Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 332

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0329/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагч О-,

Шүүгдэгч Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Юнрэнгийн Б-д холбогдох эрүүгийн 1718000290126 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Б- /, 1974 оны 9 дүгээр сарын 19-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, ээж, 2 хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15 дугаар баг, Рашаантын 1-31 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б- нь 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 29 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Улаан-Уул” нэртэй хүнс, барааны дэлгүүрийн лангуунаас иргэн О.Батцэцэгийн эзэмшлийн Самсунг Жи-7 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 534000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б- нь 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багт байрлах “Улаан-Уул” хүнс, барааны дэлгүүрийн лангуун дээрээс иргэн О.Батцэцэгийн эзэмшлийн Самсунг Жи-7 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б-гийн өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 04-нд Шарын гол сумын “Улаан-Уул” дэлгүүрийн лангуун дээрээс Самсунг Жи-7 маркийн гар утас авсан нь үнэн. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Гар утсыг нь хохирогчид буцааж өгсөн. Энэ бичлэг дээр гарч байгаа хүн бол би мөн байна. Би өндөр настай ээж, 2 хүүхдийн хамт амьдардаг. Манайд надаас өөр ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй. Иймд ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү. Маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч О.Батцэцэгийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 04-нд Шарын гол сумын Хайрхан багт байрлах “Улаан-Уул” нэртэй хүнсний дэлгүүр дээрээ ажлаа хийж байгаад Самсунг Жи-7 маркийн гар утсаа алдсан. Хяналтын камер шүүж үзэхэд 40 орчим настай цагаан юүдэнтэй малгайтай эмэгтэй хүн аваад гарч байгаа бичлэг байсан... гэх мэдүүлэг /хх-20/,

Гэрч Л.Цэцэгмаагийн өгсөн:  2017 оны 7 дугаар сарын 04-ны өдөр “Улаан-Уул” нэртэй хүнсний дэлгүүр дээрээ ажлаа хийж байхад 11 цагийн орчим манай үйлчлэгч Батцэцэгийн утас дуугараад байсан. Харсан чинь Батцэцэгийн хүүхэд залгаад байхаар нь би “Батцэцэгээ хүүхэд чинь залгаад байна” гэж хэлээд утсыг нь лангуун дээр гаргаж тавьсан. Манай дэлгүүрийн эзэн Энх-Эрдэнэ ороод ирэхээр нь утсыг нь лангуун дээр үлдээгээд тийшээ очсон... гэх мэдүүлэг /хх-21/,

Б-гаас Самсунг Жи-7 маркийн гар утас хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-23-24/, Самсунг Жи-7 маркийн гар утсыг хохирогч О.Батцэцэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-25/, “Энх-Чамин” ХХК-ийн “Улаан-Уул” хүнс барааны дэлгүүрийн хяналтын камерын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 27 минут 00 секунтээс 32 секунтийн бичлэгийг хуулбарласан 1 ширхэг CD-ийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөн байцаагчийн тогтоол /хх-18/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий CD зэрэг хэрэгт хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар нотлогдож байна.

Хохирогч О.Батцэцэгийн алдсан гэх гар утас нь 534000 төгрөгийн үнэтэй болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээгээр /хх-23/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Б-гийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багт байрлах “Улаан-Уул” хүнс барааны дэлгүүрийн лангуун дээрээс иргэн О.Батцэцэгийн эзэмшлийн 534000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-7 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Батцэцэгт 534000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Б- нь Самсунг Жи-7 маркийн гар утсыг биет байдлаар хохирогчид буцааж өгсөн байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Юнрэнгийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР