| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/00267/И |
| Дугаар | 135/шш2024/00801 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 135/шш2024/00801
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00267/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч Б.Номин нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ***** баг, ***** тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *****)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** хороолол, ***** байр, ***** тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *****)-д холбогдох,
Гэм хорын хохирол нийт 81,619,900 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэлгэрнаран,
Гэрч , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.******* гэм хорын хохирол 81,619,900 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт Цайдамын хөндий гэх газарт авто машины төв асфатлан замын хажууд 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зогсож байсан манай нөхөр ******* Б.******* гэх залуу 1267 ДАХ улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь хөнөөсөн. Би бичиг үсэг мэдэхгүй мал маллахаас өөр ажил хийж байгаагүй. Одоо ам бүл гурвуулаа амьдардаг. Хүү 20 настай ажилгүй, 10 настай. Хонгор сумын 14 дүгээр сургуулийн 5 дугаар ангид суралцдаг. Миний бичиг үсэг мэдэхгүй, миний мунхаг байдлыг ашиглаж тухайн үед Б.******* намайг шоронд явахаас хамгаалаад гаргаад өг, би танд 2 өрөө байраа зараад хохирол төлбөрийг чинь өгнө. Ямар ч хэл ам хийхгүй хохирол төлбөрийг бүрэн барагдуулна гэхээр нь гарын үсэг зурж өгсөн. Гэтэл уг шүүх хурал хэзээ болсныг нь би мэдээгүй. Хурал болж Б.******* 1 жилийн тэнсэн авсан. Би уулзаж хохирлоо авах гэхээр уулзахгүй, надад олдохгүй худал яриад алга болсон. Харин ээжтэй нь холбоо бариад хохирол төлбөрөө авах гэсэн юм гэхээр 8,000,000 төгрөг өгсөн. Одоо та нар юу авдаг юм бэ одоо болоо юм биш үү. Одоо өгөх мөнгө төлбөр байхгүй гэж загнаад байсан. Миний нөхрийн амь 8,000,000 төгрөгийн үнэтэй тэнцэх болж байна уу гэжээ.
2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Гэм хорын хохирол, талийгаачийн оршуулгын зардал 2,604,370 төгрөгийн хохирол байна гэж урьд нь гаргасан. Гэтэл падаанаар дүнг цохихдоо техникийн алдаа гаргаж 1,073,000 төгрөгийг дутуу бодсон байсан. Энэ мөнгийг нэмээд 3,669,900 төгрөгийн оршуулгын зардлын баримт байна. Талийгаач нь Хонгор сумын Цайдмын хөндийд автомашины осолд орж нас барсан. Энэ асуудал шүүхээр тогтоогдсон. Миний үйлчлүүлэгч бичиг үсэг мэдэхгүй, гарын үсэг зурхаас цаашгүй хүн. Хариуцагч Б.******* тухайн үед ...Дархан суманд байрлах 2 өрөө байраа зараад 60-70 сая төгрөг өгнө, намайг ялгүй салгаж өгөөч гэсний дагуу асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Прокурорын газраас ирүүлсэн баримт нь*****н өөрөө эд нарт өгсөн мөнгөний баримт байна. 8 орчим сая төгрөгийн хагас дутуу баримтууд байсан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан. Энэ нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан. Миний үйлчлүүлэгч 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ослын улмаас нас барсан. Ийм учраас Иргэний хуулийн 511.5-д заасныг баримталж гэм хорын хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Зөвхөн оршуулгын зардалтай холбоотой баримтыг өгсөн байгаа. Б.******* нь хашаа барихад 2,110,000 төгрөгийн банз хадаас зэрэг материал авсан, мөн 2,440,000 төгрөг өгсөн. Иймээс нийт 4,550,000 төгрөгийг сэтгэцэд учирсан нөхөн төлбөр болох 82,500,000 төгрөгөөс хасаж, 77,950,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Иймд нийт 81,619,000 төгрөг хариуцагч Б.*******эс гаргуулж өгнө үү гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэлгэрнаран нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Хариуцагч ******* дараах тайлбарыг гаргадаг. 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр автомашин жолоодож яваад Цайдамын хөндийд зам тээврийн осол гаргаж, улмаар амь насыг болгоомжгүйгээр хохироосон. Үүнд Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч одоо хүртэл гэмшдэг. Уг хэрэг нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс *******д 1 жилийн хугацаагаар тэнсэж, 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулсан. Тухайн хэргийг хянан шийдвэрлэх явцад хохирогчийн ар гэрийн зүгээс оршуулгын зардал хариуцаарай, мөн манай талийгаачид газар дээрээ хашаа барих хүсэл зориг байсан, тэр хашааг нь бариад өгөөрэй, дээрээс нь 3,000,000 төгрөг өгчхөөрэй гэсний дагуу хохирол төлбөрийг сайн дураараа барагдуулсан байдаг. Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ямар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг вэ гэхээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн дээрх нөхцөлийг хангасан тохиолдолд прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай шүүхэд шилжүүлдэг. Улмаар шүүх хурлаар хэлэлцээд хянан шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл хангагдсан байна гэж үзээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдаг. Мөн хохирогчийн ар гэрээс, сая тайлбарлахдаа ...бичиг үсэг мэдэхгүй, шүүх төөрөгдүүлж байгаад баримт дээр гарын үсэг зуруулсан гэж байна. Нэхэмжлэлдээ Б.******* гуйсаар байгаад гарын үсэг зуруулсан гэж ярьдаг. Тэгэхээр тийм гарын үсэг зурсан цаас, баримт хэрэгт байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тухайн эрүүгийн хэрэгт 2 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Энэ мэдүүлэгтээ хохирол төлбөрт 10 гаруй сая төгрөг авсан, хашаа байшин барьж өгсөн, гомдол санал байхгүй гэж, хууль сануулсны дагуу мэдүүлгээ өгөөд шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад ...хуралд оролцохгүй, гомдол санал байхгүй гэснийг тэмдэглэсэн байдаг. Мөн шүүхийн шийдвэрийг шуудангаар хүргүүлсэн байдаг. Улмаар Б.******* гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тохирсон ёсоор барагдуулсан, одоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбарыг хэлдэг. Нэмж хэлэхэд хохирогч тухайн үед баримтаа бүрдүүлж өгөөгүй, төөрөгдсөн байсан гэдэг тайлбар хэлж байна. Тэгэхээр тухайн үед манай үйлчлүүлэгчийн зүгээс ямар нэгэн баримт шаардаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшээд заавал баримт гэхгүйгээр энэ хүний хохирол төлбөрийг төлөөд өгье гэдэг агуулгаар бүх төлбөрийг төлж барагдуулсан байгаа. Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримталж сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжилж байна. МУ-ын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан. Энэ хуулийн зохицуулалт үзэл баримтлалын хүрээнд Иргэний хуулийн 511.5 дахь зохицуулалт шинээр орсон. Энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж нийтэд үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан. Өөрөөр хэлбэл тус хууль болон Иргэний хуулийн 511.5-г хуулиас өмнөх харилцаанд буцаж үйлчлэхгүй, энэ нь Иргэний хуулийн 5.1-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэдэг зохицуулалтад нийцнэ. Иймээс дээрх гэмт хэрэг нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарсан учраас уг үндэслэлээр сэтгэцэд учирсан хохирлыг шаардах эрхгүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 4507000021 дугаартай гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 0216 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2013 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү ***** төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зарлагын баримтууд (хх 8-24 тал), Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
5.Хариуцагч Б.*******эс 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хохирогч Ж.*******гаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, хурлын тов мэдэгдсэн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, зарлагын баримтууд (хх 47-54 тал), Голомт банк ХК-ийн*****н дансны хуулга, орлогын баримт, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
6.Шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаартай Дархан аймгийн Авто тээврийн төвийн албан бичиг, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/209 дугаартай албан бичиг,*****н эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 153 дугаартай албан бичиг, Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архивын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 360 дугаартай албан бичиг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, хохирогч Ж.*******гийн мэдүүлэг, орлогын баримт, эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, зарлагын баримт (хх 157-160 тал),*****н Голомт банк ХК-ийн дансны хуулга, шийтгэх тогтоол танилцуулсан, гардуулсан баримт, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч , , нараас мэдүүлэг авсан байна.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.*******гийн хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох оршуулгын зардалд 3,669.900 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 77,950,000 төгрөг, нийт 81,619,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа оршуулгын зардалд 2,604,371 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 82,500,000 төгрөг, нийт 85,104,371 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, оршуулгын зардлыг нэмэхдээ техникийн алдаа гаргасан гэж 3,669.900 төгрөгөөр тооцож, сэтгэцэд учруулсан гэм хорын нөхөн төлбөр 82,500,000 төгрөгөөс хариуцагч талаас өмнө өгсөн хашаа барихад гаргасан материалын үнэд 2,110,000 төгрөг, бэлэн мөнгө 2,440,000 төгрөг, нийт 4,550,000 төгрөгийг хасаж, 77,950,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...2023 оны 05 сарын 14-ний өдөр Б.******* нь зам тээврийн осол гаргаж, замын хажууд зогсож байсан нөхөр болох ******* мөргөж амь насыг хохироосон. Шүүхийн шийдвэрээр гэм буруутайг тогтоож хариуцлага тооцсон. Хариуцагч Б.******* тухайн үед ...Дархан суманд байгаа 2 өрөө байраа зараад 60-70 сая төгрөг өгнө, намайг ялгүй салгаж өгөөч гэсний дагуу хохирол, гомдол, саналгүй гэж гарын үсгээ зурж өгсөн. Гэтэл хохирол төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд оршуулгын зардал болон Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасны дагуу тодорхойлж, шаардлага гаргасан гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр автомашин жолоодож яваад Цайдмын хөндийд зам тээврийн осол гаргаж, улмаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон. Үүндээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч одоо хүртэл гэмшдэг бөгөөд ял шийтгэлээ хүлээсэн. Тухайн хэргийг хянан шийдвэрлэх явцад хохирогчийн ар гэрийн зүгээс оршуулгын зардал хариуцаарай, мөн манай талийгаачид газар дээрээ хашаа барих хүсэл зориг байсан, тэр хашааг нь бариад өгөөрэй, дээрээс нь 3,000,000 төгрөг өгчхөөрэй гэсний дагуу хохирол төлбөрийг сайн дураараа барагдуулсан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэдэг зохицуулалтад хамаарна. Иймээс дээрх гэмт хэрэг нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарсан учраас уг үндэслэлээр сэтгэцэд учирсан хохирлыг шаардах эрхгүй гэж үзэж байгаа гэж маргадаг болно.
4.Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 11-ний өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн. Мөн тогтоолд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч*****н гэм буруутай үйлдлийн улмаас иргэн нас барсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдсон байна.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 508 дугаар зүйлийн 508.1-д Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Ж.******* нь нас барагчийн эхнэр болох нь хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан хууль ёсны өвлөгч байх тул дээрх хуульд зааснаар гэм хор учруулсны улмаас учирсан хохирол, төлбөрийг шаардах эрхтэй байна. (хх-ийн 4-5 дугаар хуудас)
6.Хэрэгт авагдсан шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.******* нь хохирол төлбөр төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ гэж дүгнэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хариуцагч Б.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан буян ХХК-д багц захиалгад 2,600,000 төгрөгийн төлбөр, зэдний үнэ 850,000 төгрөгийг тус тус төлсөн, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хашаа барихад зориулж банз бусад материалын зардалд нийт 2,110,000 төгрөг зарцуулсан, бэлэн мөнгөөр 2,440,000 төгрөгийг Ж.*******д өгсөн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.*******гаас оршуулгын зардалд дээрх төлбөрөөс гадна нийт 3,669,900 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтуудаар тогтоогдож байна. (хх-ийн 8-24 дүгээр хуудас)
Иймд хохирогч нас барсны улмаас түүнийг оршуулахтай холбоотой гарсан энэхүү зардал болох нийт 3,669,900 төгрөгийг хариуцагч Б.******* хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасны дагуу энэхүү хохирлын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, 82,500,000 төгрөгийг шаардсан. Шүүх хуралдааны явцад энэхүү үнийн дүнгээс хариуцагчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршуулгаас бусад ажилд зарцуулсан зардал болон өгсөн мөнгийг тооцож нийт 4,550,000 төгрөгийг хасаж, үлдэх 77,950,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу Ж.******* нь сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.
8.Хариуцагч тал хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хугацаа болох 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн тухайд сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр гаргуулах шаардлага гаргах боломжгүй, тухайн хуулийг буцаан хэрэглэхгүй гэж тайлбарладаг болно.
Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3-511.5 дахь хэсгийг тус тус нэмсэн бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлд энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль (Шинэчилсэн найруулга) хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.
Шүүх шинжилгээний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 81 дүгээр зүйлийн 81.1-т тус хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр, 80 дугаар зүйлийн 80.6-д Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тус тус заасан.
Гэмт хэргийн тухайд 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарсан бөгөөд хохирогч мөн өдрөө нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Хариуцагч*****н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гарсан байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсоноор гэмт хэргийн улмаас учирсан хохирол шаардах үндэслэл бий болсон гэж үзэх үндэслэлтэй юм.
Иймд нэхэмжлэгч Ж.******* нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар өөрт ашигтай байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж шийдвэрлэв.
9.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед унаж явсан тээврийн хэрэгсэл нь хариуцагч*****н эзэмшил, өмчлөлийнх биш болох нь хэрэгт авагдсан авто тээврийн газрын*****н нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаагаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь гэмт хэрэг үйлдсэн этгээд болох Б.*******эс дангаар нь учирсан гэм хорын хохирлыг шаардаж байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс шаардсан нь хууль зөрчөөгүй гэж үзсэн болно.
10.Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.*******эс оршуулгын зардалд 3,669,900 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 77,950,000 төгрөг, нийт 81,619,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******д олгож шийдвэрлэв.
11.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 583,472 төгрөг төлсөн тухайн баримтыг шүүхэд ирүүлсэн байх боловч энэхүү тус хураамжийг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дансанд төлсөн байна. Өөрөөр хэлбэл үүнийг тус шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэх боломжгүй юм.
Нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Иймд нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн гэж үзэж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 566,050 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******эс нийт 81,619,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.*******эс 566,050 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
Б.НОМИН