Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2019/00652

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************* оршин суух, Ц  овогт П.О /*********** /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн **************** оршин суух, Х овогт Д.М /***********/-д холбогдох,

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч П.О  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие П.О  нь Д.Мөтай 2008 онд танилцаж үерхэж байгаад 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүү О.Д ыг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн, очин амьдарцгааж байсан. Хүүхдээ гарснаас хойш Д.Мө бидэн дээр ирээгүй. Одоо бүр миний хүүхэд биш гэх болсон.

Иймд Д.Мөыг миний хүү О.Д ын төрсөн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч П.О  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж оролцож байна. Нэгэнт хариуцагч нь ирж чадахгүй гэсэн тул түүний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна. Мө нь хүүхдээ гарснаас хойш нэг ч удаа бидэн дээр ирээгүй юм гэв.

Хариуцагч Д.Мө шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Мө нь П.О ын нэхэмжлэлтэй эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь П.О тай 2008 онд танилцаад, үерхэж, нэг гэрт оролгүй ирэн, очин амьдарцгааж байгаад хоорондын таарамжгүй байдлаас болж салсан. Биднийг салсны дараагаар хүү Д  2009 оны намар төрсөн бөгөөд миний хүүхэд мөн. Би хүү Д тайгаа уулздаг, намайг аавыгаа гэж мэддэг. Би П.О ын хүү Д ын эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.О  нь хариуцагч Б.Мөд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч П.О , хариуцагч Б.Мө нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж байх хугацаанд нэхэмжлэгч П.О  нь жирэмсэлж тэдний дундаас хүү О.Д  төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Ц  овогт О ын Д  /******* /-ын 0282927/68 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн дарга И.Өлзийбадрахын Түнэл сумын 6 дугаар багийн харъяа О  овогтой Д  нь 2009 онд 2800 грамм жинтэй, эрэгтэй Мөрөнгийн төрөх тасагт хэвийн төрсөн. Одоо эрүүл бойжиж байгааг тодорхойлов. гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасан байх тул П.О нь О.Д ын төрсөн эцгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон...хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Ц  овогт О ын Д  /******* / -ын төрсөн эцэг Х овогт Д.М/***********/ мөн болохыг тогтоож, эцэг Д.Мөаас хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч Д.Мө нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадахгүй, өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх боловч хүрэлцэн ирж чадахгүй хүндэтгэн үзэх шалтгаантай талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж заасан байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч П.О ын төлсөн 102.729  төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729  төгрөгийг хариуцагч Б.Мөаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар О ын Д  /******* / -ын төрсөн эцэг Х овогт Д.М/***********/ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.140.1.2-д зааснаар 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Ц  овогт О ын Д  /******* /-т  11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Х овогт Д.М/***********/-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 зааснаар нэхэмжлэгч П.О ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729  /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729  /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.О д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА