Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2024/00984

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2024/00984

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Т.Н-гийн хүсэлттэй,

 

Хүсэлтийн шаардлага: 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Завхан аймгийн Асгат сумын Тэжээлийн аж ахуйд нормчиноор, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хооронд тус аж ахуйн захиргаанд бичээчээр тус тус ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 05 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дүгээр сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Т.Н

Гэрч Л.Б, Р.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Т.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие Т.Н нь 1985 оноос 1995 он хүртэл Завхан аймгийн Баянхайрханы ТАА үтрэмд нооромчноор болон тус аж ахуйн захиргаанд бичээчээр ажиллаж байсан. Одоо тэтгэвэртээ гарах гэтэл дээрх үеийн ажиллаж байсан байдлын архивын лавлагаа баримт олдохгүй, ажилласан жилд тооцох боломжгүй байгаа тул 1985 оны 09 сараас 1990 оны 07 сар хүртэл тус аж ахуйн үтрэмд нооромчноор болон 1990 оны 07 сараас 1995 оны 03 сар хүртэл аж ахуйн захиргаанд бичээчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 120039 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-4-5/, охин Б.Бурмаагийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-6-8/, гэрэл зураг /хх-9/, гэрч Р.С-ийн тодорхойлолт болон иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1984 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 211453 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, гэрч Л.Б-гийн тодорхойлолт болон иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 260952 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-10-15/, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/867 дугаартай Завхан аймгийн Архивын тасгийн албан бичиг /хх-23/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Т.Н хүсэлтийн үндэслэлээ, 1985 оны 09 дүгээр сараас 1995 он хүртэл Завхан аймгийн Баянхайрханы ТАА, Асгат ТАА-д үтрэмд нормчиноор болон тус аж ахуйн захиргаанд бичээчээр ажиллаж байснаа тогтоолгоно гэжээ.

2. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Т.Н-гийн 120039 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1985 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс Баянхайрханы Тэжээлийн аж ахуйд үтрэмийн ажилтан-аар томилж 1990 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс үтрэмийн ажилтнаас чөлөөлж, бичээчээр томилсон, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянхайрханы Тэжээлийн аж ахуйн бичээчийн ажлаас чөлөөлж 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нарт компаний бичээчээр 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны тамга тэмдгээр баталгаажуулан бичсэн байна.

3. Гэрч Р.С: би 1986 онд цэргээс халагдаж ирээд Завхан аймгийн Баянхайрханы Тэжээлийн аж ахуйн үтрэмд ажиллаж байхад Б.Нямсүрэн хамт үтрэмд ажиллаж байсан. 1991 оноос би, тус Тэжээлийн аж ахуйд тартал нь мал хариулсан бөгөөд Б.Нямсүрэн дараа нь бичээч хийж байсан, мөн Тэжээлийн аж ахуйг тартал ажилласан...,

4. Гэрч Л.Б: Б.Н би хамт нэг сургууль төгссөн. 1988 онд Баянхайрханы Тэжээлийн аж ахуйн үтрэмд 15 хоног ажиллаад 7-р бригадад агротехникчээр ажилласан. Тэр үед Т.Н үтрэмд ажиллаж, мөн бичээчээр ажиллаж байсан. Би 2020 онд хүртэл ажилласан... гэсэн.

5. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр Т.Н нь 1985 оны 09 сараас 1990 оны 07 сар хүртэл Завхан аймгийн Баянхайрханы Тэжээлийн аж ахуйн үтрэмд ажилтнаар /нормчиноор/, 1990 оны 07 сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бичээчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Нарт компанид бичээчээр тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

6. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ТН-г 1985 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1990 оны 07 сар хүртэл Завхан аймгийн Баянхайрханы Тэжээлийн аж ахуйн үтрэмд ажилтнаар /нормчиноор/, 1990 оны 07 сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бичээчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Нарт компанид бичээчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА