| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04613/И |
| Дугаар | 182/ШШ2024/03393 |
| Огноо | 2024-08-14 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 182/ШШ2024/03393
2024 08 14 182/ШШ2024/03393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: .......................... байрлах, Ч-ын хүсэлттэй,
..................... тоот хаягт оршин суух, Х овогт Ш.Э /РД:0000000000/-ийг албадан эмчлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, гуравдагч этгээд Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч нь Ш.Э-ийг албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргаж, хүсэлт /нэхэмжлэл/-ийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1....Ш.Э нь ............... тоотод байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, зөрчил гаргаж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн өөрийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэж байгаа бөгөөд согтууруулах донтой этгээдийн эмнэлгийн магадалгаагаар 2 дугаар зэргийн донтолттой байх тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү... гэв.
2.Гуравдагч этгээд Ш.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд архи ууж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зүйл байхгүй учраас архины эмчилгээнд явмааргүй байна. Эмч намайг архины эмчилгээнд явах шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргасан байгаа... гэв.
3.Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар Ч-ийн М.Х итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон 2024.08.13-ны өдрийн 30Л/1135 тоот албан бичиг, М.Х-ний ажлын үнэмлэхийн хуулбар, М.Х-ийг Ч............................... томилсон Ц.................. хэлтсийн 2024.07.22-ны өдрийн 2555 дугаартай мэдэгдэх хуудас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын даргын Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай 2024.07.16-ны өдрийн Б/258 дугаар тушаал, Ц.А-ийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын даргаар томилсон Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2024.01.12-ны өдрийн 50 дугаартай мэдэгдэх хуудас, Ц.Т-ыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн даргаар томилсон Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2024.01.29-ний өдрийн 167 дугаартай мэдэгдэх хуудас, Ш.Э-ийн эхнэр О.С-ийн хүсэлт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, 2024.07.31-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, 2024.08.13-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2024.08.12-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2024.08.13-ны өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, 2024.08.13-ны өдрийн Согтууруулах, мансууруулах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, Иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024.08.07-ны өдрийн 248 тоот Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын оршин суух хаягийн болон ам бүлийн тодорхойлолт, Цагдаагийн ASAP сангийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны хамтарсан багийн 2024.08.13-ны өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн архины эмчилгээнд хамрагдсан тухай тодорхойлолт, 2024.08.13-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоол зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Ч нь Ш.Э-ийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт /нэхэмжлэл/-ийг гаргасан ба шүүх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэжээ.
Гэвч Цагдаагийн байгууллагын ASAP сангийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024.08.13-ны өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт-ээр хүсэлт гаргагчийн хүсэлтэд дурдагдсан Ш.Э нь байнга архидан согтуурдаг, согтуурах, мансуурах донтой гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагын ASAP санд авагдсан зөрчлийн талаарх мэдээлэлд Ш.Э нь хамгийн сүүлд 2021.07.30-ны өдөр эрүүлжүүлэгдэх арга хэмжээ авагдсан талаар бүртгэгдсэн.
Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024.08.13-ны өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт-ийн Согтуурах, мансуурах донтой, Согтуурах, мансуурах донгүй гэх хэсгүүдийн Согтуурах, мансуурах донгүй гэж доогуур нь зуржээ. /хх-ийн 19 хуудсны ар тал, 28 х/
Иймээс хүсэлт /нэхэмжлэл/-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Энэхүү хүсэлт /нэхэмжлэл/ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан Х овогт Ш.Э /РД:000000000/-ийг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хүсэлт /нэхэмжлэл/-ийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Ч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ шүүгч Х.ДАШДЭЧМАА