Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2019/00365

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******************* оршин оршин суух, Б  овогт З-н  А /***************/-д холбогдох,

24.862.500 / хорин дөрвөн сая найман зуун жаран хоёр мянга таван зуу / төгрөг гаргуулах иргэний хэргийн 2017 12 дугаар 25-ы , 155/2018/00033/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд,

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Номинзул /цахимаар/нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани З.Атэй 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, Хөвсгөл аймгийн бүх сумдад манай компаний Хүлэг нэрийн мотоцикль борлуулах талаар харилцан тохиролцсон. Бидний зүгээс урьдчилгаа төлбөргүйгээр мотоцикль нийлүүлж, З.Аийн хувьд мотоцикль борлуулсан тохиолдолд ажлын гурав хоногийн дотор мотоциклийн үнийг шилжүүлэх байсан. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тооцоо нийлэхэд түүнд бэлэн мотоцикль байхгүй ба Хүлэг нэрийн Гуовэй загварын тус бүр нь 800.000 төгрөгийн үнэтэй 6 мотоцикль, Хүлэг нэрийн Хаожин загварын тус бүр нь 1.250.000 төгрөгийн үнэтэй 6 мотоцикль, Хүлэг нэрийн Юм загварын тус бүр нь 1.350.000 төгрөгийн үнэтэй 1 мотоциклийн үнийг тус тус шилжүүлээгүй буюу нийт 13.650.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэнийг харилцан тооцоо нийлж тогтоосон болно. Мөн манай компаний З.Атэй байгуулсан Хамтран ажиллах гэрээний 9.1-д заасны дагуу борлуулагч буюу З.А нь гэрээнд заасан хугацаанаас хожимдуулж барааны үнийг төлсөн бол хожимдуулсан хоног тутамд төлөөгүй дүнгийн 0.05 хувийн алдангийг нийлүүлэгч буюу Т.Х ХХК-д төлөхөөр тохиролцсон. З.А нь бэлэн мотоциклийн үлдэгдэлгүй болж нийт 13 ширхэг мотоцикль буюу 13.650.000 төгрөгийн үлдэгдэл төлөөгүй байгаа талаар тооцоо нийлсэн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Хамтран ажиллах гэрээний 9.1-т заасны дагуу нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 500 хоногоор тооцож 3.412.500 төгрөгийн алдангийг хариуцагчаас мөн шаардаж байна. Түүнчлэн З.Ад манай компанийн зүгээс мотоцикль тээвэрлэн борлуулахад нь зориулж Хамтран ажиллах гэрээ байгуулах үед түр хугацаагаар Монгол улсад дөнгөж орж ирсэн 13 сая төгрөгийн үнэлгээ бүхий КIА пронтер маркын 0548 УНО дугаартай машиныг эзэмшилд нь үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн болно. Мотоциклийн борлуулалт зогссон байсан 2016 онд тооцоо нийлэх үеэр тус машиныг буцаан авах гэсэн боловч тухайн машин нь ашиглах боломжгүйгээр эвдэрсэн байсан бөгөөд засаж янзлахад тухайн машины өртгөөс илүү мөнгө гарахаар байсан. Тиймээс тус машины дүнгээс ердийн хорогдолд 5.200.000 төгрөгийг хасаж, 7.800.000 төгрөгийг хариуцагчаас мөн нэхэмжилж байна.

Иймд хариуцагч З.А-аас  мотоциклийн үлдэгдэл төлбөр болох 13.650.000 төгрөг, мөн гэрээгээр тохиролцсон төлбөр хугацаандаа төлөөгүй алданги 3.412.500 төгрөг, машины төлбөрт 7.800.000 төгрөг, нийт 24.862.500 төгрөгийг энэхүү нэхэмжлэлийг гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие З.А нь Т.Х ХХК-ий шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан мотоциклийн үлдэгдэл үнэ 13.650.000 төгрөг, алданги 3.412.500 төгрөг, ачааны машины төлбөр 7.800.000 төгрөг, нийт 24.862.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие нь тус Т.Х ХХК-д 2011 оны 2 сарын 16-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл Хамтран ажиллах гэрээ байгуулан мотоцикль худалдан борлуулж байсан.

1. Мотоциклийн үлдэгдэл үнэ 13.650.000 төгрөг, алданги 3.412.500 төгрөг гаргуулах тухайд: Тус байгууллагатай 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ -ний 7.2.1.1-д заасны дагуу мотоцикль тус бүрт 30.000 / гучин мянга/ төгрөгийн борлуулсаны урамшуулал авахаар заасан байдаг ба миний тус тус компаниас нэг ч удаа урамшуулал авч байгаагүй тул тус 13 ширхэг мотоциклийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй болно.

2.Ачааны машины төлбөр 7.800.000 төгрөг гаргуулах тухайд: Тус хамтран ажиллах гэрээний гуравдугаар хавсралтын 2.4-т зааснаар уг автомашинаар 350 ширхэг мотоцикль орон нутагт / сум хүртэл / тээвэрлэсэн нөхцөлд автомашиныг өөрийн мэдэлд шилжүүлэн авах, дараагийн автомашинаар хангуулах гэж заасан ба би тус КIА пронтер машинаар хөдөөгийн сумдад нийт 251 мотоциклийн тээвэрлэн борлуулсан ба дээр тээвэрлэлтийн хугацаанд элэгдэж муудсанаас биш би нэг ч мотоцикль заралгүй хувьдаа ашигласан зүйл байхгүй тул машиныг нь тэр хэвээр нь буцааж өгөх хүсэлтэй байна.

Иймд миний бие 24.862.500 төгрөг гаргуулах тухай Т.Х ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компани З.А-аас  хамтран ажиллах гэрээний үндсэн дээр тооцоо нийлж дутагдуулсан барааны төлбөр 13.650.000 төгрөг, алданги 3.412.500 төгрөг, ачааны машины үнэ 7.800.000 төгрөг нийт 24.862.500 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг 2.129.400 төгрөгөөр нэмэгдүүлсэн боловч 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан учир хэргийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин хариуцагч З. А нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компани Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компаний 9011123121 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, хариуцагч З.Атэй байгуулсан Хамтран ажиллах гэрээ №03 дугаартай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавсралтын хамт 8 хуудас, 0548 УНО улсын дугаартай Киа пронтер маркын авто машины гэрчилгээний хуулбар, З.А, Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төлөөлж нягтлан бодогч Баттогтох нарын Тооцоо нийлсэн акт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна.

Мөн Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч З.Аийн Хаан банкин дахь 5890607343 дугаар дансны 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааны хуулгыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг гаргасан байх бөгөөд шүүх уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх ба Хаан банкны Хөвсгөл салбараас З-н  Аийн 5890607343 дугаар дансны хуулгыг ирүүлжээ. / 10 хуудас/

Харин хариуцагч З.А нь хэрэгт ач холбогдолтой хамаарал бүхий нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компани хариуцагч З-н  Атэй 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр талууд гэрээг дүгнэж тооцоо нийлсэн, Тооцоо нийлсэн актаар хариуцагч З.А нь 13.650.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Дээрхи үйл баримтад талууд маргаагүй.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ,

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.9-д Гэрээний тал бүр аливаа оролцогч талаас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж болно гэж тус тус заажээ.

Мөн нэхэмжлэгч Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирлын манай компани З.Атэй 2011 оны 02 сарын 16-ны өөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, Хөвсгөл аймгийн бүх сумдад манай компанийн Хүлэг нэрийн мотоцикль борлуулах талаар харилцан тохиролцсон. Бидний зүгээс урьдчилгаа төлбөргүйгээр мотоцикль нийлүүлж, З.Аийн хувьд мотоцикль борлуулсан тохиолдолд ажлын 3 хоногийн дотор мотоциклийн үнийг шилжүүлэх байсан. Ингээд 2016 оны 8-р сарын 4-ний өдөр тооцоо нийлэхэд түүнд бэлэн мотоцикль байхгүй ... нийт 13.650.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэнийг харилцан тооцоо нийлж тогтоосон болно... гэх нэхэмжлэл,

Хариуцагч З.Аийн ...миний бие нь тус Т.Х ХХК-д 2011 оны 02 сарын 16-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл Хамтран ажиллах гэрээ байгуулан мотоцикль худалдан борлуулж байсан... гэх тайлбар зэргээс дүгнэхэд талуудын хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч З-н  А-аас  Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.9-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1/ Мотоциклийн үлдэгдэл төлбөр 13.650.000 төгрөг, гэрээгээр тохиролцсон төлбөр хугацаандаа төлөөгүй алданги 3.412.500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй,

Мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж тус тус заасан,

Талуудын хооронд 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бичгээр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний 4.3-т Барааг лизингийн бус аргаар борлуулсан тохиолдолд борлуулагч ажлын 3 хоногийн дотор нийлүүлэгчийн дансанд шилжүүлнэ,

Гэрээний 9.1-т Борлуулагч энэхүү гэрээнд заасан хугацаанаас хожимдуулж барааны үнийг төлсөн бол хожимдуулсан хоног тутамд төлөөгүй дүнгийн 0,05 хувийн алданги нийлүүлэгчид төлнө гэж тус тус тусгасан байна.

Түүнчлэн хариуцагч З.А нь Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлбөрийн үлдэгдэлтэй болох нь нэг талаас Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төлөөлж нягтлан бодогч ажилтай Баттогтох нөгөө талаас Зундуй овогтой А нарын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртлэх хугацаанд нийлүүлсэн мотоциклийн тооцоог нягтлан бодох бүртгэлийн баримтаар нэг бүрчлэн шалгаж худалдсан мотоциклийн тоо 13 ширхэг, бүгд үнэ нь 13.650.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсныг харилцан баталгаажуулав... гэх талуудын гарын үсэг зурж баталгаажуулсан Тооцоо нийлсэн актаар нотлогдож байна.

Иймд талуудын хооронд тооцоо нийлсэн актаар тогтоосон төлбөрийн үлдэгдэл болох 13.650.000 төгрөг, тооцоо нийлсэн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртлэх 500 хоногоор алдангийг тооцоход 3.412.500 төгрөг нийт 17.062.500 төгрөгийг хариуцагч З.А-аас  гаргуулж нэхэмжлэгч Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй гэж үзлээ.

2/ Ачааны машины төлбөр 7800.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хамтран ажиллах гэрээний 3.4-т Барааны хот хоорондын тээврийг нийлүүлэгч хариуцаж гүйцэтгэх ба орон нутгийн тээврийг энэхүү гэрээний Гуравдугаар хавсралт ёсоор тохиролцоно,

Гэрээний гуравдугаар хавсралтын 2.1-д Бага оврын ачааны машинаар хангуулах гэж тус тус тусгажээ.

Нэхэмжлэгч байгууллагын захирлын... З.Ад манай компаний зүгээс мотоцикль тээвэрлэн борлуулахад нь зориулж Хамтран ажиллах гэрээ байгуулах үед түр хугацаагаар Монгол улсад дөнгөж орж ирсэн 13 сая төгрөгийн үнэлгээ бүхий Киа пронтер маркын 0548 УНО дугаартай ачааны машиныг эзэмшилд нь үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн болно. Мотоциклийн борлуулалт зогссон байсан 2016 онд тооцоо нийлэх үеэр тус машиныг буцаан авах гэсэн боловч тухайн машин нь ашиглах боломжгүйгээр эвдэрсэн байсан бөгөөд засаж янзлахад тухайн машины өртгөөс илүү мөнгө гарахаар байсан. Тиймээс тус машины дүнгээс ердийн хорогдолд 5.200.000 төгрөгийг хасаж, 7.800.000 төгрөгийг хариуцагчаас мөн нэхэмжилж байна... гэсэн тайлбар,

Хариуцагч З.Аийн ...Тус хамтран ажиллах гэрээний гуравдугаар хавсралтын 2.4-т зааснаар уг автомашинаар 350 ширхэг мотоцикль орон нутагт / сум хүртэл / тээвэрлэсэн нөхцөлд автомашиныг өөрийн мэдэлд шилжүүлэн авах, дараагийн автомашинаар хангуулах гэж заасан ба би тус КIА пронтер машинаар хөдөөгийн сумдад нийт 251 мотоциклийн тээвэрлэн борлуулсан ба дээр тээвэрлэлтийн хугацаанд элэгдэж муудсанаас биш би нэг ч мотоцикль заралгүй хувьдаа ашигласан зүйл байхгүй тул машиныг нь тэр хэвээр нь буцааж өгөх хүсэлтэй байна... гэх шүүхэд ирүүлсэн хариу тайлбар,

Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 0548 УНО улсын дугаартай Киа пронтер маркын авто машины гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол улсад оруулж ирсэн авто машиныг хариуцагч З.Ад хамтран ажиллах гэрээний дагуу түр хугацаагаар эзэмшүүлж байсан нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн авто машины үнэлгээг тогтоолгох талаар шүүхэд хүсэлт гаргасан ба шүүх хүсэлтийг хангасан боловч хариуцагч З.Ад тухайн авто машиныг үнэлгээчинд хүргүүлэх талаар шүүхийн зүгээс мэдэгдсээр байтал, авто машиныг хүргүүлээгүй байна.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авто машины үнэлгээг тогтоолгох хүсэлтээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлснийг шүүх хангаж шийдвэрлэсэн.

Энэ нь авто машины үнэлгээний талаар зохигчид маргаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч З.Ад түр хугацаагаар эзэмшүүлсэн ачааны авто машины төлбөрт 7.800.000 төгрөгийг хариуцагч З.А-аас  гаргуулж нэхэмжлэгч Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч З.А нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан үндэслэлээ 1. Мотоциклийн үлдэгдэл үнэ 13.650.000 төгрөг, алданги 3.412.500 төгрөг гаргуулах тухайд: Тус байгууллагатай 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ -ний 7.2.1.1-д заасны дагуу мотоцикль тус бүрт 30.000 / гучин мянга/ төгрөгийн борлуулсаны урамшуулал авахаар заасан байдаг ба миний тус тус компаниас нэг ч удаа урамшуулал авч байгаагүй тул тус 13 ширхэг мотоциклийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй болно.

2.Ачааны машины төлбөр 7.800.000 төгрөг гаргуулах тухайд: Тус хамтран ажиллах гэрээний гуравдугаар хавсралтын 2.4-т зааснаар уг автомашинаар 350 ширхэг мотоцикль орон нутагт / сум хүртэл / тээвэрлэсэн нөхцөлд автомашиныг өөрийн мэдэлд шилжүүлэн авах, дараагийн автомашинаар хангуулах гэж заасан ба би тус КIА пронтер машинаар хөдөөгийн сумдад нийт 251 мотоциклийн тээвэрлэн борлуулсан ба дээр тээвэрлэлтийн хугацаанд элэгдэж муудсанаас биш би нэг ч мотоцикль заралгүй хувьдаа ашигласан зүйл байхгүй тул машиныг нь тэр хэвээр нь буцааж өгөх хүсэлтэй байна гэж тус тус тайлбарлажээ.

Хамтран ажиллах гэрээний 7.2.1-т Орон нутагт бараа борлуулсны урамшуулал дор дурдсанаар авах эрхтэй. Үүнд 7.2.1.1-т мотоцикль тус бүрт 30 /гучин мянга төгрөг/

Мөн гэрээний 7.2.2-т Борлуулагч улирал бүрийн дараа сарын 10-ны дотор нийлүүлэгчтэй тооцоо нийлж, нийлүүлэгч урамшууллын 50 хувийг мөн сарын 15-ны дотор, үлдсэн 50 хувийг гэрээ дүгнэснээс хойш 10 хоногийн дотор борлуулагчид төлнө гэж тус тус гэрээнд тусгасан боловч хариуцагч нь өөрийн тайлбартаа холбоотой баримтыг буюу өөрөөр хэлбэл нийт хэдэн мотоцикль борлуулсан, урамшууллыг огт авч байгаагүй зэргээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй,

Хариуцагч нь ачааны авто машиныг буцаан өгөх хүсэлтэй байгаа тухайгаа тайлбар дээрээ дурьдсан боловч тухайн авто машиныг нэхэмжлэгчид буцаан өгөх талаар нэхэмжлэл гаргасан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс шүүх хуралдаан явагдсан 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл тодорхой арга хэмжээг авч болох байтал хэрэгжүүлээгүй байна.

Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкны Хөвсгөл дэх салбараас ирүүлсэн 10 хуудас хариуцагчийн тухайн банкин дахь дансны хуулгаас үзэхэд шатахууны үнэ, түрээс, орлого гэсэн утгатайгаар нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчийн дансанд 5.178.300 төгрөгийн орлогыг шилжүүлсэн нь нотлогдож байх ба үүгээр хариуцагчийн нэг ч удаа урамшуулал авч байгаагүй гэдэг нь няцаагдаж байна.

Иймд хамтран ажиллах гэрээний дагуу мотоцикль зарсан төлбөрийн үлдэгдэл 13.650.000 төгрөг, алданги 3.412.500 төгрөг, ачааны авто машины төлбөр 7800.000 төгрөг нийт 24.862.500 төгрөгийг хариуцагч З-н  А-аас  гаргуулж, нэхэмжлэгч Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч З.Ад шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр түүний хамгийн сүүлд оршин сууж байсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 10 дугаар гудамжны 19 тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хашаа зарсан, хаяг тодорхой биш гэж хариуг ирүүлсэн тул тухайн багийн засаг даргад мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж тус тус заажээ.

Иймд шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компани нь дээрхи нэхэмжлэлийн шаардлагад 282.270 төгрөгийг, нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж 49.020 төгрөгийг нийт 331.290 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид улсын орлогод төлсөн байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзсан бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331.290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.А-аас  282.270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.9-т тус тус зааснаар хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлд хариуцагч З-н  А-аас  24.862.500 /хорин дөрвөн сая найман зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331.290 /гурван зуун гучин нэгэн мянга хоёр зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.А-аас  282.270 /хоёр зуун наян хоёр мянга хоёр зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА