Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 166/2017/0252/Э

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0252/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од  даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч О-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О-

Шүүгдэгч И-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ачавгаа овогт Нямдоржийн Идэрт холбогдох эрүүгийн 1718000010031 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Дархан-Уул аймаг, Шарын гол суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 6 дугаар баг, Уурхайчдын 6-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай И-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч И-нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 6 дугаар сарын 12-аас 13-ны шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Дархан баг, Уурхайчдын гудамжинд эхнэр Н.Оюун-Эрдэнэтэй маргалдан түүнийг тус багийн нутаг дэвсгэрт байрлах Мобиком корпораци ХХК-ийн үүрэн сүлжээний антенн байрлуулсан уулын орой руу чирч явахдаа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

,

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б И-нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 6 дугаар сарын 12-аас 13-ны шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Дархан баг, Уурхайчдын гудамжинд эхнэр Н.Оюун-Эрдэнэтэй маргалдан түүнийг тус багийн нутаг дэвсгэрт байрлах Мобиком корпораци ХХК-ийн үүрэн сүлжээний антенн байрлуулсан уулын орой руу чирч явахдаа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Н.Идэрийн ”...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ахин ийм хэрэг хийхгүй байж чадна” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Оюун-Эрдэнийн “...И-ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гарч ирээд намайг үгийн зөрүүгүй заамдаж аваад хажууханд байдаг жалга руу чирэхээр нь би эсэргүүцээд орилж хашгирсан чинь ямар ч хүн ирээгүй. Намайг жалга руу дахин чирч оруулаад хоёр өвдөг шалбарч хөхөрч, хоёр гар хөхөрч, үснээс зулгааж “чамайг ална” гээд орилж хашгираад уулын орой руу чирч “хоёулаа салахгүй, нар мандахаар хүслээ шивнэе” гэж хэлэхээр нь би айгаад хамт дагаж яваад уулын орой дээр байдаг хадны дунд сууж байгаад нар мандах үед нар хар гэж хэлэхээр нь “үгүй” гэж хэлсэн чинь миний нүд рүү хуруугаараа хатгаад дараа нь хоёр гараараа хүзүүнээс татаад хүчээр нар руу харуулах үед нь би дургуй байсан чинь намайг үсдээд газар унагааж зүүн бөөр хэсэг рүү өшиглөж миний өмдийг тайлж мөн дотуур өмдыг урахаар нь би гуйсан чинь болихоор нь хувцсаа өмсөөд хамт доошоо гэр рүүгээ очсон юм” /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг

Гэрч Ж.Нацагдоржийн “...2017 оны 6 дугаар сард Оюун-Эрдэнэ, Идэр маргалдаж муудалцаад Идэр зодсон, цагдаад өргөдөл өгөөд Дарханд ирээд явсан. Өмнө бол манайд муудалцлаа гээд ирэхдээ хүүхдүүдээ аваад ирдэг гэж сонсогдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн “...Н.Оюун-Эрдэнийн биед бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн өвдөг, бүсэлхийн зүүн бугалга, баруун шуунд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖурмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хавтаст хэргийн 61-68 дугаар хуудас/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба дээрх нотлох баримтууд хуульд заасан арга хэлбэрээр авагдсан, хэрэгт хамааралтай байна.

       Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Н.Оюун-Эрдэнэ нь “Н.Идэрээс хохирол гомдол санал байхгүй” гэж хүсэлт гаргасан ба талууд хохирол төлбөр, иргэний нэхэмжлэлийн талаар маргаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага бусад байдлын талаар:

 

Шүүгдэгч Н.Идэрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж Н.Идэрийн эзэмшлийн 600,000 төгрөгийн үнэлгээтэй, сартай хүрэн зүсний соёолон настны 1 тооны адууг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж торгох ялд тооцуулахаар шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Ачавгаа овогт Нямдоржийн Идэрийг гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ачавгаа овогт Нямдоржийн Идэрт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

  1. Шүүгдэгч И-бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Н.Идэрийн эзэмшлийн 600,000 төгрөгийн үнэлгээтэй, сартай хүрэн зүсний соёолон настны 1 тооны адууг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Идэрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД