Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2024/00139

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч Б  овогт Б-ийн Ц-ийн “М.Г-ын эцэг байх эрхийг хасуулах тухай” хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч Б.Ц-, түүний өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Г- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.Ц- нь “М.Г-ын эцэг байх эрхийг хасуулах” тухай хүсэлтийг гаргасан.

 

Хүсэлт гаргагч нь хүсэлтийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.1 Банзрагчийн Ц- миний бие охин П-ын ***************тэйгээ 1988 оноос Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд амьдарч эхэлсэн. 2019 оны 12 сарын 01-ний өдөр охин маань гэнэт цус харвалт болж нас барсан. Нас барахаасаа өмнө М-гийн Г- гэх хүнтэй хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2013 оны 09 сарын 25-ны өдөр хүү Г-ын ***************, 2015 оны 03 сарын 13-ны өдөр охин Г-ын ************** нар төрсөн. Миний охин нөхөр М.Г-, хүү Г.*************** нарын хамт гэр хороололд тусдаа амьдарч байгаад бага охиноо төрөх үед надтай хамт 45-р байрны 16 тоотод амьдрах болсон. Ийнхүү амьдрах хугацаанд М.Г- нь байнга архи ууж, агсам тавьж, миний охины биед халдаж зоддог байсан. Энэ байдал нь охиныг минь нас барснаас хойш улам даамжирч сүүлдээ гэр оронд минь хүмүүс цуглуулж архи уух, агсам согтуу тавих, гэр орны эд хогшил зарж архи уух болсон. Ийм байдалтайгаар 4 жил гаруй хугацаанд байнгын таагүй уур амьсгалтай амьдарч байна. Би 2 зээтэйгээ хамт тайван амьдармаар байна, битгий манайд ирээд бай гэхээр би орох ёстой гээд хаалга үүд эвдээд орчихдог. Охиныг минь нас барснаас хойш хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсны тэтгэмжийн мөнгийг бүгдийг нь өөрийн дансаараа авч, тэр мөнгөө хүүхдүүдийн хоол тэжээл, сургууль цэцэрлэгийн хэрэгсэл зэрэг өдөр тутмын хэрэгцээнд зарцуулахгүй архиндаа зарцуулаад дуусгадаг. Би л хэдэн төгрөгийн тэтгэврээ зохицуулаад зээ нарынхаа хэрэгцээг зохицуулдаг. Хүүхдийнхээ мөнгийг өөрсдөд нь зориулмаар байна гэхэд хүүхдүүдээ ч танд өгөхгүй, мөнгийг нь ч өгөхгүй гэдэг. Хүүхдүүддээ авч өгдөг зүйл ундаа, чипс л авч өгдөг болохоос бусдаар хэрэгтэй зүйлийг авч өгч тэжээн тэтгэдэггүй. Байнгын архи ууж гэр орондоо биеэ авч чадахгүй болтлоо тасарч ирэх, гэр оронд минь зээ нарын минь хажууд архи ууж байгаа нь тэдний хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна. Энэ талаар нь цагдаагийн байгууллага, засаг захиргааны байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалах 108 утсанд хандаж байсан. Гэтэл та шүүхэд хандаж шийдвэрлүүлэх ёстой гэсэн хариуг л өгдөг.

М.Г- нь өдөр болгон архи уух мөн гэр оронд минь хүүхдүүдийнхээ хажууд архи уух, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхгүй үл хайхрах, төрөөс олгодог тэтгэмжийн мөнгийг хүүхдүүдийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулахгүй байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт "Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан зөрчил, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авна." гэснийг зөрчиж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1. "...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно гэж заасны дагуу М.Г-ын эцэг байх эрхийг нь хасаж өгнө үү. (хх-ийн 1-2 хуу) гэжээ.

 

1.2 Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г- гэртээ байнга согтуу орж ирнэ. Орж ирээд захиргааны үүдэнд боож үхнэ, гэртээ орж боож үхнэ гээд ширээ сандал дээгүүр гүйнэ, амиа хорлоно гэж гүйдэг, шөнө орж ирээд 2 хүүхдээ орилуулна, эмээ чинь намайг хөөж байна би явлаа, шөнө ч байсан хамаагүй би явлаа гарлаа гэдэг. Аав нь амиа хорлоно гэхээр 2 хүүхэд юу гэж гаргах вэ дээ Сүүлдээ цагдаа дуудаж өгдөг. Би энэ байдлаас болоод зүрхний шигдээстэй болоод 4 мөч бадайраад байдаг болоод байна. Миний пүүлс 200 хүрээд эмнэлэг явдаг ийм ажилтай болсон, Сүүлдээ тэвчиж чадахгүй арга ядаад шүүхэд хандаад явж байна. Г- 2 хүүхдэдээ мөнгийг нь ч өгөхгүй 2 хүүхдээ ч өгөхгүй гэж намайг дарамталдаг, дээр нь миний эрхэнд халдаж байна. Хүүхдүүдийн сургууль амраад 2 хүүхдээ аваад явахаар гэр орны хаалга үүдийг эвдээд цоожийг нь эвдээд юм уу эсхүл солиод цонхоор ороод дотроос нь түгжээд байж байна. Орж ирэхэд согтуу гэр орныг минь хогийн бункер болгочихсон байдаг. Утсаар ярихдаа та нар муусайн гөлөгнүүдтэй харьцахгүй. 2 хүүхэдтэйгээ харьцана гээд дарамтална. Одоо ч гэсэн тийм байдаг. Би ер нь аваад суусан авгай нь юм уу, тэгсэн хэр нь хамт амьдраад байдаг. Хөөж туугаад цагдаад өгөөд явуулахаар эргээд согтуу цагдаагаар түшүүлчихсэн, чирүүлчихсэн цагдаа намайг хүргэж өгч байна гээд бардам орж ирнэ. Г- жижиг өрөөнд амьдардаг. Том хүүхэд сая 5 дугаар анги төгссөн. Охин нь 3 дугаар анги төгссөн. Тэгээд цагдаа дуудахаар би эцэг нь юм чинь хүүхдээ өвөртөлж унтана гээд агсам тавьдаг. Би цагдаа нарт харсаар байгаад охин хүүхдээ өвөртлүүлээд унтуулах юм уу, би чадахгүй, наад хүнийг чинь байлгаж чадахгүй гэдэг. Цагдаа болохоор эрүүлжүүлэх байр байхгүй гээд авч яваад ах дүүд нь өглөө гээд явдаг. Маргааш нь хүрээд ирдэг. Ийм байдалтай өдий боллоо. Ямар ч байсан одоо тэвчихгүй. Энэ хүн үр хүүхдээ авдаг юм уу, өгдөг юм уу өөрөө мэдэг. Би ямар ч байсан хамтран байрандаа энэ хүнтэй амьдарна гэж байхгүй. Ямар ч байсан намайг энэ хүнээс тусгаарлаж өгнө үү. Энэ хүнийг би гэр орондоо байлгахгүй. Би өөрөө гэр орондоо эцэг ондоотой хүү охин хоёртойгоо байна. Г- шөнө согтуу орж ирэхээр банди нь яах вэ цуг унтдаг юм. Тэгээд унтахаараа хэнгэнэтэл орилоод янз бүр болоод телевизор асаагаад чанга дээр нь тавиад хүүтэйгээ хоёулаа хэрэлдээд л уйлуулаад шөнө унтуулахгүй ёстой нэг тамтай байдаг. Тэгээд шүлс, нусаа хаяна, жорлонд цэвэрхэн бие засаж чаддаггүй. Хүүхдэдээ нэг ширхэг талх бариад орж ирэхгүй чипс кола ундаа авч өгдөг. Сургуульд явдаг хүүхдийг  шөнө хичээлийг нь хийлгэхгүй нөгөө хүүхэд нь өглөө нойрмоглоод хичээлдээ явж чаддаггүй. Заримдаа нөгөө хүүхэд маань ядарч байна, нойр хүрч байна унтмаар байна гэнэ хөөрхий багш нь өглөө хүүхдээ явуул гэдэг, багш нь үүдэндээ хүлээгээд зогсоод аваад ордог, Хүүхэд асран хамгаалж байгаа хүн маань нэг иймэрхүү элдэв үгээр хэлнэ. Би ямар суусан авгай нь байгаа биш янз, янзаар хэлээд доромжилдог. Энэ хүнийг хүлээгээд байрны мөнгө тогны мөнгө энэ тэрээ төл гэлтэй биш. Би тэтгэврийн хүн сардаа 600,000 гаран мянган төгрөг авдаг. Сар болгон байрны мөнгө гээд бүх хураамжаа өөрөө төлдөг. Хүүхдийнх нь сургуулиас фондын мөнгө урлагийн үзлэгийн мөнгө нэхнэ тэр бүгдийг би өгөхөөс өөр аргагүй. Тэгээд өгөхгүй удаахаар хүүхдийн мөнгө чинь буугаа биз дээ, хүүхдийнхээ мөнгөнөөс өгч чадахгүй байна уу гээд чатаар бичээд байхаар  санаа зовоод айлын хүүхдээс дутаахгүйн тулд өөрөө ч хоосон хамаагүй эм тариагаа авч чадахгүй мөнгө төгрөгийг нь зохицуулаад өгдөг. Би үзүүлж харуулж чаддаггүй, даралт ихтэй, зүрх өвддөг, 4 мөч бадайрдаг болоод байна. Энэ хүнийг чанга хашхираад хаалга балбаад ороод ирэхээр 4 мөч бадайраад гараа өргөөд суудаг. Ердөө тайван байж чадахгүй байна. Намайг тайван байлгаач гэхээр инээгээд доог хийгээд байдаг. Би уул нь хадам нь шүү дээ. Тусдаа жижиг өрөөтэй тулдаа л хүүхдийг нь шууд чирээд оруул гэдэг. Заримдаа бүр бандааштайгаа миний өрөөнд орж ирнэ. Архиа барьчихсан май архи уу гэдэг. Би энэ хүнтэй архи хуваагаад ууж байх хүн мөн үү. Би ингэж л амьдарч байна. Би энэ хүнтэй олон жил ингэж суух юм бол үнэндээ хэцүү тайван бус байна. Би иргэний үүргийнхээ дагуу энэ хүнээс тусдаа тайван сайхан амьдармаар байна.  Г- хүүхдээ авна уу, байна уу, юугаа аваад явахын би хоёр хүүхдийг нь  3 дугаар анги, 5 дугаар анги төгсгөөд өглөө. Заримдаа надаас архины мөнгө нэхнэ. Би яаж амьдарч байгаа билээ, чамд юу архины мөнгө өгөх юу яриад байгаа юм гэхээр цалингаа буухаар өгнө мөнгөнд дургүй болоо юу гэж доромжилно. Би өөрийнх нь эцэг, эх, ах дүүс нь байвал намайг тэгж суух уу. Намайг ганцаараа байдаг хөгшин гээд дээрэлхээд сурчихсан. Нэг ёсондоо намайг хүчирхийлж байна. Миний эрхийг зөрчиж, миний эрхэнд халдаж байна. Би ямар ч байсан энэ хүнтэй хамтран амьдрахгүй гэв.

 

2. Гуравдагч этгээд М.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би ханиа зодоогүй ээ. Тэр бол худлаа. Эд хогшлоо зарсан юм байхгүй. Тэр худлаа. Найз нөхөдтэйгөө ууж байсан нь үнэн. Эд хогшлоо зарж, архи дарс уугаад эхнэр хүүхдээ зодсон удаа байхгүй. Би тэрэн дээр бардам хэлнэ. Би 2 хүүхдээ өгөхгүй. 2 хүүхдээ өөрөө аваад тэжээгээд явж чадна. Яагаад гэвэл би ажилтай төрөлтэй болсон. Архи дарсаа уухаа больсон. Одоо  би 2 хүүхдэдээ илүү бүхнээ зориулаад амьдарч чадна. ... Би ажлаа хийгээд явж байгаа. Миний архинаас гарсан гэдэг нь үнэн. Нотлох баримтаар архинаас гарсан гэсэн албан бичиг нь байгаа. Би архинд орвол үхнэ гэдэг зүйлийг гарын үсгээр баталгаажуулаад өгсөн байгаа. Миний амь насанд аюултай гэдэг баримт хийлгэсэн. Яваандаа тамхийг ч гэсэн хаях бодолтой байна. Би амиа золиослоод бүхнээ зориулна” гэв.

 

3. Хүсэлт гаргагч Б.Ц- болон түүний өмгөөлөгчөөс:

- хүү Г.***************, охин Г.************** нарын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 5 дугаар хуудас),

- Нас барсны бүртгэлийн лавлагаа (хх-ийн 6 дугаар хуудас),

- Б.Ц-ийн оршин суух хаяг, ам бүлийн тодорхойлолт  (хх-ийн 7 дугаар хуудас),

- Хэнтий аймгийн ******* сум ***-р баг *** байр**** тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ (хх-ийн 8  дугаар хуудас),

- 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний газар ашиглах гэрээний хуулбар (хх-ийн 11-12 дугаар хуудас),

- Гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлгээ (хх-ийн 9-12 дугаар уудас),

- Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 13-18 дугаар хуудас),

- Г.***************, Г.************** нарын Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” бага сургуульд суралдаг нь үнэн гэх тодорхойлолт (хх-ийн 19 дүгээр хуудас),

- Б.Ц-ийн LG-X2 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 32-33 дугаар хуудас),

- М.Г- нь цагдаагийн байгууллагад зөрчлийн гомдол, мэдээллээр шалгагдаж байсан эсэх лавлагаа (хх-ийн 36-37 дугаар хуудас),

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Г-аас:

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “**************************"-ын тодорхойлолт,

-Хэнтий аймаг “Хэрлэнгийн цэнхэр алс” төрийн бус байгууллагын албан бичиг,

Түүний хүсэлтээр:

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 584 дугаартай дүгнэлт (хх-ийн 85-88 дугаар хуудас)

 

5. Шүүхийн санаачилгаар Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын тус иргэний хэрэгт шинжээчээр ажилласан дүгнэлт (хх-ийн 72-82 дугаар хуудас) зэргийг  бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3-т онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болно гэж заасны дагуу М.Г-ыг түүний хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан болно.

Хүсэлт гаргагч Б.Ц- нь тус шүүхэд М.Г-ын эцэг байх эрхийг хасуулах тухай хүсэлтийг гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар дээрх хүсэлтийг Б.Ц- шүүхэд гаргах эрхтэй байна.

 

Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Г- нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, охины минь эрх чөлөөнд халдаж зоддог байсан. Хүүхдүүдийнхээ дэргэд архи согтууруулах, ундааны зүйл хэрэглэж буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа, хүүхдийн мөнгийг архинд зарцуулж дуусгадаг зэрэг нь Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасан хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг гэх үндэслэлээр эцэг байх эрхийг нь хасаж өгнө үү” гэсэн бол,

 

Шүүхэд гаргасан тайлбартаа: “М.Г- нь архи, согтууруулах ундаа байнга хэрэглэдгээс шалтгаан гэртээ амар тайван амьдрах боломжгүй байдал үүсээд байна. Иймд энэ хүн хүүхдээ авна уу өгнө үү өөрөө шийдмээр байна. Би энэ хүнээс тусдаа амар, амгалан амьдармаар байна” гэж тайлбарласан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Г- дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ: “Би ханиа болон үр хүүхдээ зодож байгаагүй үүнийгээ бардам хэлнэ. Архи, дарс уудаг байсан, одоо архинаас гарч огт уухгүй байгаа. Би хоёр хүүхдээ өгөхгүй, тусдаа орон сууц худалдан авахаар төлөвлөсөн байгаа, энэ хүнтэй цаашид хамт амьдрахгүй” гэж тайлбарладаг.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хүсэлт гаргагч болон гуравдагч этгээд нарын тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

М.Г-, П.*************** нарын хамтын амьдралын хугацаанд буюу 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүү Г.***************, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин Г.************** нар тус тус төрж эцэг М.Г-аар овогложээ. 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эх П.*************** нас барж, М.Г- нь хоёр хүүхдийн хамт хадам эх Б.Ц-ийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2 дугаар баг 16 тоотод байрлах гэрт одоог хүртэл хамт амьдарч байна.

