Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ДШМ/063

 

            Б.*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Цагаатгагдсан этгээд Б.*******

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Р.Уранцэцэг /онлайн/

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/236 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар эсэргүүцлээр Б.*******д холбогдох эрүүгийн 1814002380179 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өөлд овогт *******гийн *******, ......... оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2010 оны 8 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2011 оны 2 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар /*******/

Б.******* нь 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дэлгэрэх захад байрлах *******ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах болох дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 365.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/       

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өөлд овогт *******гийн *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.*******г цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******д холбогдуулан түүний хувьд ноогдох эд хөрөнгө битүүмжилсэн болон таслан сэргийлэх арга хэмжээ авсан прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож эрүүгийн 1814002380179 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар Б.*******гийн эзэмшлийн S-5 маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.*******д буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.9 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар СД-ийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг шийдвэрийг давж заалдах хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулга 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар эсэргүүцэлдээ: Б.*******г цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн буюу тухайн өдөр цагаан идээний дэлгүүрийн эзэн хохирогч С.Бадарч, түүний нөхөр , хажуу талын дэлгүүрийн Ж.Туул нарыг хохирогч, гэрчээр байцааж 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр юу хийсэн, ямар хүмүүс ирсэн талаар байцаалт авч, тухайн өдөр *******ийн дэлгүүрт орой орж ирсэн гэх Ж.Туулын хүү *******, түүний найз ******* нарыг гэрчээр байцааж, мөн тухайн өдөр уг дэлгүүрийн үүдэнд байсан буюу Б.*******тай таарсан гэх таксины жолооч нарыг гэрчээр байцааж, гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн камерын бичлэгийг хуулбарлан авч эд мөрийн баримтаар тооцсон зэрэг ажиллагааг явуулсан. Дээрх нотлох баримтуудаар Б.******* нь хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон.

2. Цагаатгах тогтоолд хяналтын камерын бичлэгт бичигдсэн хүмүүсийг хэн болохыг нэг бүрчлэн шалган тогтоох ажиллагаа хийгээгүй гэсэн үндэслэл заасан.

Гэтэл уг камерт бичигдсэн бичлэгт Б.*******гийн зах руу орж ирээд гэрч тай мэндэлчихээд хэсэг харагдахгүй байж байгаад буцаад явдаг бөгөөд цаад талд нь хулгайн гэмт хэрэг гарсан дэлгүүрийн өмнө хүмүүс байж байгаад мотоцикльтой 2 хүн хөдлөөд явахад бусад хүмүүс нь уг дэлгүүрийн үүднээс яваад үүний дараа Б.******* уг дэлгүүр ороод буцаад гарч яваа бичлэг байдаг. Эдгээр хүмүүс нь мөрдөн байцаалтад тодорхой авагдсан *******, ******* нар бөгөөд тэдгээрийн *******, нартай уулзаад мотоцикльтой яваад өгсөн. Харин *******, нар нь Ж.Туулын дэлгүүр рүү явж байгаа бичлэг юм. Уг бичлэгт Б.******* нь захын хаалгаар гарах гэж явж байгаад хүмүүс явсаны дараа эргэж дэлгүүрт хууль бусаар нэвтэрч байгаа үйлдэл нь тодорхой харагддаг.

3. Хэргийн газрын үзлэгийг хэрэг илрүүлэх ач холбогдол алдсан хойно хийсэн, мөрдөн байцаалтын явцад дэлгүүрт ороод түрийвчнээс мөнгө авахад ямар хугацаа орохыг тогтоох зорилгоор туршилт хийгээгүй гэжээ.

Хэргийн газрын нөхөн үзлэгийг хожуу хийсэн боловч уг дэлгүүр нь дотроо ямар зохион байгуулалттай, ямар хэмжээтэй болох талаар тусгагдсан бөгөөд уг дэлгүүр нь дотроо зай багатай болох нь тэмдэглэл зургаар тогтоогдож байгаа ба яллагдагчийн мөнгө авахад хэр хугацаа зарцуулах талаар туршилтаар тогтоох боломжгүй. Нөгөө талаар хохирогч нь Б.******* дэлгүүрт орж ирээд юм авахгүй үнэ асуучихаад гараад явдаг залуу байна, гэрч ын Б.******* нь дэлгүүрийн буланд зогсоод байсан гэсэн мэдүүлэг болон камерын бичлэг зэргээс дүгнэхэд Б.******* нь хулгай хийх талаар урьдаас төлөвлөж хүн гарч явахыг хүлээж байгаад орсон болох нь тогтоогдож байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга гаргасан дүгнэлтэндээ: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.******* нь уг хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүгд хийгдсэн тул эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Цагаатгагдсан этгээд Б.******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийг хийгээгүй, өмнө нь ч энэ дэлгүүрээр орж байгаа. Хохирогч худал мэдүүлэг өгч байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Р.Уранцэцэг тус шүүх хуралдаанд /онлайн/ гаргасан саналдаа: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.******* нь хохирогч нарын мөнгийг авсан гэдэг нь тогтоогддоггүй, мөн хохирогчийн хэтэвчинд тийм хэмжээний мөнгө байсан уу гэдгийг ч нотолж чадаагүй. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан,  илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатган шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.*******д холбогдох эрүүгийн 1814002380179 дугаартай хэргийг Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлж, тус шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагч шүүгчийг томилжээ.  

Шүүгч хэргийг хүлээн авсанаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харъяалах шүүхэд шилжүүлэх шийдвэрүүдийн аль нэгийг гаргах ёстой байтал Б.*******гийн өмгөөлөгчийн зүгээс 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1, 6.10, 6.13-т заасны дагуу өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, мөн нотлох баримт цуглуулах бэхжүүлэхтэй холбоотой гомдол хэлэлцүүлхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн уг хүсэлтийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж уг өдрөө буюу хэргийг хүлээн авсанаас хойш нэг өдрийн дараа яллагдагчийг шүүхэд шилжүүлэн шүүх хуралдааны товыг тогтоосон нь буруу байна.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас үзвэл талууд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан тохиолдолд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг заавал явуулхаар хуульчилсан байтал өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан мөн зүйлийн 6.1, 6.10 дахь хэсэгт заасан өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх хуралдаанд дуудах хохирогч шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх оролцогчийн санал хүсэлтийг зайлшгүй шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх үндэслэлтэй болно.

Харин нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдлыг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй тохиолдолд хэлэлцэхгүй орхиж анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой юм.

Цаашид хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангах үүднээс талуудын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хэдэн ч удаа явуулах боломжтойг анхаарвал зохино.

Түүнчлэн шүүхийн цагаатгах тогтоолд дурдагдсан үндэслэлүүд нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулан онцгой ач холбогдолтой нотлох баримт харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Мөн анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Б.*******д холбогдох зарим асуудлыг давхардуулан шийдсэн байгааг дурдав.

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон тул хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/236 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.*******д холбогдох эрүүгийн 1814002380179 дугаартай хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй,

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.УЛАМБАЯР    

            ШҮҮГЧИД                                                       Н.ЭНХМАА

М.МӨНХДАВАА