| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 182/2019/02637/и |
| Дугаар | 683 |
| Огноо | 2020-03-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 683
“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
В.У-, В.А- нар нь манай банктай 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 1580013490 тоот зээлийн гэрээ байгуулан 14 200 000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, цалингийн буюу өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Байгууллагаас 14 200 000 төгрөгийг хариуцагч В.У-гийн дансанд шилжүүлсэн. Мөн зээлийн барьцаанд хариуцагч В.У- нь өөрийн өмчлөлийн 35-32 УНА улсын дугаар бүхий, 5 900 000 төгрөгийн үнэлгээтэй Тоёота аллион маркийн автомашин, 22 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий тогтмол цалин орлогыг фидуцийн гэрээг барьцаалж, машины бичиг баримтыг банкны нэр дээр, харин машиныг өөрөө эзэмшиж, ашиглаж байхаар тохиролцсон. Гэрээний хугацаанд зээлдэгч нар нь үндсэн зээлд 2 521 748 төгрөг, хүүд 2 189 995 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2820 төгрөгийг төлсөн байна. Харин зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаа хэтрүүлж, 2019 оны 6 сараас хойш огт төлөлт хийхгүй болсон. Гэрээний үүргээ биелүүлэхийг В.У-гаас шаардаж байсан боловч биелүүлээгүй, ирж уулзахгүй байсан. Иймд банк гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээл, хүүний тооцооллыг хийсэн. Хариуцагч нарын төлөөгүй зээлийн үлдэгдэл нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 11 678 251 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 161 хоногийн хүү, жилийн 18 хувь, сарын 1.5 хувиар тооцоход 971 093 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 11 707 төгрөг, нийт 12 661 052 төгрөг болж байна. Хариуцагч В.А-гийн хувьд хамтран үүрэг хүлээсэн тул хариуцагч нараас 12 661 052 төгрөгийг гаргуулж өгнө үү. Фидуцийн гэрээнд зааснаар бид барьцааны машинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой боловч хариуцагч В.У- өөрөө ашиглаж байгаа бусдын өмчид шууд халдах боломжгүй учир шүүхийн журмаар барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсэж байна. Харин цалингийн хувьд В.У- нь ажилгүй болсон, цалин, орлогогүй болсон байх тул зөвхөн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсэж байна гэжээ.
Хариуцагч В.У- шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие цалингийн зээлийн хүү болон алданги төлөхийг зөвшөөрөхгүй байна. Зээл авснаас хойш уг зээлийн хүүг төлж байсан боловч хасагдаагүй байна. Гэхдээ зээлийг эргэн төлөхөд хугацаа хэрэгтэй байгаа учир хугацаа олгож өгнө үү. Би хөгжлийн бэрхшээлтэй болж, ажил хийх боломжгүй, эрхэлсэн ажилгүй байгаа тул зээлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч В.А- шүүхэд гаргасан тайлбартаа:
Би В.У-гийн зээлийн гэрээнд батлан даагчаар орсон бөгөөд В.У- нь авсан зээлээ өөрөө хариуцна. Тийм учраас би төлөхгүй. Миний бие өөрөө цалингийн зээлтэй, эхнэр жирэмсэн, гэртээ байдаг учир төлөхгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хариуцагч В.У-, В.А- нараас 12 478 239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 182 813 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн барьцаанд байгаа хариуцагч В.У-гийн өмчлөлийн 5 900 000 төгрөгийн үнэлгээ бүхий 35-32 УНА улсын дугаартай Тоёота аллион маркийн, усан цэнхэр өнгийн автомашиныг түүнээс бодитоор гаргуулан авч, худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч “ХБ” ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 287 727 /217 527+70 200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч В.У-, В.А- нараас 284 802 /214 602+70 200/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 182 813 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
“ХБ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох 12 661 052 төгрөгийг гэрээ цуцалсан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 11 678 251 төгрөг, зээлийн хүү 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 161 хоног, жилийн 18 хувь, сарын 1.5 хувиар тооцож 971 073 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 707 төгрөг гэж задлан тайлбарлаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга зэрэг холбогдох нотлох баримтуудыг гарган өгсөн.
Гэтэл анхан шатны шүүхээс дээрх тооцооллыг нягталж үзээд зээлийн үлдэгдэл 11 678 251 төгрөг, зээлийн хүү 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 4 сар, 15 хоног, 11 678 251 төгрөг* 1 сарын хүү 1.5 хувь=175 174 төгрөг * 4 сар=700 696 төгрөг, 175 174 төгрөг/30=5839 төгрөг*15 хоног=87 585 төгрөг, 700 696 төгрөг+87 585 төгрөг=788 281 төгрөг гэж тооцоолж, нэхэмжлэлийн шаардлагаас 182 813 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална” гэж заасан ба Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-203 дугаартай тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 2.1 дэх хэсэг болон 1 дүгээр хавсралтад заасны дагуу /Хүү=Зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл*3арласан хүүгийн хувь*Ашигласан хуанлийн хоног/365 гэсэн аргачлалаар бодохоор заасан бөгөөд Хас банкны хувьд тус томьёолол, аргачлалын дагуу тооцоолон нэхэмжлэлийн шаардлагадаа тусгасан ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байхад анхан шатны шүүхээс өөрийн үзэмжээрээ зээлийн хүүг тооцоолж, ийнхүү тооцоолсон тооцоололдоо үндэслэн үндсэн хүүгийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн 2019 оны 5 болон 6 дугаар сард зээлдэгч нь зээлийн хүүгийн төлбөрт нийт 319 015 төгрөг төлөх ёстой байсан боловч зээлдэгч 5 дугаар сарын 27-ны өдөр төлөлт хийгээгүй, харин 6 дугаар сарын 20-ны өдөр 136 924.04 төгрөгийн төлөлт хийсэн, үлдэгдэл 182 090.96 төгрөг дутуу төлөгдсөн нь харагдана.
