд талд байх мужаан хийдэг амбаарын үүдэн дээр а нь над руу цохих гээд дайрахад нь би бултаад нүүр лүү нь цохиж авахад а газарт унасан. Миний хувьд шанаа хавьд нь цохиж авсан яг аль шанаанд цохиж авснаа мэдэхгүй байна. Намайг цохиж авсны дараа а ах газарт унасан байхад ******* ах ирээд а ахын нүүр лүү өшиглөж авсан....” гэх / 2-р хх-ийн 103-119/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт дүгнэлт хийсэн байна.

Гэтэл шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ "....байшингаас гарч зодоон хийхэд ******* ах гарч ирээгүй, талийгаачийг унасан байхад нүүр лүү өшиглөсөн гэдэг худлаа. Би худлаа мэдүүлэг өгсөн... гэж мэдүүлсэн.

Шүүгдэгч ******* нь “....*******, а нар нь муудалцаад бие биенийгээ заамдаж, ноцолдож байгаад тэр 2 гараад явсан. Би ч араас нь гараагүй...буцаж 2-лаа орж ирсэн. а нь орж ирэхдээ хамар ийм болгоод хаячихлаа..” / 2-р хх-ийн 121-136 / гэх мэдүүлэг өгчээ. Энэ мэдүүлгээ тогтмол давтаж тогтвортой өгсөн байдаг.

Шүүгдэгч ******* нь хүнд гэмт хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа үедээ *******гийн талийгаачийн нүүрэн тус газар цохиж унагааж байгаа үйлдлийг нуух, хэлэхгүй байх ямар ч шаардлагагүй бөгөөд үүнийг үзсэн тохиолдолд хэлэх нь зүйн хэрэг бөгөөд гадаа зодоо хийх үед байшингаас гараагүй учраас энэ талаар ярихгүй байна гэх үндэслэл харагдаж байдаг.

Эдгээр байдлаас дүгнэхэд миний үйлчлүүлэгч ******* талийгаачийн нүүр рүү өшиглөөгүй байх үндэслэл байхад энэ талаар анхан шатны шүүх бодит дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна.

2. Шүүгдэгч *******г хохирогчийг сандлаар цохих зэргээр халдан зодсон гэж анхан шатны шүүх үзсэн. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны явцад цугларсан нотлох баримтаар сандлаар цохьсон болох нь нотлогдоогүй байх үндэслэл байдаг.

Шүүгдэгч Х. нь талийгаачийг сандлаар цохьсон эсэхийг огт хараагүй тас няс хийсэн дуу гарсан гэх мэдүүлгийг удаа дараа өгсөн.

Шүүгдэгч X.гийн хувьд талийгаач над руу сандал бариад дайрсан, гэхдээ тэр намайг цохиогүй, сандлаа шалан дээр шидсэн тас няс гэсэн дуу гарсан гэж удаа дараа мэдүүлсэн. Хохирогчийн цогцосонд хийсэн үзлэгээр гэмтэл авсан их тархины баруун талд бөмбөлгийн дух зулайн хэсгийн гаднах хуйх, хатуу хальсанд үзлэг хийхэд цохьсон, цохигдсон гэмтэл шарх тогтоогдоогүй байдаг./ 12-р хх-ийн 34-37/

Шүүх хуралдааны явцад сандал барьсан асуудал гэх асуудал утсаар бичлэг хийсний дараа болсон нь тогтоогдсон.

Эдгээр байдлаас үзэхэд шүүгдэгч *******гийн хувьд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарахад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалт хэрэгжээгүй гэж үзэх үндэслэл байна.

3. Шүүгдэгч ******* нь нэг удаа хохирогчийн бөгс орчим өшиглөж авсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь хохирогчид хүнд гэмтэл учруулах боломжгүй юм. Шинжээчийн дүгнэлтээр бөгсний тус газар гэмтэл хохирол учраагүй болохыг дүгнэлтээр гаргасан байдаг. /3-р хх-ийн 105-110 х/

Хохирогчийн бөгсөн бие тус газар шүүгдэгч *******гийн өшиглөсөн нь бүлэглэн хүнд гэмтэл учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж үзэж байна.

Харин шүүгдэгч ******* нь бэртэл гэмтэлтэй байхад нь хохирогчийг аюултай байдалд орхисон, тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан хэрэг үйлдсэн байх үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2,4-т заасан эрх үүргийн дагуу үйлчлүүлэгч гийн гийн өмгөөлөгчөөр оролцож, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/179 тоот шийтгэх тогтоолыг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан, тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нь хэргийг бүх талаас нь нарийвчлан харьцуулж дүгнээгүй, шүүх хуралдаанд яригдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр иргэн *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Хэргийн үйл баримт *******, ******* нарын мэдүүлэг, хэргийн үйл баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдсон.

*******гийн: 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18 цагт Улаанбаатар хотоос Баянхонгор аймагт ирсэн. Тэгэхэд 18 цагийн үед талийгаач а нь 88180354 гэсэн өөрийнхөө дугаараас 86873880 гэсэн миний дугаар руу залгаад ярьсан. Намайг ярьж адууны мах ид гэсэн. ******* нь 21 цагийн үед *******, а нар нь байсан гэтэл а нь надад 20.000 төгрөг өгөөд нэг шил архи аваад ир гэхээр нь би гарч гудамжинд байдаг Бүрд дэлгүүрээс 0.75-тай архи аваад өөрөө мөнгө нэмээд нэг ундаа авч ирсэн. Ингээд архи ууж махаа идэж байгаад юунаас болсон юм мэдэхгүй *******, а нар нь муудалцаад бие биенийгээ заамдаж ноцолдож байгаад тэр 2 гараад явсан. Тэгээд буцаж орж ирээд а нь хамар ийм болгоод хаячихлаа гээд дахин барьцалдаад авах гэхэд ******* нь ын шанаанд цохиж а өнхрөөд ойчсон. Би та нар болиоч дээ гээд ын бөгсөн хэсэгт нь өшиглөж авахад Н.Батгулга нь ширээний хажууд утсаа оролдоод сууж байсан. Харин ******* нь шалан дээр туссан цусыг нь 00-ийн цаасаар арчиж байсан ... гэх удаа дараагийн мэдүүлэг,

шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанын шатанд өгсөн: Энэ хэрэгт ******* ах ямар ч холбоогүй. Би л талийгаачийг цохиж зодсон. Би өмнө нь ******* ахад уур хүрээд тэгж худлаа мэдүүлж байсан. Одоо үнэнээр нь мэдүүлье... гэх мэдүүлэг

Мөн Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 26 тоот шинжээчийн ... *******гийн биед гэмтэл тогтоогдоогүй... гэсэн дүгнэлт гарсан байдаг зэрэг нотлох баримтаар ******* нь энэ хэрэгт хамааралгүй гэдэг нь тогтоогддог.

*******гийн биед гэмтлийн зэрэг тогтоогдсон нь хэрэг болох үед талийгаач атай зодолдсон байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна.

Шүүхээс ******* нь талийгаач ыг толгой тус газар нь хөлөөрөө өшиглөх, болон сандлаар цохих зэрэг тэдгээрийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үндэслэх хэсэгтээ дурьдсан. Энэ мэдээлэл нь *******гийн мэдүүлгээс эх үүдэлтэй ба ******* нь энэ мэдүүлгээ шүүх хуралдаанд үгүйсгэсэн. Энэ мэдээлэл нь *******г гэм буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт биш юм.

******* ыг сандлаар цохисон гэдэг нь хангалттай тогтоогдоогүй, эргэлзээтэй байхад сандлаар цохисон гэж дүгнэсэн нь буруу байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар *******г гэм буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт цуглаагүй, эргэлзээтэй байх тул түүнд холбогдох хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/179 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч *******д холбогдох хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газраас хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэнийг Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн хэргийг зөвтгөн зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Гэвч шүүхээс *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэж миний үйлчлүүлэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг анхаараагүй орхигдуулсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Хэдийгээр миний үйлчлүүлэгч ******* нь бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулж, түүний улмаас хохирогч нас барсан гэх хэрэгт холбогдсон хэдий ч *******гийн хохирогч руу чиглэсэн үйлдэл нь өөрийгөө хамгаалах, хийж буй үйлдлийг таслан зогсоох шинжийг агуулсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан *******гийн биед шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр *******гийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдсон байдаг нь холбогдогч *******гийн мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв болохыг давхар нотолдог.

Өөрөөр хэлбэл амь хохирогч а нь түүнийг цамцаар нь боох үед нүд бүрэлзэж, нүүр хатуу шатаад амьсгалж чадахаа больсон энэ үед холбогдогч ******* тэдгээрийг салгаагүй тул амьсгаа авахын тулд амь хохирогчийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиж боолтыг тавиулсан байдаг. Харин дараагийн тохиолдолд буюу гэрийн гадна амь хохирогч Б. нь миний үйлчлүүлэгчийг дахин цохихоор довтлох үед нэг удаа цохиж унагасан гэдгээ мэдүүлсэн нь бусад нотлох баримтаар мөн л нотлогддог болно.

Цаашилбал миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинж байдал байхыг үгүйсгэх боломж байхгүй юм.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 7 нөхцөл байдлыг хуульчилсан байх бөгөөд хэргийн нөхцөл байдал болон нотлох баримтаас харахад миний үйлчлүүлэгчийн үйлдэлд 4-5 нь тогтоогдож байна. /Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2,1.4,1.5,1.7-т заасан /

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэж зааснаас харвал ******* нарт холбогдох хэрэг ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Иймд түүний гэмт хэрэгт холбогдсон шалтгаан нөхцөл ар гэрийн байдал /2-10 насны 3 охинтой/, хувийн байдал үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн зэргийг харгалзан оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй болгон өөрчилж өгнө үү хэмээн энэхүү гомдлоо гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч болон шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 537 дугаар “...талийгаач ын биед хүнд гэмтэл учирсан, гэмтэл авсан даруйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг оношлож, мэс засал эмчилгээг яаралтай хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлтийн дагуу хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлэсэн байна.

Шүүх шүүгдэгч *******, ******* нарын бүлэглэн хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт хууль ёсны дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирлын улмаас хохирогч эмнэлгийн тусламж хангалттай авсан боловч тухайн гэмтлийг даалгүй нас барах нь эмчлэгдэж амь нас нь аврагдах боломжтой байсан хүнд хохирлыг аливаа хэлбэрээр эмчлүүлэлгүй удаах эсхүл өөр шалтгаанаар хохирлыг даамжруулсны улмаас нас барахаас ялгаатай гэж үзэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл *******, ******* нарын үйлдлээс шууд шалтгаалан хохирогч амь хохирсон болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх анхаараагүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотолгооны ач холбогдолтой нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд үнэлэх шаардлагатай байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул хохирогч *******, шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч *******, *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1714000000186 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.                                                 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД                                                     Н.ЭНХМАА

 Г.УЛАМБАЯР