| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01106/И |
| Дугаар | 142/ШШ2024/01027 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2024/01027
2024 07 17 142/ШШ2024/01027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б-ын хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Х.М-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: миний бие Х.М-тай 2016 оноос анх найзуудаар нь дамжин танилцсан бөгөөд 5-6 жил хуурай ах дүүгийн журмаар явж ирсэн. М нь төмс нарийн ногоо тарьдаг. Тухайн үед би Х.М болон бусад хүмүүст фермийн аж ахуй байгуулах гэж байгаагаа ярьж, газартай болох хүсэлтэйгээ ярьж байсан. Х.М нь 2020 оны 11 сард 30 га газрыг 1 га-г нь 600 000/ зургаан зуун мянга/ төгрөгөөр тооцож авчихаач мөнгөний яаралтай хэрэг гараад байна гэсэн. Би надад 50 га газар хэрэгтэй байгаагаа хэлснээр 50 га газрыг 30 000 000 /гучин сая/ төгрөгөөр авч өгөлцөхөөр амаараа тохиролцсон. Мөн ногоогоо тарих гэсэн юм хямд дизель түлш хэрэгтэй байна дүүгээсээ зээл авч өгөөч дараа нь мөнгийг нь өгье гэснээр гурван замын цаад талд байдаг ХХК-ийн дизель түлшний үйлдвэрийн захирал болох хадам дүү Б.Н хэлж өгснөөр 2020 оны 04 дүгээр сарын 23-нд 1384л, 2020.5.19-нд 225 л дизель түлш авсан ба мөнгийг нь төлөхгүй байсан учир би өөрийнхөө ХААН банкны тоот данснаас Б.Н-ийн дансанд интернет банкаар 2020.05.30-нд 2 252 600 /хоёр сая хоёр зуун тавин хоёр мянга зургаан зуун/ төгрөгийг шилжүүлж түлшний үнийг нь төлж барагдуулсан. Х.М-ын охин М.Д нь 2021.02.19-нд Г.Б миний эхнэр болох Б.М-ны 100% эзэмшдэг ХХК-ийн Хаш шүдний эмнэлгээр шүдний гажгийн аппаратын төлбөрийг газрын төлбөрөөс хасуулж тооцохоор тохиролцож хийлгээд одоо эмчилгээ бүрэн дууссан ч нэг ч төгрөгийн тооцоо хийгээгүй. Тухайн үед Х.М нь ногоо тариад түүнийгээ борлуулаад явж байгааг нь мэдэх тул бүрэн итгэж байсан. Гэвч газрын урьдчилгаа төлбөр хийснээс хойш 2-3 хоногийн дараа надад зарах газрынхаа гэрчилгээг авч ирж өгсөн боловч тухайн газар нь өөрийнх нь нэр дээр биш А гэдэг хүний нэр дээр байсан. Яагаад нэр нь өөр байгааг асуухад миний газар А бол миний хамаатан гэж хэлсэн. Тэр үедээ худалдаж авсан газар дээрээ ногоон тэжээл тарихыг санал болгож ятгасан ба би газар тариалангийн талаар ямар нэг мэдлэг байхгүй тухайгаа хэлсэн боловч Тэр асуудалгүй би бүгдийг нь хийж өгнө гэж хэлснээр урьдчилгаа төлбөрөө хийгээд эхэлсэн байсан дээрхи яриа болсноос 7 хоногийн дараа нөгөө газрын гэрчилгээ хэрэг болоод байна, би буцаагаад аваад ирнэ гэж хэлээд аваад явсан боловч буцааж өгөөгүй. Газрын урьдчилгаа хийсэн үеэс газраа өөрийн нэр дээр шилжүүлж авахыг шаардаж байсан боловч янз бүрийн шалтаг хэлэн хойшлуулсаар ирсэн. Ингэж явсаар 2022 оны 9 сард газраа авахаа болилоо мөнгөө буцааж авъя гэснээр утсаа авахгүй зугтаж алга болсон. Иймд Х.М-аас газар авахаар тохиролцон бэлэн мөнгө болон дизель түлш бартер нийлсэн 21 352 600/ Хорин нэгэн сая гурван зуун тавин хоёр мянга зургаан зуу/ төгрөг болсон. Цагдаа шүүхэд өгнө гэж утас руу нь удаа дараа мессеж бичсэнээс хойш 2024.03.16 5 000 000 төгрөг 2024.04.16 -нд 2 000 000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл 14 352 600 төгрөгийг гаргуулахаар Х.М-ыг эвлэрүүлэн зуучлах төвд өгсөн боловч хүрэлцэн ирээгүй. Утас нь болохгүй хаягаар дуудахад ирээгүй болно. Иймд Х.М-ыг эрэн сурвалжилж хаяг утасны дугаарыг нь тодруулж надтай уулзуулж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 142/ЭТ2024/00423 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-ийн 4/, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 5/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 6/, Х.М-аас авах авлаганы тооцоо /хх-ийн 7/, дансны хуулга /хх-ийн 8/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 10-12/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.Б-ын иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.М-ыг эрэн сурвалжлах хүсэлтийг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно.
2. Хүсэлт гаргагч Г.Б-ын иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.М-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Хүсэлт гаргагч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ...Х.М-аас газар авахаар тохиролцож бэлэн мөнгө болон дизель түлш бартер нийлсэн 21 352 600 төгрөг болсон. ...үлдэгдэл 14 352 600 төгрөгийг гаргуулахаар Х.М-ыг эвлэрүүлэн зуучлах төвд өгсөн боловч хүрэлцэн ирээгүй. Утас нь холбогдохгүй, хаягаар дуудахаар ирээгүй. Иймд оршин суугаа хаягтаа байхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
2. Х.М-ыг иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Х.М нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-4 дүгээр байрны 1-р орцны 5 давхарт гэр нь байдаг байсан, хаан банкны дансны дугаар , утасны дугаар нь, эхнэр н.Ууганцэцэг нь М худалдааны төвд ломбард ажиллуулдаг болохыг дурдав.
4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.М-ыг /хаан банкны дансны дугаар /-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Х.М-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон Г.Б /утас: /-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Х.М нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-4 дүгээр байрны -р орцны давхарт гэр нь байдаг байсан, хаан банкны дансны дугаар , утасны дугаар эхнэр н.Ууганцэцэг нь Мэнд-Амар худалдааны төвд ломбард ажиллуулдаг болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА