| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00135/И |
| Дугаар | 157/ШШ2024/00147 |
| Огноо | 2024-08-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 157/ШШ2024/00147
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч С.****************ын нэхэмжлэлтэй хариуцагч “*****************” ТӨҮГ-ын харьяа **********************************т холбогдох “тус үйлдвэрийн захирлын 2024 оны 05 сарын 17-ны өдрийн Б/1552 тоот тушаалыг хүчингүй болгуулж, 5 дугаар сарын үндсэн цалингаас 20 хувийн суутгал хийснийг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ........ сумын ..... дугаар .... дугаар байрны ... тоотод оршин суух Б овогт С -ийн **************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Уулын цехийн далд уурхайн нэвтрэгч ажилтай С.**************** намайг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хариуцлагагүй хандсан зөрчил гаргасан үндэслэлээр үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсанг хүлээн зөвшөөрөөгүй тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасан эрхийнхээ хүрээнд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлхээр байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан. Уг маргаан таслах комиссын хурлын тэмдэглэлийг 2024 оны 6-р сарын 24-ны өдөр хүлээн авсан. Сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тул шүүхэд энэ гомдлоо гаргаж байна.
Миний бие урьд өмнө нь буюу сүүлийн 1 жилийн хугацаанд сахилгын зөрчил гаргаж байгаагүй, байтал надад цалин бууруулах сахилгын арга хэмжээ авсанд гомдолтой байна. Мөн сахилгын шийтгэл ноогдуулах процесс ажиллагаа зөрчигдсөн. Бидэнд хугацаа нь дууссан амь хамгаалах баг олгосон байсан. Гэтэл энэ хугацаа дууссан багыг биедээ авч явсангүй гэж цехийн удирдлагын зүгээс дуудаж талоныг чинь цоолж сануулах арга хэмжээ авлаа гэж хэлсэн. Гэтэл дараа нь надад хэсгийн ахлагч энэ сахилгын арга хэмжээ авах тушаалыг 2024 оны 5-р сарын 21 өдөр танилцуулсан. Надаас ямар нэгэн тайлбар аваагүй, сахилгын арга хэмжээ авна, чи гаргасан зөрчлийн талаар тайлбар өг гэж хэн ч надад хэлээгүй байж энэ тушаалыг гэнэт танилцуулсан. Хэрэв надаас тайлбар авах боломж олгосон бол би тайлбараа өгч, эрхээ эдлэх байсан. 2022 оны А/51 тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 10.3-т зөрчил гаргасан ажилтны өөрийн тайлбарыг хавсаргасан байхаар журамласан. Энэ заалт хэрэгжээгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргииг тодорхоилж, тэдгээриин хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино", 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт" Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд мөрдөх үүрэгтэй", 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж байгууллагыг хэлнэ", 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ дараах шаардлагыг хангасан байна", 12.2.1 дэх хэсэгт "хөдөлмөр нийгэм хамгааллын хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх", 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт “ажил олгогч энэ хуульд заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцсэн шаардлага, стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байраар хангах үүрэгтэй" гэж тус тус хуульчилсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт “ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж харагдахуйц газар байршуулах үүрэгтэй” байхаар хуульчилсан. Эдгээр заалтууд зөрчигдсөн.
Шударга бус үйлдлийг хориглох тухай ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрийгөө өмгөөлөх, тайлбар гаргах эрхийг хангаагүй зэргээр хууль зөрчиж шийдвэр гаргасанд гомдолтой байгаа тул асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлж, уг тушаалыг хүчингүй болгуулж, 5 дугаар сарын үндсэн цалингаас 20 хувийн суутгал хийснийг буцаан гаргуулахаар гомдол гаргав” гэжээ.
Хариуцагч “*****************” ТӨҮГ-ын харьяа **********************************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.***************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч С.**************** 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэх үедээ амь хамгаалах багаа мөргөцөгт үлдээсэн байсан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөт шалгалтаар илэрсэн тул хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн "*****************" ТӨҮГ-ын харьяа үйлдвэрүүдийн ажилтнуудын аюулгүй ажиллагааны дэвтрийн журмыг үндэслэн ногоон туузыг тасалж, тухайн зөрчилд холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Уулын цехийн дарга А.Энх-Амгалан нээлттэй сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах саналыг ирүүлсэн байдаг.
Ажил олгогч буюу **********************ийн захирал Б.******************* тухайн зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан үзэж ажилтан С.****************т үндсэн цалинг 1 cap 20 хүртэл хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн.
Ажилтан С.****************ын үйлдэл нь Уул уурхайн сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 229/А232 дугаар хамтарсан тушаалаар баталсан Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрмийн 11-т "Уурхайд ажилтан бүрд олгосон өөрийгөө аврах багийг биедээ авч явна. Газрын доорх ажилтнуудын тооноос 10 хувиар илүү тооны багийг бэлэн байдалд байлгана. Баг ашиглах шалгалтыг хагас жил тутам ажилтнаас авна. Ажилтан бүр уурхайд орохдоо багны бүрэн бүтэн байдалд биечлэн үзлэг хийнэ. Багийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу тогтоосон хугацаанд аврах нэгжийн мэргэжилтэн шалгаж, акт үйлдэнэ." заалтыг зөрчсөн.
Тухайн дүрмээр хөдөлмөрлөх явцад ажилтанд учирч болзошгүй үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн магадлал нь зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр эрсдэлийн түвшин их ажлын байранд заавал дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоосон байдаг. Ажил олгогч нь аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг баримтлан ажилтны эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүргийг хуулиар хүлээдэг ба тухайн чиг үүргийнхээ хүрээнд хууль, холбогдох дүрэм, журамд нийцүүлэн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ тогтоон хэрэгжүүлдэг. Гэвч ажил олгогч ажилтан С.****************т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т "Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана.", **********************ийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/50 дугаар тушаалаар баталсан **********************ийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.3-т "Ажилтан хөдөлмөрийн сахилга зөрчсөн тохиолдолд зохих нэгжийн удирдлага тухайн ажилтанд сахилгын хариуцлага тооцуулах саналаа үйлдвэрийн Захиралд хүргүүлэх ба саналд тухайн зөрчилд хамаарах нотлох баримт, зөрчил гаргасан ажилтны өөрийн болон зөрчил гарах үед байлцсан ажилтнуудын тайлбар, холбогдох бусад баримтыг хавсаргасан байна." заалтуудыг хэрэгжүүлээгүй нь Монгол Улсын Үндсэн Хуульд заасан Монгол Улсын иргэний өөрийг өмгөөлөх эрхийг нь зөрчсөн үйлдэл болсон.
Иймд нэхэмжлэгч С.****************ын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/1552 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, 5 дугаар сарын үндсэн цалингаас 20 хувийн суутгал хийснийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт "Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ." гэж заасныг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.**************** нь хариуцагч “*****************” ТӨҮГ-ын харьяа **********************************т холбогдох “тус үйлдвэрийн захирлын 2024 оны 05 сарын 17-ны өдрийн Б/1552 тоот тушаалыг хүчингүй болгуулж, 2024 оны 05 дугаар сарын үндсэн цалингаас 20 хувийн суутгал хийснийг буцаан гаргуулах тухай” төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох **********************************ийн захирлын 2024 оны 05 сарын 17-ны өдрийн Б/1552 тоот тушаалыг хүчингүй болгож, 2024 оны 05 дугаар сарын үндсэн цалингаас 20 хувийн суутгал хийснийг буцаан төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох **********************************ийн захирлын 2024 оны 05 сарын 17-ны өдрийн Б/1552 тоот тушаалыг хүчингүй болгож, 2024 оны 05 дугаар сарын үндсэн цалингаас 20 хувийн суутгал хийснийг буцаан төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгч С.**************** нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч хариуцагч “*****************” ТӨҮГ-ын харьяа **********************************ээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 70,200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.****************ын нэхэмжилсэн “*****************” ТӨҮГ-ын харьяа **********************************т холбогдох “тус үйлдвэрийн захирлын 2024 оны 05 сарын 17-ны өдрийн Б/1552 тоот тушаалыг хүчингүй болгуулж, 2024 оны 05 дугаар сарын үндсэн цалингаас 20 хувийн суутгал хийснийг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “*****************” ТӨҮГ-ын харьяа ********************************** нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч С.**************** нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч хариуцагч “*****************” ТӨҮГ-ын харьяа **********************************ээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 70,200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч “*****************” ТӨҮГ-ын харьяа ********************************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР