Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/553

 

 

 

 

 

 

  2022               5            24                                        2022/ДШМ/553

 

 

  Д.Б-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Д.Баттулга,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/448 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Э, шүүгдэгч Д.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Б-т холбогдох эрүүгийн 2208000000084 дугаар хэргийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Цагаан гэрүүд овгийн Дэлгэрдалайн Б, 1991 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Таван толгой” ХХК-ийн нүүрсний уурхайд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 69 дүгээр байрны 16 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: АЮ91050938/;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар 10-ны шөнийн 02 цаг 30 минутаас 04 цаг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 69-16 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Э-тай хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний үснээс нь зулгааж чирэх, шал мөргүүлэх, гараараа толгой болон нүүрэн тус газар нь цохин, хөлөөрөө өшиглөж, мөн гурил элддэг модоор цохиж, зодон биед нь “баруун талын 3.4.5-р хавирганы хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн хацар, шанаа, хүзүүнд цус хуралт, баруун мөр, бугалга, баруун шуу, тохой, зүүн бугалга, тохой, шуу, зүүн мөр, цээж, хэвлийд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт, зулайн хуйх, баруун чамархай, дагзны хуйх, зүүн зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Б-т 6 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогч С.Э давж заалдах гомдолдоо: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/448 дугаар шийтгэх тогтоолыг хохирогчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс миний нөхөр болох шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж хохирогчийн зүгээс үзэж байна.

Хохирогч С.Э миний зүгээс шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн гэмт хэргийн зүйлчлэл болон хэргийн хохирлын хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин түүнд оногдуулсан ялыг өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд хандаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Д.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн маргах зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна........................................................... би энэ бүхэнд

маш их харамсаж байна...”, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмшиж байгаагаа илэрхийлдэг. Манай гэр бүлийн тухайд хохирогч миний нөхөр болох шүүгдэгч Д.Б нь хувиараа Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр Таван толгой нүүрсний уурхайд том оврын автомашин жолоодож, олсон орлогоороо гэр бүлээ авч явдаг. Энэхүү ажил нь улирлын чанартай 5-10 сарын хооронд үргэлжилдэг. Манай гэр бүл 2021 онд иргэн Т.Баярбат гэдэг хүнээс “Норт бенз” маркийн 54-29 ӨМҮ улсын дугаартай нүүрс тээврийн автомашиныг 100.000.000 төгрөгөөр хувь лизинг хийн худалдан авч, одоогоор 30.000.000 төгрөгийг Т.Баярбатад төлөхөөр дутуу байна. Энэ жилийн тухайд 5 сараас ажил эхэлнэ гэж тооцоолж манай гэр бүл хүмүүсээс 10.000.000 төгрөгийн зээл авч автомашинаа засаж ажилд гарахаар бэлдсэн.

Гэтэл миний нөхөр Д.Б анхан шатны шүүхийн шийдвэрээр хоригдчихлоо. Хэрэв нөхөр болох шүүгдэгч Д.Б анхан шатны шүүхийн шийдвэрт заагдсан 6 сарын хугацаанд хоригдсон тохиолдолд автомашинаа ажлуулж чадахгүйгээс үүдэн хувь лизингээ төлж чадахгүй, автомашинаа хураалгах, цаашилбал манай гэр бүл санхүүгийн хүнд байдалд орохоор байна. Хохирогч миний хувьд бага насны /2-10/ гурван хүүхэдтэй үлдсэн, хувь лизинг болон бусдаас авсан 10.000.000 төгрөг, түрээсийн байрны төлбөрөө төлөх боломжгүй байна. Түүнчлэн хохирогч би анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш нөхөр болох шүүгдэгч Д.Б-ийн хоригдож байгаа газарт эргэлтээр 3 удаа очиход шүүгдэгч нь чин сэтгэлээсээ гэмшсэн, ухаарсан гэдэг нь харагдаж, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амалсан.

Иймд манай гэр бүлийн хувийн байдал миний нөхөр болох шүүгдэгч Д.Б-ийн гэмшиж ухаарсан амалсан зэргийг харгалзан үзэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Б-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдолдоо “...Шүүгдэгч Д.Б би Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 448 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие нь өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ маш их ухаарч харамсаж байгаа бөгөөд цаашид дахин ийм гэм буруутай үйлдэл гаргахгүй, нийгэмд өөрийн биеэ зөв авч явна гэдгээ шүүхийн өмнө амлаж байна. Хохирогч С.Этай эвлэрч, 3 хүүхдийн хамтаар амьдарч байсан. Миний бие Т.Баярбат гэдэг хүнээс 100.000.000 төгрөгөөр 54-29 ӨМҮ улсын дугаартай “Nord benz” маркийн автомашин авсанаас 30.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Миний ажил улирлаас хамраач 5-10 дугаар сар хүртэл явагддаг. Ажил эхлэхтэй холбогдуулан гэр бүлийн хамаарал бүхий хүнээс 10.000.000 төгрөг зээлэн авч, машиндаа засвар үйлчилгээ хийж бэлдсэн. Миний бие энд хоригдох хугацаанд уг төлбөрөө төлж чадахгүйд хүрч, машинаа хураалгах, мөн байрны түрээсээ төлж чадахгүй эхнэр, хүүхдүүдээ амьдрах газаргүй болгоход хүргээд байна.

Иймд миний 6 сарын хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Д.Баттулга давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 448 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт заасныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон.Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтвортой мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нөхцөл байдлууд мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх дээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хохирогч С.Э шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдэг...” гэж мэдүүлдэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” зохицуулсан.

Энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргиин улмаас учруулсан хохирол нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгг “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нөхцлийг хангаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг ... ялгаврлан гадуурхахгүй” гэж тус тус заасан байна. Тодруулбал, хуулийн хэм хэмжээг хэрэглэх нөхцөлийг бүрэн хангасан бол түүнийг аливаа этгээдэд ялгаварлалгүйгээр хэрэглэх, хуульд заасан нөхцөл боломжийг бүрэн эдлүүлэх ёстой гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан дээрх нөхцөлийг хэрэглэхгүйгээр шийдвэрлэж байгаа нь хуульд заасан боломжийг шүүгдэгчид бүрэн эдлүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн хувьд учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн энэхүү зүйл заалтыг хэрэглэж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.Б нь 2021 онд том оврийн автомашин зээлээр худалдан авч Тавантолгой нүүрсний уурхайд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг, түүнд хорих ял оногдуулснаар хөдөлмөрлөх эрхийг нь давхар хязгаарлаж, улмаар өөрийн эхнэр С.Э, 3 хүүхдээ тэжээн тэтгэх боломжгүй болох нөхцөл байдал үүссэн байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Б-т хорих ял оногдуулсан нь түүний эхнэр, хүүхдүүдийн амьжиргааны орлогыг тасалдуулж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдийнхээ өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг биелэгдэхгүй, хүүхдүүдийн амжиргааны эх үүсвэр тасалдах зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Б-ийн хувийн байдал, хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж, шүүгдэгч Д.Б-т оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Ундрах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрээ зодож, хүндэвтэр гэмтэл учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Шүүгдэгч гэм буруугийн хувьд маргадаггүй хэдий ч анхан шатны шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн шинж, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 6 сарын хугацаанд нээлттэй хорих ангид хорих ял эдлүүлэх шийдвэр гаргасан бөгөөд тухайн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч өмнө нь дандаа хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлддэг байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. 2018 онд 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж байсан боловч тухайн ялыг биелүүлээгүй байсан. Биелүүлээгүй учрыг нь олох зорилгоор бусад байгууллагууд руу албан тоот явуулсан боловч Биелүүлээгүйгэсэн тоот ирсэн байсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 10-ны шөнийн 02 цаг 30 минутаас 04 цаг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 69-16 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Эыг бусадтай хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/,

хохирогч С.Э-ын “...2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 69-16 тоотод байрлах гэртээ унтаж байсан чинь 02 цаг өнгөрч байхад гаднаас Д.Б хаалга хүчтэй нүдээд, би хаалга тайлж өгөхөд архи уучихсан, дунд зэргийн согтолттой орж ирэхээр нь би хувцсыг нь тайлаад, арга эвийг нь олоод аль болох аятайхан байлгаж унтуулах гэсэн чинь Д.Б унтахгүй шууд миний үснээс зулгаагаад, уурлаад намайг газар чирч дээрээс хөлөөрөө дэвсээд, цохиод, шал мөргүүлээд зодож эхэлсэн. Тэгээд намайг гурилын элдүүр модоор цохисон бас тагтан дээрээс шидэх гээд байсан. Сүүлд нь намайг ямар ч хувцасгүй орцонд хөөж гаргасан. Би орцонд 30 орчим минут зогсож байгаад хаалгаа нүдэхэд манай 10 настай охин хаалга онгойлгож өгөөд дотогш ороход Д.Б унтчихсан байсан. Энэ явдал шөнийн 02 цаг 30 минутаас 04 цаг өнгөртөл болсон. ... Би тухайн үед Д.Б-т зодуулсны дараа гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэн толгой, цээж, хэвлийн рентген зураг авахуулан шүүх эмнэлэгт үзүүлсэн, дараа өдөр нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлэн 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Энэ бүх эмчилгээний зардал, хэрэгцээтэй эм тарианы мөнгийг бүгдийг Д.Б төлж барагдуулсан. Гэхдээ би гомдолтой байна...” /хх 10/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 295 дугаар “...С.Э-ын биед баруун талын 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн хацар, шанаа, хүзүүнд цус хуралт, баруун мөр, бугалга, баруун шуу, тохой, зүүн бугалга, тохой, шуу, зүүн мөр, цээж, хэвлийд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт, зулайн хуйх, баруун чамархай, дагзны хуйх, зүүн зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх 22-24/,  

Д.Б-ийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгүүд /хх 47-48, 151/, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 87-88/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 89-93/, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны хохирогч С.Этай хийсэн ярилцлагын тэмдэглэл /хх 94/, аюулын зэргийн үнэлгээ /хх 95-96/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс Д.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар ял шийтгэнэ.” гэж энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын аль нэгийг сонгон ял шийтгэл оногдуулах боломжтой байдлаар хуульчилжээ.

Анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, түүнд 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн урд өмнө нь шүүхээр шийтгүүлсэн байсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсэн байгааг түүнд энэ хэрэгт ял оногдуулахдаа шүүх харгалзан үзэх ёстой.   

Хохирогч С.Эын “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү...”, шүүгдэгч Д.Б-ийн “...хувийн байдлыг минь харгалзан үзэж, тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү...”, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Д.Баттулгын “...шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг бүрэн хангаж байгаа тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Учир нь, анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад үндэслэн тогтоож, шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн төдийгүй, хэрэгт авагдсан 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1838 дугаар, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 59 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолууд болон Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Д.Б нь хохирогч С.Э-ыг өмнө нь удаа дараа зодож байсан үйлдлүүддээ дүгнэлт хийгээгүй, гэмшсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хорих ялыг тэнсэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хангах үндэслэлгүй байна.   

Иймд хохирогч С.Э, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/448 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Э, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь нийт 43 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.МЯГМАРЖАВ

 

                                    ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

 

     ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