Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/552

 

 

 

 

 

 

   2022             5              24                                          2022/ДШМ/552

 

 Н.О-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,     

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/219 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.О-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.О-д холбогдох эрүүгийн 2110000001155 дугаар хэргийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б................ овгийн Н-гийн О, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .................... аймгийн ............. суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ................ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ........................ хамт ............ дүүргийн .. дугаар хороо, .............. дугаар гудамжны ........... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .................../.

Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 249 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2006 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялын тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 231 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоож, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 248 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 15 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 644 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

 Шүүгдэгч Н.О нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 7-294 тоот хашааны гадна иргэн А.Е-ийн 28-77 УБЕ улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийн кабин дотроос “I Рhоnе XR” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1.599.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.О-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.О-ын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.О-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Н.О-ын хувийн байдлын талаар: Н.О нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй бөгөөд гэм хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Мөн шүүх хуралдааны үед гэм буруу дээр мараагүй ба эдгээр нь хавтаст хэрэгт авагдсан тайлбар, мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр бүрэн тогтоогдоно. Шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан, зүүн нүд нь бүрэн хараагүй шилэн нүдтэй, бага насны хүүхэд нь цэцэрлэгт явж байхдаа бусдад цохиулж нүд нь сохорсон, хагалгаанд орсон зэрэг хувийн байдалтай байна. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийнхээ тогтоох хэсгийг тайлбарлахдаа шүүгдэгч гэм буруу дээр маргасан хэмээн дүгнэж, хорих ялаас доогуур ял оногдуулах боломжгүй гэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсоныг шүүгдэгч гэм буруу дээр маргасан хэмээн тайлбарласан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Өмнө нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага эдлээд дууссан нь хүндрүүлэх эсхүл хорих ялаас доогуур ял оногдуулахгүй байх үндэслэл болохгүй.

Хэргийн зүйлчлэл бодит байдалд нийцэхгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулсан талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн хэмээн хүндрүүлэн зүйчлэхээр хуульчилсан. Учир нь, тээврийн хэрэгсэл нь тусгайлан хамгаалсан орон байр, агуулахад хамаарахгүй. Тээврийн хэрэгсэл нь бараа бүтээгдэхүүн хадгалах, агуулах зориулалттай биш харин авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “автотээврийн хэрэгсэл” гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг ойлгохоор хуульчилсан ба Услын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг тайлбарлахдаа “шүүгдэгчийн хувьд тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсхүл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж хамгаалалт, бэхэлгээг эвдэх зэргээр зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд хамруулахаар” тайлбарласан.

Хавтаст хэргийн хүрээнд байгаа гэрчүүдийн тайлбар, мэдүүлгээр тээврийн хэрэгсэл цоожгүй онгорхой байсан ба ямар нэг хориг саад байгаагүй бөгөөд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр ямар нэгэн эвдрэл гэмтэл тогтоогдоогүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхийг Давж заалдах шатны шүүх хуулийн хүрээнд хянаж шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулахгүйгээр дээрдүүлсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хамгийн бага ял болох 1 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Б.Одонтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.О-д холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий буюу хууль ёсны гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрчгэж заасан байгаа. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Улсын дээд шүүхийн 570 дугаартай тайлбарт Шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, эсхүл тухайн тээврийн хэрэгсэл нь хохирогч этгээдийн эд зүйлсээ хадгалах агуулах сав болгэсэн байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг бусдыг нэвтрэхийг зөвшөөрсөн агуулах гэж үзэхгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.О-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Н.О нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 7-294 тоот хашааны гадна иргэн А.Е-ийн 28-77 УБЕ улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийн кабин дотроос “I Рhоnе XR” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1.599.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирсэн дуудлагын лавлагаа /хх 3/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5/,

