Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2018/ДШМ/067

 

 М.Мэнджаргалд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор В.Дэлгэрмаа

 Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Мэнджаргал, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Мэнджаргалд холбогдох эрүүгийн 1814000220115 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржгон овогт Мухлаашийн Мэнджаргал, ........... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВЮ80070514/

М.Мэнджаргал нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын үүдэнд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр С.Арилдийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                              Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Мэнджаргалд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржгон овогт Мухлаашийн Мэнджаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мэнджаргалыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мэнджаргалд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 225000 төгрөг төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мэнджаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мэнджаргалд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 дахь зааснаар шүүгдэгч М.Мэнджаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мэнджаргалын эзэмшлийн “...самсунг нөүт-5 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжпэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу М.Мэнджаргалд буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Мэнджаргал гаргасан давж заалдах гомдолдоо:

 М.Мэнджаргал миний бие Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутагт байрлах Биеийн тамир спортын газрын үүдэнд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр С.Арилдийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх эрүүгийн 1814000220115 дугаартай хэрэгт холбогдон шалгагдсан бөгөөд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/238 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

2017 оны 12 дугаар сарын 27-ны орой ажил дээрээ байж байхад манай ажилтан С.Норпилын нөхөр С.Арилдий ирсэн. Хаалга үүд өшиглөж, танхайрсан талаар өмнөх мэдүүлэгтээ би дурдсан. С.Арилдий нь урьд нь бас манай ажил дээр ирж эхнэрээ зодсон байсан. Тэгээд би С.Арилдийтай маргалдсан. Ажлын үүдэнд гарч хамт тамхи татаж байгаад намайг хайс руу түлхсэн. Бид харилцан зууралдаж унасан. Миний биед ч бас тухайн үед гэмтэл учирсан. Хэргийг мөрдөгч нэг талыг барьж шалгасан. Тухайн үед С.Арилдий ч бас согтуу байсан. Тэр үед С.Арилдийгийн согтуурлыг шалгасан баримтыг хэрэгт хавсаргаагүй.Би С.Арилдийг өшиглөсөн асуудал байхгүй. Энэ хэргийг нотолсон гэх гэрч С.Норпил нь нөхрийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул энэ талаар гэрч Ц.Мядагмаа “гадагшаа гарахад дарга М.Мэнджаргал Арилдийг заамдаад хаалганы хэсэг рүү унагаасан байсан. Даргыг дагуулаад хайс руу явж байхад Норпил нөхөртөө хандаж цус гоожсон байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг өгсөн байна. Энэ нь хохирогч С.Арилдийн “...захаар боогоод газар унагаасан. Тэгээд дараагаар доошоогоо дэвссэн, амны хэсэг рүү өшиглөсөн..” гэсэн мэдүүлэгтэй зөрүүтэй байхад шүүх дээрх мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож, иш татан гэм буруутайд тооцсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ “ гэж заасан.

Шүүхээс хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан гэж үзсэн боловч гэм буруугийн талаар эргэлзээтэй байдлыг харгалзаж үзсэнгүй.

Энэ хэрэгт М.Мэнджаргал миний хохирогч С.Арилдийг өшиглөж гэмтээсэн, эсхүл харилцан барилцаж, давхаралдаж унахад гэмтэл учирсан эсэх талаар бүхий л баримтыг шалгаж тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэж, намайг гэм буруутайд тооцсон байна.

Иймд гэрч Ц.Мядагмаагаас дахин мэдүүлэг авч М.Мэнджаргал Арилдийг заамдаад хаалганы хэсэг рүү унагаасны дараа яг ямар үйл явдал болсон болох, М.Мэнджаргал С.Арилдийг өшиглөж зодсон эсэх, М.Мэнджаргал, С.Арилдий нар ямар байдалтай, аль хэсгээрээ давхаралдаж унасан талаар нарийвчлан тодруулж, энэ талаар харсан бол яагаад мэдүүлэгтээ хэлээгүй талаар асуух, гэрч Ц.Мядагмаагийн мэдүүлэг болон хохирогч С.Арилдийгийн өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгаж, нүүрэлдүүлэн байцаалгах ажиллагаа хийлгэсний эцэст гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Мөн С.Арилдийн биед учирсан гэмтлийн зэргийг миний бие анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Гэмтлийн зэргийн хувьд шинжээчийн дүгнэлтүүд удаа дараа эргэлзээтэй байдлаар гарсан ба Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 949 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр нэг шүдний сулралыг гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсныг үгүйсгэжээ.

С.Арилдийн биед учирсан уруулын шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд үүссэн зулгаралтууд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4 дэх хэсэгт заасан дараах шалгуурыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл хөнгөн гэмтэл нь: 1. Гэмтэл, түүнээс үүссэн эд, эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, 2. Ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан, З.Энэ журмын 2.2-2.4-т заасан шалгуур шинжүүдийн аль 1 нь илэрсэн байхыг шаардана.

Гэтэл хохирогч С.Арилдийн биед учирсан уруулын шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд үүссэн зулгаралтууд нь дээрх шалгуурын алинд ч хамаарахгүй байна.

Мөн С.Арилдийн биед учирсан уруулын шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд үүссэн зулгаралтууд нь ямар хүчин зүйлийн улмаас үүсч болох, энэ нь газарт унагаад хөлөөрөө дэвсэх эсхүл газарт зууралдаж унах үед үүсэх боломжтой эсэхийг нарийвчлан тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэж, ял оногдуулсанд гомдолтой байна.

С.Арилдийтай маргалдсаны дараа С.Арилдий явсан бөгөөд цагдаа дуудсаны дараа буцаж ирсэн. Тэр хугацаанд хаагуур явсан талаар болон тэр үед гэмтэл авсан эсэхийг бас шалгуулмаар байна.Иймд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасны эцэст гэмт буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр гомдол гаргав. Хэргийг дахин шалгаж үнэн зөвийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч М.Мэнджаргалын өмгөөлөгч Л.Батбаяр давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөн 1814000220115 дугаартай хэргийн холбогдогч М.Мэнджаргалын гомдлыг бүрэн дэмжиж “эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах...”, “...шударга шүүхээр шүүлгэх...”, “...шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй...” гэсэн Үндсэн хуулийн заалтыг удирдлага болгон гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шударгаар ял оногдуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг, хүний зөрчигдсөн эрхийг сэргээх... нөхцөлд тулгуурлан дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэрч С.Норпилын /хх-ийн 33-39/,гэрч Ц.Мядагмаагийн /хх-ийн 40-42/ талд өгсөн мэдүүлэг зөрүүтэй. Нэг байдлыг харсан 2 хүний өөр мэдүүлэг, хохирогч С.Арилдийн өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, тогтвортой бус зэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйл хэргийн бодит байдлыг тогтоох, мөн хуулийн 16 дугаар зүйл нотолбол зохих байдлыг хангаагүй, хуулийг зөрчсөн гэж дүгнэж байна.

2. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 42 тоот дүгнэлт: Хөнгөн зэрэгт хамаарна. 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 317 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлтээр боломжтой, боломжтой гэсэн учир битүүлэг үгээр 42 тоот дүгнэлтийг батлах гэж оролдсон нь тусгай мэргэжлийн эмч нар нь бие биенийхээ хууль бус дүгнэлтийг хамгаалж байгаа хардлага төрүүлж байгаа.

Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 949 тоот дүгнэлт дээрх 2 дүгнэлтийг үгүйсгэж, эргэлзээг төрүүлж байгаа явдал юм. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчжээ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж гомдлоо гаргаж байна.

Дээр дурдсан хуулийн заалтыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс тайлбарласан хэдий ч прокуророос шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хэргийн хүрээнд яллах ба өмгөөлөх талын эрх мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа алдагдсан гэж үзэж гомдлоо гаргалаа.

Иймд гомдлыг хүлээн авч зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна гэжээ.

Прокурор Б.Дэлгэрмаагийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Мэнджаргал, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарын гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаа нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нараас татгалзах хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасныг шүүгч Ч.Байгалмаа хүлээн авч Ерөнхий шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2018/ЕШЗ/389 тоот захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. / хэргийн 168-169 дүгээр тал/

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, 13 дугаар зүйлийн 13.2-т тус тус зааснаар Ерөнхий шүүгч Б.Гэрэлмааг түр эзгүйд орлон ажиллах шүүгчийг томилсон захирамж хэрэгт авагдаагүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзвал шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ”, хэрэв Ерөнхий шүүгчийг түр орлон ажиллаж байгаа тохиолдолд мөн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасныг зөрчиж Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4, 35.5 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгч болон Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нараас татгалзаж байгаа тул хүсэлтийг Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргав” гэх хүсэлтийг шүүгч Ч.Байгалмаа шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д заасан ноцтой зөрчилд хамаарагдаж байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Мэнджаргал, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, М.Мэнджаргалд холбогдох эрүүгийн 181400020115 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Мэнджаргалд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

 ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

 Б. БОЛОР-ЭРДЭНЭ