Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2020/0071

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан Талын салаа тур ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Батмөнх шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ... Талын салаа тур ХХК-иас тус шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаартай Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалын Талын салаа тур ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан билээ.

Талын салаа тур ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаартай Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалын Талын салаа тур ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа үүгээр татгалзаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Талын салаа тур ХХК-ын захирал С.Батмөнх нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаартай Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалын Талын салаа тур ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэ нь тус хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Талын салаа тур ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сэнгээ овогтой Батмөнх нь захирал, гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байх тул тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэд олгосон нэхэмжлэгчийн итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах гэж заасан эрхийг олгож итгэмжилсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрх эдэлнэ, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, мөн 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх.... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Талын салаа тур ХХК-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаартай Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалын Талын салаа тур ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Талын салаа тур ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА