Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2018/ДШМ/065

 

                                       Д.Наранбатад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Д.Наранбатын өмгөөлөгч Л.Батбаяр

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/233 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Баянхонгор аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ж.Уранцэцэгийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаар эсэргүүцлээр Д.Наранбатад холбогдох эрүүгийн 1814004830240 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Дашдондовын Наранбат, 1......оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВИ98090331/

Шүүгдэгч Д.Наранбат нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчим Ц.Оюунжаргалын эзэмшлийн Хаан банкны 5234036081 тоот данснаас интернэт банкаар дамжуулан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 1.180.000 төгрөгийг хулгайлж бусдад 1.180.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Д.Наранбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Дашдондовын Наранбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Наранбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар Д.Наранбатын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Д.Наранбатын эзэмшлийн зөөврийн комьпютерийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ж.Уранцэцэг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэг нь тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд  7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан албадлагын арга хэмжээг заавал авахаар хуульчилсан байхад анхан шатны шүүх Д.Наранбатыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ албадлагын арга хэмжээ хэрэглээгүй нь шийтгэх тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Дээд шатны прокуророос бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх Д.Наранбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан албадлагын арга хэмжээ аваагүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн өгнө үү гэв. 

Шүүгдэгч Д.Наранбатын өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай ажиллагаа нөлөөлсөн байдаг. Д.Наранбат нь оюутан тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс Д.Наранбатад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Д.Наранбат нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн V хороонд үйл ажиллагаа явуулдаг “Тэди” худалдааны төвийн 16-8 тоот лангуунаас Iphone 6S, Huawai P20 маркийн гар утаснуудыг худалдан авахдаа хохирогч Ц.Оюунжаргалын эзэмшлийн Хаан банкны 5234036081 тоот данснаас 1.180.000 төгрөгийг гар утасны худалдаа эрхэлдэг С.Амартуяагийн 5023482833 тоот Хаан банкны данс руу интернэт банк ашиглан хууль бусаар гүйлгээ хийж тухайн эд зүйлсийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйл баримт болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ...” хэмээн заасан байхад Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу бөгөөд мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх талаар хуульчлагдсан байна. 

Уг хэрэг нь адил шатны өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүхээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэж болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шийтгэх тогтоолоос дээрх үндэслэлийн талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй байх тул анхан шатны шүүх нь шүүхийн харьяалал зөрчин хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

Цаашид эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонхи байгаа газар, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяалалыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг анхаарвал зохино.

Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасантай нийцээгүй байх бөгөөд мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Д.Наранбатын төрсөн он, сар, өдрийг буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.5-д заасныг зөрчсөн, энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарагдаж байгаа болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Д.Наранбатад холбогдох хэргийг магадлалд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Д.Наранбатад холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн талаар бичсэн прокурорын эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/233 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Наранбатад холбогдох эрүүгийн 1814004830240 дугаартай хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.Наранбатад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.УЛАМБАЯР    

            ШҮҮГЧИД                                                       Н.ЭНХМАА

М.МӨНХДАВАА