хохирогч А.Е-ий “...Өнөөдөр би 17 цагийн орчимд өөрийн 28-77 УБЕ улсын дугаартай саарал өнгийн “Соната-6” маркийн автомашинтай усанд явчихаад хашааныхаа гадаа ирж, худгаас авсан усаа гэртээ оруулахдаа машинаа цоожлолгүй үлдээгээд, гэртээ орж усаа тавьчихаад гараад ирэхэд миний машины урд хянахын гар утас тогтоогч дээр тогтоон үлдээсэн I phone X-10 загварын хар өнгийн гар утас байхгүй, алдагдсан байсан. Цагдаагийн 102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн. ... Намайг гэр рүү  орсон хойгуур Памбага гэх хүн миний машины ойролцоо байсан гэж манай эгчийн хүүхэд Эмүжин харсан гэдгийг сонссон. Ойролцоо бйадаг “Хөгнө хан” нэртэй хүнсний дэлгүүрт ороод худалдагчаас нь “Памбага танай дэлгүүрт орж ирсэн үү” гэж асуусан. Дэлгүүрийн эгч надад саяхан орж ирээд 0.5 литрийн хэмжээтэй архи аваад гарах үедээ хажуудаа зогсож байсан танихгүй хүнд хар өнгийн гар утас харуулаад 100.000 төгрөгөөр энэ гар утсыг авах уу гэж асуугаад гарсан гэж хэлсэн. ... Би Санжаа ахтай уулзаж Памбага хаана байна, та хоёр миний гар утсыг бариад дэлгүүрийн гадаа зогсож байна гэж хэлэхэд, Санжаа ах надад “Памбага хар өнгийн  I phone загварын гар утасны сим картыг нь надаар авахуулаад, гар утсыг 100.000 төгрөгөөр худалдаж авах уу гэж асуугаад надаас 5000 төгрөг гуйгаад энэ гар утсыг зараад буцааж өгье гэж хэлээд явсан гэж хэлсэн...” /хх 9-10/,

хохирогч А.Е-ий дахин өгсөн “...Миний алдсан гар утсыг анх төрсөн эгч А.Тунгалагтамир “Сайн” компьютерээс лизингээр худалдан авч байсан. 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр би төрсөн эгч А.Тунгалагтамираас 1.930.000 төгрөгийг бэлнээр өгч худалдан авсан. ...” /хх 11/,

гэрч Я.Б-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17 цаг өнгөрч байхад “Мини” маркет дэлгүүртэй гудамжны үзүүрт ганцаараа явж байсан чинь хочийг нь Памбага, нэр нь Отай тааралдсан. Тухайн үед бага зэрэг халамцуу байсан. О “Мини” маркет дэлгүүрээс 0.5 литрийн архи барьчихсан, нэг том ундаатай нилээн согтуу, ганцаараа гарч байсан. Бид хоёр архийг нь уух гээд гудамжны үзүүрт зогсож байсан чинь цагдаа ирээд эрүүлжүүлсэн...” /хх 13/,

насанд хүрээгүй гэрч Э.Э-гийн “...Өчигдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үдээс хойш 16 цаг өнгөрч байх үед ээж намайг дэлгүүр ороод сүү, кофе, хиам, талх аваад ир гээд явуулсан юм. Дэлгүүр бол манай гэрээс ойрхон, гудамжны үзүүрт байдаг. Дэлгүүрт орсон Памбага ах согтуу байсан бөгөөд танай ээж гэртээ байгаа юм уу би 10 ширхэг кофе аваад ээж дээр чинь очих гээд дэлгүүрээс гараад явсан. Цонхоор харсан чинь манай гудамж чиглээд явж байсан юм...” /хх 23-24/,

гэрч С.С-ын “...Тухайн өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр санаж байна 17 цагийн үед “Хөгнө хан” дэлгүүрээс тамхи авах гээд явж байсан чинь Памбага нилээн согтуу дэлгүүрийн ойролцоо ганцаараа байсан бөгөөд Памбага хар өнгийн гар утас гаргаж ирээд энэ утасны сим картыг аваад өгчих гэхээр нь /учир нь өөрөө нилээн согтуу симийг нь авч чадахгүй байсан/ тэгээд би сим нь аваад өөрт нь өгсөн чинь симийг нь хаячих гээд хаячихсан. Тэгэхээр нь би наад утас чинь хэний утас юм, симийг нь хаяаад гэсэн чинь, би сая гудамжинд Тунгаагийн дүүгийн гар утсыг хулгайлчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яаж хулгай хийдэг юм бэ гэж хэлсэн. Памбагыг тоглоод байна л гэж бодсон. Тухайн гар утас I phone загварын гар утас байсан бөгөөд ямар загвартай байсныг нь мэдэхгүй байна, хар өнгийн гар утас л байсан. Памбага тэр гар утсыг зарах гээд хүмүүсээс асуугаад байхаар нь би гэртээ харих гээд явсан юм. Тэр гар утсыг зарсан эсэхийг бол мэдэхгүй байна...” /хх 26/,

гэрч Д.Б-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эхнэрийн хамт 18 цагийн үед санаж байна “Хөгнө хан” дэлгүүрийн гадна “Портер” машинтайгаа зогсоод, эхнэр дэлгүүр рүү орсон байсан. Тэгсэн нэг согтуу эрэгтэй хүн шууд машинд орж ирээд суухаар нь гайхаад чи яах гэж байгаа юм гэж асуусан чинь гар утас авах уу гэсэн. Тэр хүн нилээн согтуу байсан. Би тэр гар утсыг авахгүй гээд байж байсан чинь эхнэр дэлгүүрээс гарч ирээд машинд суух гээд тэр согтуу хүнийг машинаас буу гэхэд буухгүй байсан. Гар утсаа зарчихмаар байна гэсэн. Эхнэр тэр хүнээс чи ямар учиртай гар утас зарах гээд байгаа юм бэ гэхэд тэр хүн согтуу эмэгтэй хүн машинд суугаад төлбөрөө өгөхгүй гар утсаа өгчихөөд явсан гэж хэлсэн. ... 100.000 төгрөгөөр зарна гэж байснаа нэг шил юм аваад өгчих, тэгээд энэ гар утсыг авчих гэж хэлсэн. Наад утас чинь хулгайн утас биш биз гэж би асуухад, биш ээ гээд гуйгаад байсан. Яагаад хямдхан зарах гэж байгаа талаар асуухад, тэр хүн “би согтуу машин барьж яваад машинаа ачуулчихсан, сэтгэл санаа тийм байна, архи уумаар байна гээд байсан. Тэгэхээр нь би дэлгүүрт ороод өөрийн Хаан банкны 5059463953 дугаарын данснаас нэг архины мөнгө 16.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь машинтайгаа ачаа зөөгөөд явж байхдаа тэр гар утсыг хүнд үзүүлсэн чинь I phone байна, ашиглаж болохгүй хүнд нь буцааж өг гэсэн. Гар утсаа ирээд авах байх гэж гар утсыг унтраахгүй машиндаа үлдээсэн. Өнөөдөр цагдаагаас утсаар холбогдоход нь машинд байсан гар утсыг хайгаад олоогүй...” /хх 28/,

гэрч П.З-ын “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нөхөрийн хамт 18 цагийн үед “Хөгнө хан” дэлгүүрээс хүнсний зүйл аваад гарч ирэхэд нэг согтуу хүн машинд сууж байхаар нь гайхаад “чи яах гэж байгаа юм” гэж асуусан чинь “гар утас авах уу” гэсэн. ... Би тэр гар утсыг нь авахгүй гээд машинаас буу гэхэд буухгүй байсан. 100.000 төгрөгөөр зарна гэж байснаа нэг шил архи аваад өгчих, тэгээд энэ гар утсыг авчих гэж хэлсэн. Тэгсэн нөхөр “наад утас чинь хулгай утас юм биш үү” гэхэд “согтуу эмэгтэй таксины мөнгөө өгөхгүй оронд нь өгөөд явсан” гэж хэлсэн. ... Тэгээд нөхөр тэр согтуу хүний хамт дэлгүүр орсон. Би машиндаа суугаад үлдсэн...” /хх 30/,

шүүгдэгч Н.О-ын гэрч, яллагдагчаар өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр архи уугаад нилээн согтуу ганцаараа явж байгаад манай арын гудамж буюу 7 дугаар гудамжинд саарал өнгийн “Соната-6” машины хаалгыг татсан чинь онгорхой байсан юм. Машины урд салон дээр байсан гар утсыг нь авсан юм. Их согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа. Цагаан “Портер” машинтай хүнд зарчих шиг болсон бөгөөд нэг шил архи авахуулаад мөнгө авсан эсэхээ сайн санахгүй байна...” гэх  мэдүүлгүүд /хх 16, 117/,

“Дамно” ХХК-ийн I phone XR гар утсыг 1.599.920 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх 35-36/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Н.О-ыг хохирогч А.Е-ий эзэмшлийн 28-77 УБЕ улсын дугаартай “Соната-6” маркийн автомашинд нууцаар, нэвтрэн орж 1.599.920 төгрөгийн үнэлгээ бүхий I phone XR загварын гар утсыг хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...агуулахад нэвтэрч...” үйлдсэн гэж хүндрүүлэх шинжээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй зөв болжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуулчилсан бөгөөд анхан шатны шүүх тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг шүүгдэгч Н.О-д оногдуулсан нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Иймд шүүгдэгч Н.О-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаярын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу шүүхээс оногдуулсан ялыг багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэх давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28ы өдрийн 2022/ШЦТ/219 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.О-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ын цагдан хоригдсон 64 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.МЯГМАРЖАВ

 

                                  ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

 

                                  ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