Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0317/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н,

Улсын яллагч О,

Хохирогч У,

Шүүгдэгч З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар тугталчигийхан овогт Энхзамын ****** д холбогдох эрүүгийн 1718003060127 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогтой Э-ын З  /*****/, ****** төрсөн, ***** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ****** мэргэжилтэй, ******ажилладаг, ******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн орчим ***** тоотод хамтран амьдрагч У г “цугтаа унтаж бэлгийн харьцаанд орсонгүй” хэмээн хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжлон улмаар нүүрэн тус газарт нь олон тооны удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн орчим ***** тоотод хамтран амьдрагч У г “цугтаа унтаж бэлгийн харьцаанд орсонгүй” хэмээн хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжлон улмаар нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж биед нь тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, дотор салст, дух, баруун, зүүн гарын цус хуралт, баруун, зүүн хацар, доод эрүүний зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамар, хацар, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч З-ийн өгсөн: 2017.10.19-ний өдөр У  охин бид гурав унтах гэж байсан. Би өглөө ажилдаа яваад орой ирдэг. Хэрэг гарах өдөр би У д бэлгийн харьцаанд орох санал тавьсан боловч У  хүлээн зөвшөөрөөгүй. Тэр үед би буруу харж хэвтээд “Хоёулаа болих уу?” гэж асуутал У  “Тэгсэн ч яахав” гэж хэлсэн. Би У гийн төрсөн өдрөөр найзуудынхаа өмнө гэрлэх санал тавьж бөгж өгч байсан учраас У г больсон ч яахав гэж хэлэхээр нь тэгвэл миний өгсөн бөгжийг өг гэж хэлсэн.  Гэтэл У  миний өгсөн бөгжийг миний цээж рүү шидсэн. Ундармааг надад бөгжөө эргүүлж өгөхөд нь миний уур хүрсэн тул би У тай маргалдсан. Би ер нь архи уудаггүй. Тэр өдөр уурандаа хөргөгчнөөс архи авч уусан учраас согтолттой байсан. У тай маргалдсаны маргааш өглөө нь миний ходоод өвдөөд байсан тул У д “Эм аваад өг” гэж хэлтэл У  ууттай эмээ над руу шидэж өгсөн. Би тэр үед нохойнд юм өгч байгаа биш гээд уурласан. Түүнээс болж У  бид хоёр дахин маргалдсан. Биднийг маргалдаж байхад У  над руу салаавч гаргасан. Би тэр үед У гийн нүүр лүү цохисон. Түүнээс болж У гийн нүүр маш хурдан хавдсан. Би эхлээд хавдрыг нь буулгах хэрэгтэй гээд хүйтэн жин тавьсан. Түүний дараа  “Цагдаа дуудах уу?, Ахыг чинь дуудах уу” гэж хэлж байгаад ахыг чинь дуудъя гээд гэрээсээ гарсан. Би гэрээсээ гарч яваад үйлчилгээний төвийн тэнд найзтайгаа уулзаж дахин архи уусан. Би У г цохисон учраас амиа хорлох гэж оролдсон. У  надад “Энэ асуудлыг яах вэ” гэж хэлсэн боловч би тухайн үед согтуу байсан учраас У гийн хэлсэн зүйлийг ойлгоогүй. Би маш их харамсаж байна. Би У гийн гар утсыг зун эвдсэн. У гийн гар утас энэ хэрэгтэй холбоогүй гэх мэдүүлэг,

 

Хохирогч У гийн өгсөн: Би цаашдын үр дүнг бодоход З-аас хол байх хэрэгтэй гэж бодож байна. 2017.10.19-ний өдөр З намайг зодсон. Шөнө нь З 150 гр архи уусан. Гэхдээ маргааш өглөө нь З-ийн архи гарсан байсан гэж бодож байна. З миний амыг дарж байгаад дээрээс хэд хэдэн удаа цохисон. Дараа нь надад шүүх, цагдаа, ах дүүгээ дууд гэж хэлсэн. Мөн ****** “Би амиа хорлолоо” гэж хэлээд өөрийгөө боомилох гэж оролдсон. Мөн өөрийгөө хутгаллаа гээд байсан. Би тухайн үед түргэн дуудъя гэхэд З “Би амиа хорлоод үхээд өгье” гэж хэлж байсан. Би З-г гэрээс гарсны дараа түүний эцэг, эх дээр очсон. ****** надад “Намайг эцэг эхийн минь өмнө онигоо болголоо” гэж хэлээд намайг хөөсөн. Мөн надад “Ямар овоо пизда вэ” гэж хэлж байсан. Тэр үед хүүхдийн цэцэрлэг тарах цаг болж байсан учраас би хүүхдээ цэцэрлэгээс нь аваад ахындаа очсон. Цаашид З-г надтай холбоо бариулахгүй, гэрийн гадаа ирүүлэхгүй, надаас хол байлгаж өгнө үү. Мөн би З-аас өөрийн гар утасны үнэ 280000 төгрөг нэхэмжилж байна. Зун миний гар утсыг З нь эвдэлчихсэн юм. Мөн би шүдээ янзлуулна, хацрын хавдраа эмчлүүлнэ. Уг эмчилгээнүүдтэй холбоотой баримтаа гаргаж өгөөд хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг,

 

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 4/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1036 дугаартай “У гийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, дотор салст, дух, баруун, зүүн гарын цус хуралт, баруун, зүүн хацар, доод эрүүний зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамар, хацарны, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх 2017.10.19-нд үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-15/ гэрэл зураг /хх-14/ зэрэг болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У гийн биед хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч З нь хохирогчид 220.000 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч У  нь 2017 оны зун З нь миний гар утсыг эвдэлсэн гэх үндэслэлээр түүнээс гар утасны үнэ 280000 төгрөг нэхэмжилж “Капитал зууч” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар гаргаж өгчээ.

Гэвч шүүгдэгчийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үйлдлийн улмаас уг хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй тул хохирогчийн гар утасны үнэ 280000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд улсын яллагчийг санал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.****** д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч З-ийн эрхэлдэг ажил, цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.****** д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хохирогч У гийн гар утасны үнэ 280000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.****** д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ИХТАМИР