Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2016/0786/З |
Дугаар | 128/ШШ2016/0496 |
Огноо | 2016-07-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2016/0496
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 496
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, нэхэмжлэгч “Техник форум” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, гэрч Н.Төрболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нарыг оролцуулан “Техник форум” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А/110 дугаар захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Техник форум” ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсад бүртгэлтэй Техник форум ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд бизнесийн чиглэлээр үйл ажиллагааг тогтмол явуулж байгаа болно. Тухайн цаг хугацаанд Техник форум ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 хороонд нэгж талбарын 188028/0231 дугаар бүхий 80000 мкв газрыг 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 5 жилийн хугацаатай эзэмшсэн билээ. Гэтэл Техник форум ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Уранчимэг нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн компанийг болон компаний өмчилж, эзэмшиж байсан хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгүүд, мөн газруудыг хууль бусаар авсан тул компанийн зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эрүүгийн 201201011632 дугаартай хэрэг үүсгүүлэн шалгуулж улмаар 2015 оны 10 сард тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн билээ. Тус хэрэгт Техник форум ХХК-ийн эзэмшиж байсан газрыг битүүмжлэн, шилжилт хөдөлгөөн хийх, ашиглах эрхийг хязгаарласан бөгөөд энэ газар дээрээ газар эзэмших гэрээний дагуу үыл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогүй байсан болно. Тус эрүүгийн хэрэг шалгагдаж байх хугацаанд Нийслэлийн өмч газрын харилцааны албанаас манай компанийн эзэмшиж байсан газрын эрхийг 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүчингүй болгож энэ талаарх мэдэгдлийг манайд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний орчим утсаар мэдэгдсэн. Бид үүний дагуу Нийслэлийн өмч, газрын харилцааны албанд очиж холбогдох хүмүүстэй уулзахад манай эзэмшиж буй газарт цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын хамгаалалтын бүсэд орсон тул хүчингүй болголоо гэж Нийслэлийн Засаг даргын захирамжийг хуулбарлан өгсөн тул компанийн зүгээс 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 15/259 дугаартай албан бичгээр “иргэн хуулийн этгээдэд дуудлага худалдааны зарчмаар барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгоно, манайх энэ журмыг баримтлан ажиллах болно...” гэсэн огт өөр утга бүхий хариуг ирүүлсэн. Манай эзэмшиж буй газар нь 80000 мкв хэмжээтэй бөгөөд түүний баруун буланд 10000 мкв газарт цахилгааны хамгаалалтын бүс байдаг, гэтэл тухайн 10000 мкв газарт хамгаалалтын бүс байгаа гэдгээр манай 80000 мкв газрыг бүхэлд нь цуцалсныг бид хүлээн зөвшөөрөөгүй, тэр үүднээс тухайн хэсэг газрыг манай эзэмшлээс хасаж үлдсэн 70000 мкв газрыг хэвээр үлдээх байсан гэж үзэж байна. Энэ үүднээс бид үлдэх хэсгийг хэвээр үлдээнэ үү гэсэн утга бүхий хүсэлтийг тавихад тус газар “манай эзэмших эрхийг цуцалсан үндэслэлээр биш, огт өөр үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүйд гомдолтой байна. Компанийн зүйгээс тус 80000 мкв газарт төлөвлөсөн ажлаа хийх гэж бүхэлд буюу нийтдээ 1 км урттай хашааг 100000000 /нэг зуун сая/ төгрөгөөр хийлгэж суурилуулалтын үнэ 45.000.000 төгрөг нийтдээ 145.000.000 төгрөгний зардал гаргасан бөгөөд энэ мөнгөөрөө хохироод байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А/110 дугаар захирамжаар Техник форум ХХК-ийн эзэмшиж байсан 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 729 тоот шийдвэртэй, нэгж талбарын 188028/0231 дугаар бүхий 80000 мкв газрыг хүчингүй болгосныг хууль бусад тооцон захирамжийг хүчингүй болгож, Нийслэлийн өмчийн харилцааны газарт тухайн газарт орсон хамгаалалтын бүсэд хамаарах 10000 мкв газрыг хасаж үлдсэн 70000 мкв газрыг Техник форум ХХК-д цаашид эзэмшүүлэх эрх олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 729 дүгээр захирамжаар “Техник форум” ХХК-д 5 жилийн хугацаатай хүнд даацын машин механизмын зогсоолын зориулалтаар 8 га газрыг эзэмшүүлсэн байсан. Тус эзэмшлийн газар нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчин Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, гэрэл 35/10 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн байх тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны А/110 захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 729 дүгээр захирамжийн Техник форум ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн юм. Дээрхи захирамж нь холбогдох хуулийн заалтыг үндэслэж гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А/110 дугаар захирамжийг хүчингүй болгох гэж тодорхойлсон бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газарт тухайн газарт орсон хамгаалалтын бүсэд хамаарах 10000 мкв газрыг хасаж үлдсэн 70000 мкв газрыг Техник форум ХХК-д цаашид эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах” шаардлагаасаа татгалзсан болно.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/110 дугаар захирамжаар Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчин Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэрэл 35/10 кВ-ын дэд станцын хамгаалалтын бүс болон цэвэрлэх 110/35/10 дэд станцаас Рашаант 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн гэж үзэж Нийслэлийн Засаг даргын 2011 оны 729 дүгээр захирамжийн “Техник форум” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 729 дүгээр захирамжаар “Техник форум” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүнд даацын машин механизмын зогсоолын зориулалтаар 80000 мкв газрыг эзэмшүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “эрүүгийн хэрэг шалгагдаж байх хугацаанд Нийслэлийн өмчийн харилцааны албанаас манай эзэмшиж байсан газрын эрхийг хүчингүй болгосон, манай эзэмшиж буй газар нь 80000 мкв хэмжээтэй бөгөөд түүний баруун буланд 10000 мкв газарт цахилгааны хамгаалалтын бүс байдаг, гэтэл тухайн 10000 мкв газарт хамгаалалтын бүс байгаа гэдгээр манай газрыг бүхэлд нь цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй, 70000 мкв газрыг хэвээр үлдээх байсан гэж үзэж байна” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь:
Нийслэлийн Засаг дарга нь 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 729 дүгээр захирамжаар “Техник форум” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүнд даацын машин механизмын зогсоолын зориулалтаар 80000 мкв газрыг эзэмшүүлэхдээ Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэл биш болно. Тухайлбал, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад хандан “Их сумъяа” ХХК-аас газрын нэр шилжүүлэн эзэмших тухай хүсэлт гаргасан байна.
Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх талаар шийдвэр гаргахдаа хуулийн шаардлагад нийцсэн шийдвэр гаргах нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг болно. Хариуцагч энэхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хариуцлагыг газар эзэмшигч аж ахуйн нэгжид нөхөн ногдуулсан нь хууль бус болно.
Мөн Н.Уранчимэг нарт холбогдох эрүүгийн 201201011632 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх явцад 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 7188 дугаар шүүгчийн захирамжаар маргаан бүхий газрыг битүүмжилсэн байх бөгөөд уг эрүүгийн хэргийг 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 289 дугаар прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Ийнхүү маргаан бүхий газрыг битүүмжилсэн байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хууль бус болжээ.
Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор баталсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 3.1-д заасан хамгаалалтын зурваст нэхэмжлэгчийн эзэмшлийн 80000 мкв газар бүхэлдээ эсхүл хэсэгчлэн орсон эсэхийг шалгаж тогтоолгүйгээр зөвхөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/2867, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/1826 дугаар албан бичгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн эзэмшил газрыг бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын зарим хэсэг нь эрчим хүчний шугамын хамгаалах зурваст орсон болох нь Нийслэлийн өмчийн харилцааны газраас ирүүлсэн кадастрын зураг, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэг, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд шүүх хэдэн мкв газар нь хамгаалалтын зурваст орсон эсэхийг хэмжиж тогтоох боломжгүй тул хариуцагч энэ талаарх ажиллагааг хийж шинээр акт гаргахыг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.3.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/110 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийг баримтлан нэхэмжлэгч нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт тухайн газарт орсон хамгаалалтын бүсэд хамаарах 10000 мкв газрыг хасаж үлдсэн 70000 мкв газрыг Техник форум ХХК-д цаашид эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулсан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