| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовын Уламбаяр |
| Хэргийн индекс | 1814004600248 |
| Дугаар | 2018/ДШМ/061 |
| Огноо | 2018-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.БИЛЭГСАЙХАН |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2018/ДШМ/061
О.Загдсүрэнд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Билэгсайхан
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Билэгсайханы бичсэн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 28 дугаар эсэргүүцлээр О.Загдсүрэнд холбогдох эрүүгийн 1814004600248 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Очиржанцангийн Загдсүрэн, ........оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВТ96010711/
Шүүгдэгч О.Загдсүрэн нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 1 дүгээр гудамжны үзүүрт Х.Мөнх-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас О.Загдсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Очиржанцангийн Загдсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Очиржанцангийн Загдсүрэнг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан О.Загдсүрэнг шүүхээс оногдуулсан дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийг 2018 оны 10 дугаар 05-ны дотор төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Загдсүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, энэ хэргийн учир шүүгдэгч О.Загдсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч О.Загдсүрэнгийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх гар утсыг торгуулийг төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Загдсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Прокурор Б.Билэгсайханы 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаар эсэргүүцэлд: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд О.Загдсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 10 дугаар сарын 05-ны дотор төлүүлэхээр тогтоож, хэрэгжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй болж чадаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх О.Загдсүрэнд оногдуулсан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлээгүй атлаа торгууль төлөх хугацааг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөр тогтоож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
Өөрөөр хэлбэл шүүх хэсэгчлэн төлүүлэх хугацааг заагаагүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэх ёсгүй юм.
Нөгөөтэйгүүр торгох ял биелүүлэхийг шийтгэх тогтоол гарсанаас хойш 15 хоногийн дотор биелүүлэхийг заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “...шийтгүүлсэн этгээд тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэж заасныг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүй, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Очиржанцангийн Загдсүрэн нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчимд Баянхонгор аймгийн төвийн харалдаа орших Түйн голын цаад эрэг дээр Х.Мөнх-Эрдэнийг гэр рүүгээ явган алхаж байхад нь араас нь мотоцикльтойгоо иргэн Х.Мөнх-Эрдэнийг газар унагааж, унасан үед нь баруун нүд орчим нь хөлөөрөө 1 удаа өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 19-р тал/, гэрч Х.Цэвэгсүрэн, Б.Бадрах, Д.Баясгалан, Ч.Мягмар, Г.Батсайхан нарын мэдүүлэг /хх-ийн 21-32 дугаар тал/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 483 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүхийн тогтоол нь хэргийн нөхцөл байдал, тухайн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
О.Загдсүрэн нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнийг хохирогчтойгоо эвлэрсэн зэргийг харгалзаж анхан шатны шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байна.
Хэргийн үйл баримтаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлахгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг цугларсан нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлэх боломжтой байна.
Харин шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэн шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болж байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Учир нь анхан шатны шүүх О.Загдсүрэнг 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн бөгөөд уг торгуулийн ялыг шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хэрхэн хэсэгчлэн төлөх талаар шийтгэх тогтоолдоо дүгнэлт хийж тогтоогоогүй атлаа уг торгуулийн ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш 15 хоногийн дотор буюу 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч болон бусад оролцогч нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхийг хязгаарласан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад торгох ялыг биелүүлэхийг заасан нь шүүгдэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл болжээ.
Мөн энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар “... шийтгүүлсэн этгээд нь шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийг төлж барагдуулах үүрэгтэй...” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Загдсүрэнг шүүхээс оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийг 2018 оны 10 дугаар 05-ны дотор төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэснийг бүхэлд нь хасч, тогтоох хэсгийн 1-10 гэсэн дугаарлалтыг 1-9 гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Г.УЛАМБАЯР