Дээрхээс үзвэл зээлдэгч нь 5 дугаар сарын 27-ны өдөр төлөлт хийгээгүй байх бөгөөд 5 дугаар сарын зээлийн хүүгийн төлбөрийг 6 дугаар сарын 20-ны өдөр төлсөн байна. Өөрөөр хэлбэл 5 дугаар сарын зээлийн хүүг хугацаа хэтрүүлэн дутуу төлсөн, 6 дугаар сарын зээлийн хүүгийн төлбөрийг огт төлөөгүй байх тул банкны зүгээс тооцооллыг 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хийсэн болно.
Анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй зээлдэгчийн хамгийн сүүлд төлбөр хийсэн өдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн хүүгийн төлбөрийг тооцоолж, нэхэмжлэлийн шаардлагаас 182 813 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийг нотлох баримтыг цогцоор нь нарийвчлан судалж, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 182 813 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах, хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд хариуцагч нарт тэдгээрийн эзэмшилд буй дээр дурдсан фидуцийн хөрөнгийг Хас банкны эзэмшилд шилжүүлэн өгөхийг даалгах гэж шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч В.У-, В.А- нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 12 661 052 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг буюу хүү алдангийг зөвшөөрөхгүй гэж хариуцагч татгалзжээ.
Зохигчдын хооронд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “ХБ” ХХК нь 14 200 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч В.У-, В.А- нар нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу буцаан төлөх үүрэг хүлээж, мөн өдрийн фидуцийн гэрээгээр зээлдэгч нар өөрийн өмчлөлийн 35-32 улсын дугаартай Тоёота аллион маркийн автомашин, тогтмол цалингийн орлогыг зээлийн үүргийн баталгаа болгон барьцаалсан, гэрээний нөхцлийг талууд харилцан тохиролцож тогтоосон байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Хариуцагч В.У- нь зээлийн хөрөнгийг хүлээн авч төлж байсан боловч ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй болсон учир зээлийг хуваарийн дагуу төлж чадаагүй, хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч В.А- нь зээлийн мөнгийг В.У- авсан, гэрээнд зөвхөн батлан даагчаар орсон тул зээлийг төлөх үндэслэлгүй гэж тус тус татгалзал гаргасан байна.
Шүүх талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаар дүгнэж, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалж, төлбөр шаардсаныг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, гэрээний 5.1.1, 5.1.4-т заасныг зөрчөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь зөв.
Хариуцагч нар нь гэрээ байгуулагдсанаас хойш үндсэн зээлд 2 521 748 төгрөг, хүүд 2 189 995 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2802 төгрөг, нийт 4 714 545 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон ч, гэрээний хавсралтаар баталсан зээл эргүүлэн төлөх хуваарийг зөрчсөн, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах 2019 оны 11 дүгээр сарын 4-нийг хүртэлх хугацаанд төлөлт хийгээгүй нь тогтоогдсон байх бөгөөд зээлдүүлэгч зээлийн гэрээний 5.1.1-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний 5.2-т зааснаар зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.
Хариуцагч В.А- нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, гэрээний нөхцлийг зөвшөөрч гарын үсэг зурсан үүрэг хүлээгч байх бөгөөд нэхэмжлэгч гэрээний тал болох 2 үүрэг гүйцэтгэгчийг хариуцагчаар тодорхойлсон нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт нийцнэ.
Зээлдэгчийн төлбөл зохих төлбөрийн үлдэгдэл нь 2019 оны 11 дүгээр сарын 4-ний байдлаар үндсэн зээл 11 678 251 төгрөг, хүү 971 093 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 707 төгрөг, нийт 12 661 052 төгрөг болох талаарх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тооцооллыг алдаатай гэж хариуцагч тал маргаж, баримтаар няцаагаагүй, харин төлбөрийн чадваргүй болсон тул хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэжээ.
Зээлдэгч талын хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй гэх татгалзал үндэслэлгүй бөгөөд хүү төлөх, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг зээлдэгч гэрээгээр хүлээсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх”, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн “авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох” зохицуулалтад нийцнэ.
Шүүх үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт тооцохдоо зээлдэгчийн 2019 оны 5 дугаар сард хийсэн зээлийн төлөлт нь төлбөл зохих хэмжээнээс 182 813 төгрөгөөр дутуу байсныг анхааралгүйгээр мөн оны 6 дугаар сарын 20-ноос хойшхи төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь алдаатай байгааг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн, нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Зохигчид зээлийн үүргийн баталгаа болгон фидуцийн гэрээ байгуулж, “үүрэг хүлээгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд банк фидуцийн хөрөнгийг үүрэг хүлээгчээ бодитойгоор гаргуулан авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн зохицуулалтад нийцэх ба банк буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь фидуцийн зүйлийг өөрт шилжүүлэн авалгүйгээр барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00051 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “12 478 239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 182 813 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “12 661 052 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын “284 802 /214 602+70 200/ төгрөг” гэснийг “287 727 /217 527+70 200/ төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 6 135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
А.ОТГОНЦЭЦЭГ