| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03174/И |
| Дугаар | 182/ШШ2024/03423 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2024/03423
2024 08 19 182/ШШ2024/03423
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........................ тоот хаягт оршин суух, Н.Б /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....................... байрлах, М ХХК /РД:00000000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: М ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн Гүйцэтгэх захирал чөлөөлөх тухай 2024.03.15-ны өдрийн Ш-04-24/01 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 36,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Миний төлөөлүүлэгч Н.Б М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2019.12.18-наас хойш тасралтгүй 4 жил 3 сар ажилласан, М ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн Гүйцэтгэх захирал чөлөөлөх тухай 2024.03.15-ны өдрийн Ш-04-24/01 дугаартай шийдвэр гарч энэхүү шийдвэрийг мөн өдрөө хүлээн авсан байна.
Хариуцагч шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4, 65.14.3, 65.4.4 дэх заалтуудыг үндэслэн Гүйцэтгэх захирал нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн ёс зүйн зөрчил гаргаж компанийн болон ажил олгогчийн итгэлийг алдсан гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, дурьдаж буй үйл баримт нь ойлгомжгүй, баримтаар нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.04.22-ны өдрийн хуралдааны шийдвэрээр ажил олгогч талаас тушаал үндэслэлтэй гарсан, эвлэрэх боломжгүй гэж шийдвэрлэн уг шийдвэрийг маргалдагч талууд 2024.04.25-ны өдөр гардан авсан.
Иймд М ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн "Гүйцэтгэх захирал чөлөөлөх тухай 2024.03.15-ны өдрийн Ш-04-24/01 дугаартай шийдвэр Н.Б-ийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хууль бус, үндэслэлгүй шийдвэр болохыг тогтоож хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 36,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор хуульд заасан тайлбар гаргах хугацаа шаардлагагүй. Нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа... гэв.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: ... хариуцагч М ХХК нь хувьцаа эзэмшигчийн Гүйцэтгэх захирал чөлөөлөх тухай 2024.03.15-ны өдрийн Ш-04-24/01 дүгээр тушаалыг Н.Б-ийг чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж өгсний дараа, өөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдлаар өөрчилж гаргах, нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговорт 36,000,000 төгрөгийг 2024.08.25-ны өдөр 18,000,000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 18,000,000 төгрөгөөр гаргаж өгнө... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан М ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн Гүйцэтгэх захирал чөлөөлөх тухай 2024.03.15-ны өдрийн Ш-04-24/01 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны олговорт 36,000,000 төгрөг гаргуулахаар ихэсгэсэн.
Шүүх хуралдааны явцад талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч М ХХК нь хувьцаа эзэмшигчийн Гүйцэтгэх захирал чөлөөлөх тухай 2024.03.15-ны өдрийн Ш-04-24/01 дүгээр тушаалыг Н.Б-ийг чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж өгсний дараа, өөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдлаар өөрчилж гаргах, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 36,000,000 төгрөгийг 2024.08.25-ны өдөр 18,000,000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 18,000,000 төгрөгөөр тус тус өгөхөөр, харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч Н.Б нь Ш.С-д 2024.04.12-ны өдөр 0362 бүртгэлийн дугаартай 3 жилийн хугацаатай, хариуцагч М ХХК-иас Т.Н-д А-04-24-182 тоот албан бичгээр 1 жилийн хугацаатай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийг төлөөлөх бүрэн эрх бүхий итгэмжлэлүүдийг олгосны дагуу төлөөлөгчид нь дээрх нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар Г.Бахатгүлийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М ХХК-иас эвлэрсэн үнийн дүн болох 36,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 337,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М ХХК-д холбогдох хувьцаа эзэмшигчийн Гүйцэтгэх захирал чөлөөлөх тухай 2024.03.15-ны өдрийн Ш-04-24/01 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 36,000,000 төгрөг гаргуулах тухай Н.Б-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч М ХХК нь хувьцаа эзэмшигчийн Гүйцэтгэх захирал чөлөөлөх тухай 2024.03.15-ны өдрийн Ш-04-24/01 дүгээр тушаалыг Н.Б-ийг чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж өгсний дараа, өөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдлаар өөрчилж гаргах, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговорт 36,000,000 төгрөгийг 2024.08.25-ны өдөр 18,000,000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 18,000,000 төгрөгөөр тус тус өгөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М ХХК-иас 337,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА