Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 194

 

Э.З-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 173 дугаар магадлалтай, Э.З-т холбогдох 1806017871303 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 4 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Е овогт Э-ын З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.З-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн нар хамтран гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-т 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлүүлэхээр шүүгдэгч Э.З болон түүний өмгөөлөгчдийн зүгээс давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан заалтыг хэт яллах талд тайлбарлан буруу хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн нь ялтны хохирлоо барагдуулж, гэм буруугаа хөнгөрүүлэх, өөрийн үйлдэлд тохирсон ял шийтгэлээр шийтгүүлэх, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм хороо арилгаж буй байдлыг шууд үгүйсгэсэн гэж үзэж уг гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргаж байна. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол хүсэлтийн гол үндэслэл нь шүүгдэгч Э.З- нь энэ хэрэгт эрх зүйн хувьд буруу байдлаар дүгнэлт хийж, хохирогч Т.Б-ын алдсан гэх 2,915,000 төгрөгийн үнэлгээ бүхий бөгж, гинжийг аваагүй гэж гэм буруугийн хувьд анхан шатны шүүхэд оролцсон өмгөөлөгчийн зөвлөгөөгөөр маргасан нь алдаатай, гэм буруугаа ухамсарлаагүй дүгнэлт болохыг ойлгож, хохирогчийн эд зүйлийг нууцаар авсан гэм буруутай болохоо бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан баримт, хохирогчийн зүгээс гэм бурууг нь хөнгөрүүлэх хүсэлт зэргийг гаргасан боловч хүлээн аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлаагүй, улмаар Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг хэрэглэлгүй шийдвэрлэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа гэм буруугаа хөнгөрүүлэх, хохирол төлбөрөө барагдуулах, хохирогчтой эвлэрэх зэргээр өөрийн үйлдсэн хэргийн хохирол, хор уршгийг арилгаж, гомдол гаргаснаар түдгэлзсэн байгаа анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах, хэргийн зүйлчлэл, нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байхад давж заалдах шатны шүүх зөвхөн анхан шатны шүүхэд гэм буруугаа хүлээгээгүй гэж дүгнэсэн нь хуулийн дээрх боломжийг хэт яллах талд буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн үйлдсэн хэргийг сайн дураараа хүлээж, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр болох 2,915,000 төгрөгийг хохирогч Т.Болдбаатарт бүрэн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болсон байх тул давж заалдах шатны шүүхээс хорих ялыг хөнгөрүүлэх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээтэй. Дээрх заалтууд нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгоогүй гэж үзнэ.” гэж тодорхойлсон нь бүхэлдээ илт үндэслэлгүй дүгнэлт бөгөөд “хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх” Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасныг баримтлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг шууд зөрчсөн, хэт субьектив /хийсвэр/ дүгнэлт гэж үзэж эс зөвшөөрч байна. Иймд шүүгдэгч Э.З-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан мөн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд уг заалтыг заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг болгосон заалт биш гэсэн үндэслэлээр хэрэглээгүй үндэслэлээ тайлбарласан. Шүүгдэгч Э.З- нь учруулсан хохирол, төлбөрөө бүрэн төлсөн, 5 сар хоригдох хугацаандаа үйлдсэн гэмт хэргийн талаар дүгнэлт хийж, гэмшиж байгаа болно. Иймд дээрх хуулийн заалтыг хэрэглэж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр хэлсэн саналдаа “Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнтэй санал нэг байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Э.З-ын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон байна. Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хуульд заасан ял хөнгөрүүлэх заалтыг хэрэглэхэд татгалзах зүйлгүй болно. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Э.З нь 2018 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 75 дугаар байрны 90 тоотод оршин суух иргэн Т.Б-ын гэрээс монетон бөгж, гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 2,835,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.З-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Э.З нь гэм буруугийн талаар маргаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй учир анхан шатны шүүх түүнд 2 жил хорих ял оногдуулсныг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсний дараа шүүгдэгчийн зүгээс гэм хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэргийн талаар гэмшиж, учруулсан хохирол, төлбөрөө бүрэн төлж барагдуулан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бий болсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, тэнсэх болон чөлөөлөх үндэслэлүүдийг тогтоон хэрэглэх зохицуулалтыг хэргийг хянан шийдвэрлэж байгаа анхан болон давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамааруулан хуульчилсан тул үндэслэлээ заагаагүйгээс бусад тохиолдолд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухай дүгнэх, хэрэглэвэл зохих хууль гэж үзэх боломжгүй.

Тийм боловч шүүгдэгч Э.З нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан зэрэг хэргийг шүүхэд хянан хэлэлцэх явцад бий болсон нөхцөл байдлыг хяналтын шатны шүүх өөрийн эрх хэмжээнд харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь эрүүгийн хариуцлага шударга байх зарчимд нийцнэ гэж үзээд харин шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэв үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулахаар тогтов.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн нарын гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 173 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнсэгдсэн хугацаанд шүүгдэгч Э.З-т оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З нь шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зохих хугацаанд биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай” гэсэн нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Э.З-т хорих ял оногдуулсан, ял эдлэх дэглэм тогтоосон 2, 3 дахь заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай.

                     

 

                                     ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН