Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0325/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И  даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б,

Улсын яллагч Д,

Шүүгдэгч бөгөөд хохирогч О ,

Шүүгдэгч бөгөөд хохирогч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Ц-н О, Х овогт С-ийн А нарт холбогдох эрүүгийн 1718002380120 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19...оны .. дугаар сарын ...-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Б. дүүргийн ... дугаар хороо, 74б-18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э овогт Ц -н О  /регистрийн дугаар ТЛ72122072/,

 

2. Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Ч. дүүргийн ... дүгээр хороо, Т... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт С -ийн А  /регистрийн дугаар ХК74080312/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А , О  нар нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр Бүрэнтолгой гэх газарт архидан согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, улмаар А нь О ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүгдэгч О , А нар нь дахин маргалдаж, О  нь А ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр О ыг зодож биед нь тархи доргилт, нүүрний цус хуралт, баруун нүдний доод зовхины зулгаралт, хүзүү хоолой, цээжний өмнө хэсгийн зулгаралт, нэг шүдний хазах хэсгийн эмтрэл, нүдний алимны доргилт бүхий  эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч О  нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр А ийг зодож биед нь тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, хуйхны хаван бүхий эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А ийн өгсөн: Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Томографийн шинжилгээний төлбөр 130,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугийн талаар маргаан байхгүй гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

Хохирогч А ийн өгсөн: “...тэгээд архи уух явцад О бид 2 дахин маргаад би О ын нүд рүү нь хуруугаа хийсэн юм шиг байна лээ. Удалгүй О , Т 2 гараад явсан. Би байшинд унтсан. Өглөө байшинд унтаж байхад О гаднаас орж ирээд толгой руу модоор цохисон. Би босоод яаж байна аа гээд О-ийг  цааш түлхэхэд О гадагшаа гараад гаднаас төмөр лоом барьж орж ирээд толгой руу цохисон. Би биеэ хамгаалаад байж байхад тэнд байсан Гансүх гэдэг залуу бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

Хохирогч О ын өгсөн: “...А бид хоёрын дунд мөнгөний маргаан байсан болохоор над руу дайраад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд хэрүүл даймжраад миний хүзүүнээс боогоод шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би зугтаад байрлаж байгаа амбаар луугаа орсон. А гадаа дүү Т-тэй  маргаад байх шиг байсан. Тэгээд А миний араас ирээд дахин зуураад байсан. Би амбаараас гарч зугтаагаад ногооны талбайд очиход араас ирээд миний шилэн хүзүү рүү цохиод, заамдаад нүүр лүү нилээн хэд цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Гэрч Г -ийн өгсөн: “...тэр өдөр би байшинд эхнэртэйгээ унтаж байхад гаднаас О , А 2 орж ирээд хоорондоо зодолдоод би сэрсэн. Миний харснаар О , А 2 хоорондоо зодолдоод байсан. Эхлээд А О-ийг  цохиход зөрүүлээд О А-ийн  нүүр лүү цохисон. Удалгүй сандал аваад нэгнийгээ харилцан цохиж байгаа харагдсан. Би босоод салгахад миний гарыг тэр 2 өвтгөөд байсан. Тэр 2 маргаад байшингаас гарсан. Өглөө тэр 2 байшинд орж ирчихээд архи нь гарчихсан, ууртай царайтай, бас хоорондоо муудалцаад харилцан зодолдоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

Гэрч Г-ын өгсөн: “...14 цагийн орчимд А гэх залуу ногооны талбай дээр согтуу ирээд О ахтай тарьсан ногооныхоо талаар яриад байсан. Тэгээд Алтансүх, О-ийг  газар унагаагаад хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэр хоёрыг зодолдож байхад хажуунаас нь хамт явсан нэг залуу салгаж байгаа харагдсан. А О-ийг  зодох гээд араас нь хөөгөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Гэрч Э-ийн өгсөн: “...13 цагийн орчимд ногооны талбай дээр нэг махлаг ах согтуу ирээд бид нарыг удирдан ажиллаж байгаа О ахтай юм яриад зогсоод байсан. Би жаахан зайтай ногоо хурааж байгаад нэг хартал тэр махлаг ах О ахыг газар унагаад босч ирэхээр нь араас нь хөөгөөд байсан. О ах цаашаа зугтаасан, махлаг согтуу ах бид нар дээр ирээд 2 шуудай байцаа аваад машиндаа ачаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, КТГ оношилгоо /хх-ийн 28-29/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 970 дугаартай “А ийн биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, хуйхны хаван тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-30/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 968 дугаартай “О ын биед тархи доргилт, нүүрний цус хуралт, баруун нүдний доод зовхины зулгаралт, хүзүү хоолой, цээжний өмнө хэсгийн зулгаралт, нэг шүдний хазах хэсгийн эмтрэл, нүдний алимны доргилтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 34/ зэрэг болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг хугархай мод, 1 ширхэг төмөр зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч А , О  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба О  нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй, А нь томографийн шинжилгээний төлбөр 130000 төгрөг нэхэмжилсэн боловч шинжилгээний төлбөр төлсөн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна. Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, А ийн шинжилгээний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Иймд улсын яллагчийг санал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А , О  нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул тэдний орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг хугархай мод, 1 ширхэг төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Ц-н О , Х овогт С-н А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, А ийн шинжилгээний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай. 

 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О , А нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О , А нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 10 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг хугархай мод, 1 ширхэг төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  О , А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           И