Дээрх үйл баримтын талаар талууд хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч, гуравдагч этгээд нар маргаагүй бол эцэг байх эрх хасуулах тухай нэхэмжлэлд дурдсан үндэслэлийг гуравдагч этгээд эс зөвшөөрч маргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасч болно” гэж зохицуулсан. Дээрх хуулийн заалт нь Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл баримтлал буюу хүүхдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шууд чиглэгддэг.

Гэтэл хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн утга, агуулгаас өөр буюу хүүхдүүдийг хэн асрамждаа авах нь чухал биш, гол зорилго нь тусдаа амар амгалан амьдрахыг хүсэж байгаагаа илэрхийлж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагатай зөрчилдөж байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг хүсэлт гаргагч болон сонирхогч этгээдийн хүсэлтийг үндэслэн тогтоодог бөгөөд хүсэлт гаргагчийн хүссэнээс өөр үр дагаврыг бий болгох боломжгүй юм.

Үүнээс гадна шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн баримтууд болох 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээнд “Г.***************, Г.************** нарыг хүчирхийлэлд өртдөг гэх хэсэгт “үгүй” гэж, хүүхэд өдрийн физиологийн хэрэгцээгээ хангах хоол тэжээлийг иддэг эсэх, хүүхэд тухайн улирлынхаа хувцсыг өмссөн эсэх хэсэгт “тийм” гэж, насанд хүрэгч-хүүхдийн хоорондын харилцаа хэсэгт “эерэг боломжийн” гэж тус тус бөглөгдсөн бол ерөнхий дүгнэлт хэсэгт “2023.08.29-ний өдөр үнэлгээ хийхээр ирэхэд нөхцөл байдал хэвийн хүүхдийн сэтгэл санаа тогтвортой эх нь 2019 онд өвчний улмаас нас барсан. Хүүхэд охин дүүгийн хамт мөн аав Г-тай, эмээ Ц-ийнд амьдардаг” гэжээ. Харин хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, маягт ХХ 03-ийн “Эрсдэлийн үнэлгээний дүгнэлт” хэсэг бөглөгдөөгүй байна. /хх-н 13-18 хуу/

 Мөн Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн лавлагаанд М.Г- нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчиж зөрчлийн шийтгэл хүлээж байсан талаарх мэдээлэл авагдаагүй бол /хх-н 36-37 хуу/ Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийн ерөнхий дүгнэлт хэсэгт “Нэхэмжлэгч Б.Ц- нь хүүхэдтэй ээнэгшин дассан, харилцааны ойр дотно байдалтай, анхаарал халамж сайн тавьдаг, бие даасан байдлыг нь дэмждэг тул давуу талтай байна. Шинжээчийн багийн үзэж байгаагаар охин Г.**************, хүү Г.*************** нарыг нэхэмжлэгч Б.Ц- нь асран хүмүүжүүлэх боломжтой болохыг дэмжин уламжилж байна” гэж,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд “М.Г- нь Архины шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэг. Хараат байдлын хам шинж /донтой/ сэтгэцийн эмгэгтэй байна. Одоо тэвчлийн байдалтай байна” гэж,

Хэнтий аймаг “Хэрлэнгийн цэнхэр алс” төрийн бус байгууллагын тус шүүхэд ирүүлсэн албан бичигт “М.Г- нь Хэнтий аймгийн Засаг даргын хэрэгжүүлж байгаа Архидалтгүй Хэтийн Хэнтий арга хэмжээнд хамрагдах хүсэлт өгснөөр уг хөтөлбөрийг гардан хэрэгжүүлж байгаа Хэрлэнгийн цэнхэр алс НҮТББ-аас зохион байгуулж байгаа Эдгэрлийн баяр хөөр сургалтад хамрагдаж архинаас гарах цогц эмчилгээнд өөрийн хүсэлтээр элсэж, архины эсрэг оюун санааны сургалтад сууж, эм зүйн эмчилгээ болох спираль тавиулж архи уудаг хорт зуршлаа гээсэн нь үнэн болно” гэжээ.   

Дээрх нотлох баримтуудаар гуравдагч этгээд М.Г- нь архинд донтох эмгэгтэй болох нь тогтоогдож байх боловч зөвхөн дээрх дүгнэлт, үнэлгээг үндэслэн М.Г-ын эцэг байх эрхийг хасах хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал дээрх үнэлгээ, дүгнэлтүүдээр М.Г- нь байнгын архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, зарим тохиолдолд хүүхдүүдээ үл хайхрах байдал гаргадаг нь тогтоогддог боловч Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасан бусад үндэслэлүүд буюу хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оролцуулах зэргээр эх байх эрхээ урвуулан ашигласан, улмаар хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий хандсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн гэх үндэслэлүүдийн талаар тусгагдаагүй байх ба дээрх байдал тогтоогдохгүй байна.

Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын гаргасан дүгнэлтэд хүү Г.***************ыг “гэр бүлийн гишүүддээ ээнэгшин дассан. ...Аавдаа илүү итгэл үнэмшил, найдлага бий болгосон хандлагатай, ...мөн аавтайгаа хамт байх хүсэлтэй байсан” гэж, М.Г-ын давуу талыг “хүү Г.*************** ээнэгшин дасалттай” гэж тус тус дурджээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, арван долдугаар зүйлийн 2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг болохыг, мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжид байх, ...хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй талаар тус тус заасан.

Гуравдагч этгээд М.Г- нь согтууруулах ундаа хэрэглэдэг, хүүхдүүддээ тавих анхаарал халамж дутмаг гэх байдал нь засагдах боломжтой гэж үзлээ. Учир нь Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын гаргасан дүгнэлтэд “М.Г- нь архинаас гарах эмчилгээнд орох хүсэлт өгсөн” талаар дурдсан бол үүний дагуу архинаас гарах эмчилгээнд хамрагдсан нотлох баримтыг тэрээр шүүхэд ирүүлсэн. Мөн хүү Г.*************** нь эцэг М.Г-тай хамт амьдрах хүсэлтэй байгаа болох нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан бол уг хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхээр заасан.

Хүсэлт гаргагч Б.Ц- нь шүүх хуралдаанд хүүхдүүдийг өөрийн асрамжид авч өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлсэн. Тэгвэл хэрэгт авагдсан нотлох баримт болох Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын гаргасан дүгнэлтээр Б.Ц-ийг эрүүл мэндийн хувьд анхаарах шаардлагатай талаар дурдсанаас гадна Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэнд хүүхэд үрчлүүлэхийг хориглодог. Хэдийгээр хүүхэд үрчлэн авах, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудал нь хэлбэрийн хувьд өөр боловч агуулгын хувьд буюу хүүхэд өсгөн хүмүүжүүлэх асуудал гэдэг утгаараа ижил ойлголт юм. Иймд хүсэлт гаргагч Б.Ц-ийг хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоох боломжгүй юм.

Шүүхээс М.Г-ын эцэг байх эрхийг хасах үндэслэлгүй гэж үзэн энэ удаагийн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч М.Г- нь хүүхдүүдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлүүлэх, шунахайн зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оролцуулах зэргээр эцэг байх эрхээ урвуулан ашигласан, улмаар хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий хандсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа байнга хэрэглэх, асрамждаа байгаа хүүхдийг хараа хяналтгүй орхих, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлээгүй зэргээр хүүхдийн эрх ашгийг ноцтой хохироосон тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар М.Г-ын эцэг байх эрхийг хасуулах тухай шаардлагыг шүүхэд гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Ц-ийн “М.Г-ын эцэг байх эрхийг хасуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.БАТБАЯР