Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ДШМ/064

 

                                    Б.*******эд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов

Шүүгдэгч Б.*******

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/239 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.*******ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.*******эд холбогдох эрүүгийн 1814003480219 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, ......... багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 1 дүгээр сарын 20-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөг хурааж, 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар /*******/

Б.******* нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг Хүүш гэх газарт *******ыг чулуу хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/           

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Б.*******ийн эзэмшлийн гар утасыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч Б.*******эд буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.******* гаргасан давж заалдах гомдолдоо: Би 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед ******* гэх айлд очсон. ******* гэх айлд түүний эхнэр *******, 2 хүүхэд нь байсан. Гэтэл ******* хот яваад ирсэн гээд 2.5 литрийн пиво гаргаж надад өгсөн. Тэр үед гаднаас ******* орж ирсэн юм. Тэгээд *******ын нөхөр *******, ******* бид уг пивыг ууж байхад ******* намайг дүлий годил гэх мэтээр доромжилж ээжийг маань галзуу туссан, аавыг болохоор мэдрэл муутай гэх мэтчилэн ааш авир гаргаад байсан. Айлд хэрэлдээд яахав гээд гэрээс нь гарсан. Гадаа маргаж байхдаа би өөрийн куртикийг тайлж тавьсан байтал миний куртик руу ******* шээсэн тэгэхээр нь би араас нь өшиглөж авсан. Тэгээд барилцаад авахад 2-3 удаа харилцан бие биеэ цохилцоод салаад явсан.

Гэтэл ******* намайг гар руу чулуугаар цохиж гэмтээсэн гэдэг. Тэр үед ******* бид хоёрын хажууд ******* байгаагүй юм. ******* урд өдөр нь архидан согтуурч хоорондоо зодоон хийж гараа гэмтээсэн байсан гэдэг үүнийг н.Шагдарсүрэн гэх хүн мэдэж байгаа. Мөн тэр орой хонь ялгаж байхад *******ын гар зүгээр байсан гэж иргэн Г.Хоролмаа ярьдаг. Мөн чулуугаар хороо барьж чулуунд гараа хавчуулсан гэж сүүлд нь нөхөр *******, мөн ******* нь ярьж байсан.

Хавтаст хэрэгт өгсөн гэрч ******* мэдүүлэхдээ “...*******ыг цохих гээд газраас чулуу аваад түүн рүү шидсэн чинь *******ын гарыг цохисон...”, гэрч ******* “...Б.******* чулуу аваад тал тал тийш нь шидсэн...” гэх зөрүүтэй мэдүүлэг өгөхөөс гадна дээрх гэрчүүд бүгд хоорондоо ах дүү төрөл садангийн холбоотой учир намайг бүлэглэн гүтгэж мэдүүлэг өгсөн байдаг. Би *******ыг чулуугаар цохиогүй юм. Дээрх нөхцөл байдлаас харахад би чулуугаар *******ын гарыг цохиод байна гэж үзэхээргүй байна. Хийгээгүй хэргийнхээ төлөө буруутан болоод явж байгаадаа миний хувьд үнэхээр их гомдолтой байна.

Иймд дээрх хэргийг дахин шалгаж гэрч *******, н.Шагдарсүрэн, *******, Г.Хоролмаа нарыг байцааж дахин шалгаж шийдэж өгөхийг хүсэж байна. Би Монгол бичиг үсэг мэдэхгүй учир уншиж бичиж чадахгүй. Тиймээс хэргийн нөхцөл байдлыг өмгөөлөгчид тайлбарлаж тус гомдлыг бичсэн болно. Мөн тус хэрэг дээр өөрийн өмгөөлөгчөөр Г.Доржготовыг авч байгаа учир миний өмгөөлөгчөөр оролцуулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.******* гаргасан тайлбартаа: Өөрийн гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хохирогч нь чулуугаар хороо барьж байгаад гараа гэмтээсэн гэдгийг ******* ярьж байсан гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байгаа. Шүүгдэгч нь боловсролгүй, эрүүл мэндийн хувьд сонсгол муутай байхад түүнийг өмгөөлөгчгүйгээр мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3-т заасныг зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Прокурор В.Дэлгэрмаа гаргасан дүгнэлтэндээ: Б.*******ийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх Б.*******эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.******* нь бичиг мэдэхгүй буюу боловсролгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3-т заасан өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй этгээдэд хамаарч байхад мөрдөн шалгах болон анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулсан нь буруу байна.

Тухайлбал: Баянхонгор аймгийн прокурорын газраас 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан уг өдрөө эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулан мэдүүлэг авсан, мөн 2018 оны 6, 8 дугаар саруудад хохирогч *******, яллагдагч Б.******* нарын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор томилсон шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтүүдийг танилцуулахдаа болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулжээ.

Энэ нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, нотлох баримт цуглуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д заасан ноцтой зөрчилд хамаарагдаж байгаа болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хэдийгээр өмгөөлөгч Х.Мөнхбаатар нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрүүдэд Б.*******эд өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан боловч дээрх ажиллагаануудад оролцоогүй байгаа болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/239 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.*******эд холбогдох эрүүгийн 1814003480219 дугаартай хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.*******эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

                                                   ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                                                    М.МӨНХДАВАА