Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2019/00755

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************* оршин суух, Х  овогт П.З /************* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Хөвсгөл аймгийн **************** оршин суух, Ж  овогт Б.Г /************ /-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч П.З  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.З  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.З  нь Б.Гтэй 2014 онд танилцаж үерхэж байгаад 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүү Ган-Эрдэний Сыг төрүүлсэн цагаас хойш орон гэр ч үгүй энд тэнд ирэн, очин байсан. Намайг хүүхдээ эцэг, эхээр минь харууллаа гэж дүү Б.Ганзориг нь цохиж унагаагаад зодсон. Улаанбаатар хотод резидентэд сурч байхад олон удаа гэрээсээ харанхуй шөнө хөөдөг болсон. Чи үхвэл бүр сайн, дахиад нэгийг олоод авна гэж загнасан. Мөн өмнөх эхнэрээ хөөж явуулчихаад болоод л байна.Төр ямар хуультайг мэдэхгүй л юм байна гэсэн.

Иймд хүүхдийн эрхийг хамгаалан албан ёсны тэтгэлэгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.З  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2014 онд хүүхдийнхээ эцэгтэй 12 сард танилцаад үерхэе, гэрлэя гэж шийдээд бид хүүхэдтэй болоод 2015 оны 3 дугаар сард хүүхдээ төрүүлсэн. Миний мэргэжилтэй холбоотой дуудлаганд явах зэрэгт янз бүрийн асуудал гардаг байсан. Би хүүхдээ 2 сартай байхад ажилдаа орж байсан. Хүүхэд маань тархины даралттай байсан учраас уйланхай байсан. Манай ээж хүүхэд харах боломжгүй гэсэн учир Ган-Эрдэнийн эцэг эхээр харуулдаг байсан. Бид хадмынхаа хашаанд гэрээ бариад амьдрах болсон. Амьдрах хугацаанд Ган-Эрдэнийн дүү нар нь амьдралд их оролцдог байсан. Г ч гэсэн миний ажлыг ойлгохгүй бидний хооронд байнгын хэрүүл маргаантай байдаг байсан. 2017 оны 8 дугаар сард намайг зодсон. Түүнээс хойш бидний харилцаа хөндийрсөн. Хүүхэд өвдлөө гэхэд түүний эцэг эх нь хардаг. Г өөрөө хүүхдээ хардаггүй. 2018 оны 2 дугаар сараас хойш бид салсан. Би 2018 онд рецедентээ төгсөж ирээд хүүхдээ хадмынхаас авсан. Би рецедэнтээ төгсөж ирээд хамт амьдраагүй салсан. Би гэр бариад хадмын хашаанд амьдарч байсан. Би энэ хүнтэй амьдрах гэж их хичээсэн. Би тэгээд цалингийн зээл аваад гэрээ бариад хамт амьдаръя гэхэд дуртай юм бол чи өөрөө гэрээ бариад амьдар гэж хэлсэн. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Г нь П.З ын нэхэмжлэлтэй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь П.З тай 2014 онд танилцан үерхэж байгаад улмаар бидний дундаас 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүү Г.С төрсөн. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, нэг гэрт ороогүй ч гэсэн З ыг Улаанбаатар хотод хоёр жил суралцах хугацаанд хамт амьдардаг байсан. Миний хүү Г.С нь төрснөөсөө хойш манай аав, ээж дээр өсөж Тариалан суманд ирэн, очин хамт амьдардаг байсан бөгөөд 2018 оны цагаан сараас хойш З  хүүгий минь уулзуулахгүй, утсаар яриулахгүй, манай гэр рүү явуулахгүй байгаа юм. Би эцэг хүний хувьд хүү Стойгоо уулзаж, гэртээ аваачиж хамт байж эцэг хүний үүргээ биелүүлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэгч П.З аас миний энэ хүсэлтийг хүлээн авч эцэг, үрийн холбоог таслахгүй уулзуулж байхыг хүсэж байна.

Иймд Б.Г би П.З ын хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.З  нь хариуцагч Б.Гд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч П.З , хариуцагч Б.Г нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж, хамтран амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч П.З  нь жирэмсэлж тэдний дундаас хүү Г.С төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хэрэгт авагдсан 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Ж  овогт Г.С/*************-ийн 6731000031 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатчаар гэрчлүүлсэн/

Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн эмч А.Тунгалагийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн Г овогтой С, эр, 4 нас 4 сартай, ам бүл 5, Мандал багийн 5-11 тоотод оршин суудаг. Хүүхдийн өсөлт бойжилт хэвийн, цэцэрлэгээр хүмүүждэг, биеийн эрүүл мэнд эрүүл болохыг тодорхойлов. гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Ж  овогт Г.С/*************-д эцэг Ж  овогт Б.Г /************ / -ээс хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно:

40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;

40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж заасан байх тул хүү Г.Сод эцэг Б.Гэс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралд очиж чадахгүй, намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү шүүхээс гарсан шийдвэрт гомдолгүй гэж мэдэгдсэн боловч хүрэлцэн ирж чадахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3,100.4-т зааснаар хариуцагчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэж хэргийг шийдвэрлэв.

Түүнчлэн хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... Би эцэг хүний хувьд хүү Стойгоо уулзаж, гэртээ аваачиж хамт байж эцэг хүний үүргээ биелүүлэх хүсэлтэй байна. ... гэсэн байх ба энэ талаархи нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан зохигчийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэсэн эрхээ тус тус хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүйг дурьдав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т тус тус зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч П.З ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.529  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гэс 32.529  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.140.1.2-д зааснаар 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Ж  овогт Г.С/*************-д 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг  Ж  овогт Б.Г /************ /-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 зааснаар нэхэмжлэгч П.З ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.529  /гучин хоёр мянга таван зуун хорин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гэс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.529  /гучин хоёр мянга таван зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.З д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА