Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2018/ДШМ/066

 

            *******од холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан                  

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/251 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******од холбогдох эрүүгийн 1814004280247 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ......... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1993 оны 11 дүгээр сарын 22-нд 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хорих ялаар, 1995 оны 6 дугаар сарын 16-нд 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар, 1998 оны 7 дугаар сарын 09-нд 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар 11 жилийн хорих ялаар, 2000 оны 01 дүгээр сарын 09-нд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 9 жил 11 сар 13 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн дугаар /*******/

Шүүгдэгч ******* нь 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламж 103 төв дээр их эмч *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/              

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ү овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ү овогт *******ын *******ыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан *******од хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь шүүхээс хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар СД-ийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг СД-г шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл эд мөрийн баримтаар хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн зурагтыг битүүмжилсэн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******од буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/251 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Би 2017 оноос эхлэн зүрхний гол судасны хатуурал, зүрхний зүүн ховдлын томрол, бах гэх өвчнөөр өвдөж байнгын эмчийн хяналтад Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх болсон. 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр зүрхээр хүчтэй хатгуулан өвдөж, Улаанбаатар хот руу хяналтад байдаг эмчээсээ зөвлөгөө авахад яаралтай түргэн тусламж руу оч зүрхний хэм алдагдаж зогсох аюултай гэсэн учраас Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төв дээр очсон. Ингээд очиход эмч нь байхгүй байсан бөгөөд сувилагчийг нь эмчээ дуудаач зүрх өвдөөд байна гэхэд наанаа хүлээж бай гэж хүлээлгээд ирэхгүй байсан тул нөгөө хаалганд байдаг түргэн тусламж руу орж намайг үзээд өгөх эмч байна уу зүрх маш хүчтэй өвдөөд болохгүй байна гэж хэлэхэд энд эмч байхгүй, яаралтай тусламж руугаа ор гэсэн. Ингэж хэлэхээр нь буцаад ороход ******* эмч гарч ирсэн. Зүрх маш их өвдөөд байхад эмч үзэхээр ирэхгүй байгаа нь надад үнэхээр хэцүү байсан бөгөөд их л удах шиг санагдсан. Эмч ******* гарч ирэхэд зүрх үзээд өгөөч ямар их уддаг юм бэ гэхэд битгий худлаа яриад бай би аль түрүүнээс хойш энд байсан гэж намайг үл тоож, загнах маягтай хэлээд үзэхгүй хажуугаар өнгөрөөд явчихсан. Энэ үед миний уур хүрээд биеэ барьж чадалгүй түүнийг цохиж гэмтээсэн. Би тухайн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа бөгөөд бие өвдөөд байхад үзэхгүй загнаад үл тоогоод байхаар нь л тэсвэр алдсан. Урьд өмнө эмнэлэг дээр хүн үзүүлэхээр ирэхэд эмч нар харьцаа хандлагын хувьд үл тоосон хариуцлагагүй хандаж байсан нь тухайн үед бас бодогдоод биеэ барьж чадаагүй. Энэ бол миний буруу байсан.

Миний бие Баянхонгор аймагт боксын спортоор өсвөр насны болон хүүхэд залуучуудыг сурган уралдаан тэмцээнд байнгын амжилттай оролцож байгаа бөгөөд Монгол улсын боксын холбооны албан бус шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг. Эхнэр 0-9 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний эхнэр бага насны хүүхдүүдээ гэртээ харж асардаг. Мөн миний бие биеийн байдлаас шалтгаалан урт хугацааны эмчилгээ хийлгэж нэмэлт оношилгоог Улаанбаатарт хийлгэх шаардлагатай болсон билээ.

Иймд миний биеийн байдал ар гэрийн байдал зэргийг харгалзан надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

******* нь 2018 оны 7 дугаар сарын 26-ны орой 21 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламж 103 төв дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан их эмч *******ийг эмчид үзүүлэх гэж ирэхэд эмнэлгийн тусламж удаан үзүүллээ гэж шалтаглан гараараа зүүн шанаанд нь цохиж унагаан газар унасан үед нь толгой нүүрэн хэсэгт нь өшиглөн зодсон хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.5-д заасан албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан үйлдсэнийг шүүгдэгчийн оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар *******од ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчилтэй болжээ.

Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-д зааснаар “... эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь ...” гэсэн хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх анхаарахгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын үйлдсэн гэмт хэрэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэргийг буруу зүйлчилсэн байхад эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Хохирогч ******* нь түргэн тусламжийн тасаг дээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа сувилагч хэлсэний дагуу эрчимт эмчилгээний тасагт очоод 3 орчим минут болоод ирлээ гээд эхо аппарат асааж хүн үзэх гэж байхад нь ******* нь “... пизда нар ингэдэг юм ...” гээд ******* эмчийг зодсон үйл баримт болсон байгаа нь тухайн эмчийн эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж, тухайлбал түргэн тусламж удаан үзүүллээ гэж шалтаглан зодсон болох нь тогтоогдож байна.

Тухайн эмчийг ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжийг нь тасалдуулж, гүйцэтгэж байгаа албан ажилтай нь холбогдуулж зодож гэмтэл учруулсан үйл баримт болсон нь хэрэгт авагдсан бичлэгээр тогтоогджээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэж заасныг анхаарах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүх *******од холбогдох хэргийн яллах дүгнэлтэд бичсэн зүйлчлэлийг үндэслэлтэй эсэхийг шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэж эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******од холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байх тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/251 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, *******од холбогдох эрүүгийн 1814004280247 дугаартай хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         М.МӨНХДАВАА    

           

ШҮҮГЧИД                                                       Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

                                                                        Г.УЛАМБАЯР