Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2019/00622

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *************** оршин суух, Онход овогт Д.Н /********************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн *************** оршин суух, Б овогт Э.Э  /*********/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Н нь Э.Э тай 2012 онд танилцаж үерхэж байгаад 2015 онд охин Э.Энхсаранг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очиж амьдарцгааж байсан. Хүүхдээ гарснаас хойш 2 нас хүртэл цуг амьдарсан. Түүнээс хойш миний бие Мөрөнд аав, ээж дээрээ охинтойгоо ирэн очин байдаг байсан. Тэр хугацаанд Э.Э  нь өөр хүнтэй болсон байсан учраас салсан.

Иймд Э.Э аас миний охин Э.Энхсаранд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Би 2012 онд танилцаад үерхэж байгаад 2015 онд хүүхэдтэй болсон. Манай охин миний асрамжид байдаг. Хүүхэдтэйгээ байнга ярьдаг байсан. Сүүлийн үед ярихаараа хэл амаар доромжлоод байдаг болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргахгүйгээр хүүхдээ боломжоороо харж хандаж яваарай гэсэн чинь чаддаг юм бол шүүхдэж байгаад тэтгэлэгээ аваарай гэж хэлсэн. Тийм учраас би шүүхэд хандаж охиндоо эцгээс нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах хүсэлт гаргасан юм гэв.

 

Хариуцагч Э.Э  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн иргэн Энхтайван овогтой Э  би нэхэмжлэгч Д.Нийн өргөдөлтэй уншиж танилцлаа. Би Э  овогтой Эрхгийн төрсөн эцэг нь мөн учраас тэтгэлэг өгөхөд татлагзах зүйл алга. Одоогоор би өөрийн аав, ээж хоёртой хамт амьдардаг, ажил төрөл байхгүй байна. Гэвч би өөрийн үр хүүхэдтэйгээ санасан бодсон үедээ уулзаж, учирч байхыг хүсч байна. Э.Эрхг эхийх нь асрамжид байлгахыг зөвшөөрч байна. Жич: Хүүхэдтэйгээ уулзаж учирч байхыг албан ёсоор шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Э.Э ад холбогдуулан тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Э.Э  нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж, хамтран амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч Д.Н нь жирэмсэлж тэдний дундаас охин Э.Эрх төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хэрэгт авагдсан 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн Б овогт Э ын Эрх /************/-ийн 4140000058 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатчаар гэрчлүүлсэн/

Хүний их эмч Х.Одонтунгалагийн Э  овогтой Эрх нь 4 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно. гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн Б овогт Э ын Эрх /************/-д эцэг Б овогт Э.Э  /*********/ -ээс хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно:

40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;

40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж заасан байх тул охин Э.Эрхд эцэг Э.Э аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч утсаар шүүх хуралд очиж чадахгүй, намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү шүүхээс гарсан шийдвэрт гомдолгүй гэж мэдэгдсэн боловч хүрэлцэн ирж чадахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3,100.4-т зааснаар хариуцагчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэж хэргийг шийдвэрлэв.

Түүнчлэн хариуцагч Э.Э  нь хариу тайлбартаа... Жич: Хүүхэдтэйгээ уулзаж учирч байхыг албан ёсоор шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсэж байна гэсэн байх ба энэ талаархи нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан зохигчийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэсэн эрхээ тус тус хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүйг дурьдав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т тус тус зааснаар хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Д.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.529  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э аас 32.529  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.140.1.2-д зааснаар 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн Б овогт Э ын Эрх /************/-д 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг  Б овогт Э.Э  /*********/-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 зааснаар нэхэмжлэгч Д.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.529  /гучин хоёр мянга таван зуун хорин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э аас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.529  /гучин хоёр мянга таван зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА

 

 

 

 

хүүххү