Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:166/2017/0250/Э

 

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

               Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э-,

               Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б-,

               Хохирогч О-,  

          Шүүгдэгч А-, Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-, А- нарт холбогдох эрүүгийн 201724000422 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

               Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

   Монгол улсын иргэн, Б

 

              Монгол Улсын иргэн, А-, , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй,

              Сүүлд: Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 10 хоног баривчлах ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар 5 сар 10 хоногийн баривчлах ял дээр 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сар 10 хоногийн хорих ялаар тогтоож, жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, РД:ДЮ86123019.

 

   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

   Шүүгдэгч Б-, А- нар нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, Дархан өртөөний хашаанаас 100 метр зайд иргэн Л.Оюунбатад хүч хэрэглэн Самсунг Галакси Эс-4 маркийн гар утас, 403 140 000 төгрөгийн үлдэгдэлтэй виза карт зэргийг дээрэмдэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

               Шүүх хуралдаанаар яллах цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Б-, А- нар нь 2017 оны 6 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн Дархан өртөөний хашаанаас 100 метр зайд иргэн Л.Оюунбатад хүч хэрэглэн Samsung galaxy S4 маркийн гар утас, 403 140 төгрөгийн үлдэгдэлтэй виза карт зэргийг дээрэмдсэн болох нь

 

  Шүүгдэгч А-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:  

 

              ...2017 оны 6 дугаар сарын 23-ны шөнө 22 цаг өнгөрч байсан. Тухайн цагт Эрдэнэтийн суудал ирж байсан. Би Азаа гэдэг найзынхаасаа хувцсаа авах гэж явж байх үед вокзалын хойд талын морьтой байшингийн ойролцоо цементэн дээр Буянхишиг, Төрбат 2 найруулсан архи уугаад сууж байсан. Төрбат тухайн үед хот руу явна гээд билет авчихсан байсан учраас вагонд суух гээд явчихсан. Буянхишиг бид 2 найруулсан спирт зардаг эмэгтэйгээс 2 шил найруулсан спирт худалдаж аваад 18-р байр буюу морьтой байшингийн ойролцоо уугаад сууж байхад энэ ах согтуу хашхираад бид 2 дээр хүрээд ирсэн. Гартаа нэг ундаа барьчихсан явж байсан санагдаад байна. Бид 3 архиа хувааж уугаад дууссаны дараа би энэ ахаас “танд мөнгө байна уу” гэж асуутал “мөнгө байхгүй энэ утсыг зараад архи авчих” гэж хэлээд утсаа өгөхөөр нь би аваад Буянхишигт өгчихсөн. Тэгээд Буянхишиг бид хоёр түрүүлж яваад араас нөгөө ах хашхираад явж байсан боловч гэнэт алга болчихсон. Буянхишиг гар утсыг нь 5 000 төгрөгөөр зарах гээд нэлээн олон хүмүүст үзүүлсэн боловч утасных нь дэлгэц нь хагарчихсан гээд хүмүүс тоож авахгүй байсан. Тэгээд байж байтал вокзалын 2 цагдаа надад гар утсаа өгсөн ахтай хамт хүрч ирээд нөгөө ах “миний гар утсыг дээрэмдсэн 2 хүн мөн байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар бүгдээрээ цагдаагийн хэсэг рүү орцгоосон. Тэр ах “300 000 төгрөг, гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэсэн дуудлага өгсөн юм байна лээ. 1 цагдаа нь чанга яригч дээр нь тавьж байгаад нөгөө ахын дүү нь гэх залуу руу залгаад “ах чинь мөнгө төгрөгөө дээрэмдүүлчихлээ гээд байна мөнгөтэй гарсан юм уу” гэж асуутал нөгөө хүн нь “манай ах манай гэрт архи уугаад гарахдаа 300 000 төгрөгөө манай эхнэрт үлдээгээд явсан шүү дээ” гэж хэлсэн. Хохирогчийн утсыг дээрэмдээгүй өөрөө зараад ир гээд өгч явуулсан. Шагчин авгайчууд бүгд мэдэж байгаа тэд нар тэр гар утсыг авахгүй байсан. Би замын нөгөө талд зогсож байгаад Буянхишигийг бариад авахаар нь очиж учир байдлыг хэлтэл цагдаа нар бид хоёрыг эрүүлжүүлэхэд аваачсан гэх мэдүүлэг,

           

             Шүүгдэгч Б-мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

           

  ... 2017 оны 6 дугаар сарын 23-ны шөнө 23 цаг өнгөрч байхад тамхи татахаар гэрээсээ гарч ирээд Төрөө гэдэг залуутай тааралдаад тал шил архи хувааж уугаад байж байтал А- бид 2 дээр хүрч ирэхээр нь архиа хувааж уусан. Төрөө хот орох гэж байгаа гээд явчихаар нь А- бид 2 найруулсан спирт 2 шилийг худалдаж аваад морины зурагтай байшингийн гадаа уугаад сууж байтал энэ ах согтуу бид 2 дээр хүрч ирсэн. Бид 3 найруулсан спиртээ хувааж ууж дууссаны дараа ахиад найруулсан спирт авах гэсэн боловч А- бид 2-ын мөнгө хүрэхгүй байсан чинь нөгөө ах өмднийхөө халааснаас дэлгэц нь хагарчихсан гар утас гаргаж ирсэн. Тэр ах “энэ утас асдаг юмаа энийг ганц юмаар өгчих” гэхээр нь гар утсыг нь зарахаар А- бид 2 яваад энэ ах байшингийн гадаа үлдсэн. Би гар утсыг нь зарах гээд хүмүүст үзүүлсэн боловч утас нь асахгүй байсан. Мөн дэлгэц нь хагарчихсан учраас хүмүүс авахгүй байсан. Тэгээд утас нь зарагдахгүй байхаар нь утсыг нь өгөх гээд вокзалын ард талын байрны ойролцоо явж байтал 2 цагдаа хүрч ирээд А- бид 2-ыг цагдаагийн хэсэг дээрээ авчирсан. Тэгтэл энэ ах “энэ 2 миний гар утсыг аваад зугтаачихсан, бас надад 300 000 төгрөг бэлнээр байсан тэрийг бас авчихсан байна” гэж хэлсэн чинь цагдаа нь “энэ 2 хүнийг чинь нэгжсэн чинь гар утас чинь л гарч ирлээ бэлэн мөнгө төгрөг байгаагүй та мөнгөө яасан талаар сайн бод” гэж хэлсэн чинь нөгөө ах “би нэг хүн рүү яриад мөнгөө яаснаа асууя” гэж хэлээд нэг хүн рүү залгаснаа “би дүүдээ мөнгөө өгчихсөн юм байна уучлаарай” гэж байсан. Тухайн үед виза карт гэж ярьж байгаагүй. Тэр үед А- хэрэг хийсэн гэж гүтгэлээ гэж цагдаа нартай маргалдаад байсан чинь бид хоёрыг эрүүлжүүлэхэд аваачиж хийсэн. Тэгээд маргааш нь хот руу ирцгээсэн. Энэ хүн утсаа гаргаж ирээд асдаг юмаа зарчих гээд өгсөн гэх мэдүүлэг,

 

 Хохирогч О-мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

 ...шар байранд байдаг хүнсний дэлгүүр орж 3 шил боргио пиво, 100 граммын ерөөл архи нэг шилийг аваад буцаад ажил дээрээ ирсэн. Би машинаа зүлгэнгээ архи, пивоноосоо уусан, орой 23 цаг өнгөрчихсөн байсан тул хоол идэхээр Дархан вокзалын цайны газар луу орохооосоо өмнө 1,8 литрийн кола ундаа аваад орсон. Тэгээд 1 тефтелл захиалсан чинь 5 минут болох байх шүү гэж хэлсэн. Тухайн үед миний гар утасны цэнэг дуусах гэж байсан болохоор цайны газрын кассчин дээр очоод утсаа цэнэглүүлчихье гэтэл “500 төгрөгөөр цэнэглэнэ” гэж хэлэхээр нь утсаа өгсөн. Тэгээд хоолоо идэж дуусчихаад утсаа аваад цайны газраас гарах гэтэл хаалган дээр хар өнгийн майктай гартаа хар өнгийн цамц барьчихсан залуу миний хажуугаар шахаж гарахдаа утас барьчихсан байсан баруун гарнаас татахаар нь би тэр залуугийн мөр хавьцаа нь гараараа цохьчихоод түрүүлээд гарсан. Би вокзалаас гарахдаа эргэж хартал миний гарнаас татаад байсан залуу харагдахгүй байсан. Би өөрийнхөө гар утсыг өмднийхөө баруун талын халаасанд хийчихээд шууд ажил руугаа алхаж байтал цагаан өнгийн цамцтай залуу миний араас хүрч ирээд “ах ундаанаас чинь нэг балгачихъя” гэж хэлэхээр нь би ундаанаасаа өгсөн чинь 2-3 балгаад буцааж өгчихөөд тэндээ зогсоод үлдсэн. Тэр залуугийн зогсоод үлдсэн газраас 20 метрийн зайтай явахаар гэрэлгүй харанхуй болчихдог юм. Тэгтэл араас хүн хүрээд ирэх шиг болохоор эргээд хартал миний хүзүүнээс татаад харанхуй руу чирэхээр нь би гарыг нь тавиулаад тэр залуутай барьцалдаад зогсож байхад араас ахиад нэг залуу хүрч ирээд миний өмсөж явсан ягаан цагаан хосолсон футболкны захнаас хойшоо татаад хоолой боогоод газар унагаачихсан. Миний өмсөж явсан футболк зах, энгэр нь 2 тийшээ урагдчихсан тул би амьсгаа авахтайгаа болсон. Тэгтэл нэг залуу нь “утсыг нь утсыг нь” гэж хэлэхээр нь би утас авах гээд байна гэж ойлгоод гараа халаасандаа хийгээд утсаа дарсан чинь гарыг маань хойш татаад халааснаас гаргачихаар нь би утсаа өгөхгүй атгаад байтал хоёулаа миний гартай зууралдаж байгаад утсыг маань аваад зугтаачихсан. Тэгэхээр нь би газраас босоод ойролцоо байдаг цагдаагийн хэсэг рүү гүйгээд очтол цагдаа нь байгаагүй вокзалын хаалгаар гартал цагдаа нь хүлээх давцан дээр зогсож байсан, миний хувцас хунар уранхай байсан болохоор цагдаа нь намайг нааш ир гээд дуудахаар нь би явж очоод “би хашааны гадаа гар утас, виза картаа дээрэмдүүлчихлээ” гэж хэлтэл хэдэн хүн байсан юм бэ? Ямархуу хүмүүс байсан юм бэ? гэж асуухаар нь “2 эрэгтэй хүн байсан. Нэг нь цагаан өнгийн цамцтай байсан" гэж хэлтэл нөгөө цагдаадаа “хүн дээрэмдүүлчихсэн байна хурдлаарай” гэж хэлээд вокзалын хаалгаар гараад тамхи зардаг авгай дээр очоод нэг хүний нэр хэлээд хаашаа явсан бэ?” гэж асуутал 18-ын тийшээ явчих шиг болсон энэ ах ундаа бариад энүүгээр өнгөрсөн гэж хэлсэн. Би нэг цагдаатай нь хамт 16-р байрны ойролцоо гүйж байтал нөгөө цагдаа нь барьчихлаа гэж орилсон. Тэгээд надаас “утас чинь энэ мөн үү” гэж асуухаар нь хартал миний утас мөн байсан, би цагдаад нь “миний утасны гэр нь байхгүй байна гэр дотор нь хийчихсэн байсан виза карт байхгүй байна гэж хэлтэл баригдсан 2 залуугаас “виза карт нь хаана байна” гэж асуутал мэдэхгүй гээд байсан. Цагдаа нь утас чинь гэртэй байсан юм уу?” гэж асуухаар нь би “цайны газарт утсаа цэнэглүүлсэн цайны газрын кассчин охин мэдэж байгаа” гэж хэлээд яваад очтол тэр охин нь “энэ ахын утас нь хүрэн өнгийн гэртэй байсан” гэж хэлсэн. Тэгээд буцаад цагдаагийн хэсэг рүү нь ороод нөгөө 2 залуугаас “энэ хүний утасны гэр, виза карт нь хаана байна вэ?” гэж асуутал “тэрийг нь мэдэхгүй байна, энэ ах бид 2-т утсаа өгөөд зараад архи аваад ир” гэж хэлсэн гэж хэлэхээр нь би “битгий худлаа яриад бай” гэж хэлтэл цагаан цамцтай залуу нь “гөлөг минь дуугүй байхгүй бол хаана байгаа газар чинь ална шүү” гээд байсан. Цагдаа нь “утсыг чинь эд мөрийн баримтаар авч үлдлээ утасны чинь дэлгэц хагархай байна шүү, дэлгэц нь хагархай байсан юм уу бүтэн байсан юм уу” гэж асуухаар нь бүтэн байсан гэж хэлсэн, мөн уранхай футболкоо хаяж болохгүй шүү, маргааш байцаагч дуудах байх, торонд хийгээд бариад ирээрэй” гэж хэлээд явуулсан. Миний карт кодтой тул картнаас мөнгө алдагдаагүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 17-18/,

 

  Гэрч Е-мөрдөн байцаалтад өгсөн:

 

  ...2017 оны 6 сарын 23-ны 23:50 цагийн үед буюу Дарханаас Улаанбаатар хот руу явах вагоны өмнөхөн цайвар ягаан өнгийн футболктой халамцуу байдалтай ах орж ирээд хоолоо захиалаад ширээндээ очиж суусныхаа дараа кассан дээр ирээд “ахынхаа утсыг цэнэглээд өгөөч цэнэг нь дуусах гээд байна” гээд улаан хүрэн өнгийн дэлгэдэг хавтастай гэртэй утсаа цэнэглэгчтэйгээ өгөхөөр нь би утсыг нь цэнэглэхээр залгуурт залгасан. Тэгээд хоолоо идэж дуусаад гарах үедээ утсаа авъя гэхээр нь утсыг нь өгсөн чинь зоогийн газрын гардаг хаалган дээр хар өнгийн футболктой залуутай шөргөөцөлдөөд ягаан өнгийн футболктой ах буюу надад утсаа өгч цэнэглүүлсэн ах “яагаад байгаа юм бэ” гэж хэлээд хар фубтолктой ахыг цохиод авсан, тэгээд тэр 2 ах гараад л явсан. Тэр ах тэр өдөртөө манай зоогийн газраар ахиж орж ирээгүй гэх мэдүүлэг /хх 41/,

 

  Гэрч Б-мөрдөн байцаалтад өгсөн:

 

  ...2017 оны 6 дугаар сарын 24-ний 00:20 цагийн үед цагдаагийн ахлагч Ган-Эрдэнэ бид 2 Дархан өртөөний пероны урд сууж байхад Оюунбат гэдэг хүн ирээд “гар утас, виза карт, 384 000 төгрөгөө дээрэмдүүлчихлээ” гэж дуудлага өгөхөөр нь “хаана дээрэмдүүлсэн юм бэ” гэж асуутал "гэрэлт хөшөөний хажуу талд дээрэмдүүллээ” гэхээр нь “ямар хувцастай ямар хүмүүс байсан юм бэ” гэтэл “цагаан цамцтай, хар футболктой 2 залуу байсан” гэж хэлэхээр нь бид 3 төмөр замын хашаанаас гарч хайсан, таксины жолооч нараас цагаан цамцтай, хар футболктой 2 залуу өнгөрсөн үү гэж асуутал “34-р байрны чигтээ 2 залуу гүйгээд явчихсан" гэж хэлэхээр нь араас нь хайгаад явж байсан чинь 18 гэдэг буудлын ойролцоо нэг таксины жолоочид утсыг нь зарах гээд ярилцаад зогсож байсан. Тэгээд Ган-Эрдэнэ бид 2 очоод барьж аваад цагдаагийн хэсэгтээ авч ирээд биед нь үзлэг хийхэд гар утас нь л гарч ирсэн, тэгээд эрүүлжүүлэх дуудаад өгч явуулсан гэх мэдүүлэг /хх 43/,

 

              Гэрч Г-мөрдөн байцаалтад өгсөн:

 

  ...2017 оны 6 дугаар сарын 24-ний 00 цаг өнгөрч байхад Сүхбаатараас Дархан-Улаанбаатар чиглэлийн 264 дүгээр галт тэрэг хөдөлсний дараа өртөөний гадна сандал дээр сууж байхад тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.Бат-Өлзий нэг эрэгтэй хүнийг дагуулаад ирсэн. Бат-Өлзий нь “энэ хүн дээрэмдүүлчихсэн гэж байна” гэж хэлэхээр нь би тэр хүнээс нь “хэзээ, хаана, ямар эд зүйлс дээрэмдүүлсэн юм бэ” гэж асуухад “2 эрэгтэй хүн гар утас, бэлэн мөнгө дээрэмдээд вокзалын хойшоо зугтаачихлаа” гэж хэлэхээр нь “тэр 2 хүн чинь ямар хувцастай, ямар царай зүстэй хүмүүс байсан юм бэ” гэж асуутал “нэг нь сийрсэн малгайтай цагаан цамцтай 30 гаран насны залуу байсан” гэж хэлэхээр нь 2 минутын вокзалаас надад хөөгдөөд гарсан Буяаг сэжиглээд вокзалын ард тал руу шууд гараад архи шаглаж зардаг хүмүүсээс Буяаг асуутал 34-р байрны хажуугаар нэг залуутай хамт гараад явчихсан” гэж хэлсэн. Би хохирогчийг заагаад “энэ хүн энд дээрэмдүүлсэн байна харсан үзсэн хүн байна уу” гэж асуусан чинь тэд нар дотроос нэг нь “наадах чинь ундаагаа өгөөд байсан шүү дээ цуг яваагүй юм уу” гэж асуухаар нь “таны ундааг уусан хүн таныг дээрэмдсэн хүн мөн юм үү” гэж асуутал хохирогч мөн гэж хэлэхээр нь би Буяаг яг дээрэмдсэн юм байна гэж баттай мэдээд хайж эхэлсэн. Бат-Өлзийг 14-р байрны урдуур нь гүйлгээд би өөрөө 16-р байрны хойгуур гүйгээд хуучин 18-ын буудал дээр яваад очтол Буяа гар утсыг нь таксины жолооч нарт зарах гээд үзүүлээд явж байсан, би Буяаг барьж аваад хохирогч, Бат-Өлзий 2-ыг дуудаад хохирогчид “энэ таны гар утас мөн үү” гээд утсыг нь харуултал мөн байна гэж хэлсэн. Би Буяагаас “мөнгө, виза карт нь хаана байна” гэж асуутал “наад хүн чинь утсаа л өгсөн мөнгө, виза картыг нь аваагүй” гэж хэлсэн чинь хохирогч хажуугаар орж ирээд “миний виза карт утасны гэрний кармаанд байсан” гэж хэлэхээр нь би “утасны гэр нь хаана байна” гэж асуухад ийм л юм л өгсөн” гэхээр нь би хоёулангийнх нь биед нь үзлэг хийхэд мөнгө, виза карт гарч ирээгүй тул бүгдээрээ хамтдаа өрөөндөө ирцгээсэн. Хохирогч нь “надад 384 000 төгрөг байсан” гээд байхаар нь би “та согтуудаа энд тэнд хаячихаад энэ 2 хүнээс нэхээд байгаа юм биш биз дээ ямар учиртай мөнгө байсан юм бэ” гэж мөнгөнийх нь гарал үүслийг асуусан чинь “би төмөр замын замын 1-р ангид засварчин хийдэг би ээлжийн амралтаа авсан байгаа, машинаа хүнээр янзлуулах гээд картнаасаа мөнгөө авчихсан байсан” гэж хэлэхээр нь би дотроо энэ хүнийг худлаа яриад байна гэж бодоод “мөнгөө яаснаа сайн сана” гэж хэлтэл хохирогч “би нэг хүнээс асуугаадахъя” гэж хэлээд нэг дугаар өгөхөөр нь би өөрийнхөө утаснаас залгаад “та Оюунбат гэдэг хүнийг таних уу та хамт ажилладаг юм уу. Энэ хүн мөнгөө дээрэмдүүлсэн гээд байна 384 000 төгрөг энэ хүнд байсан юм уу” гэж асуутал нөгөө хүн нь “Оюунбат гэдэг хүнийг танина хамт ажилладаг юм, согтуу мөнгөө авч гарах гээд байхаар нь би мөнгийг нь авч үлдээд машиных нь урд талын хайрцаганд хийчихсэн мөнгө нь байгаа” гэж хэлсэн. Би хохирогчоос “таны виза карт чинь яг байсан юм уу. Мөнгө шигээ энд тэнд хаячихсан юм биш үү” гэж асуутал “миний утасны гэрний кармаанд виза карт байсан би хоол идэхдээ утсаа цэнэглүүлсэн, миний утас гэртэй байсныг зоогийн газрын касс мэдэж байгаа” гэхээр нь би зоогийн газар луу ороод кассчинаас “энэ хүн утсаа цэнэглүүлсэн юм уу. Утас нь гэртэй байсан уу, ямар утас байсан юм бэ” гэж асуутал “энэ ах утсаа цэнэглүүлсэн, тэр утас нь улаан өнгийн хавтсан гэртэй байсан. Би хавтсыг нь сөхөж хараагүй дотор нь виза карт байсан үгүйг нь мэдэхгүй” гэж хэлсэн. Би буцаад хохирогчийг өрөөндөө дагуулж орж ирээд “виза карт нь хаана байна” гэж асуутал нөгөө 2 нь “тийм юм байгаагүй утсаа л өгсөн” гээд байсан гэх мэдүүлэг /хх 45-46/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-26/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 152-153/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б-, А- нар нь хохирогч О-гар утсыг дээрэмдээгүй “Бид гурав архи хувааж уугаад дууссаны дараа -танд мөнгө байна уу гэж асуутал -мөнгө байхгүй энэ утсыг зараад архи авчих гэж хэлсэн" гэх мэдүүлэг нь

хохирогч О-мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн "Би өөрийнхөө гар утсыг өмднийхөө баруун талын халаасанд хийчихээд шууд ажил руугаа алхаж явтал цагаан өнгийн цамцтай залуу миний араас хүрч ирээд -ах ундаанаас чинь нэг балгачихъя гэж хэлэхээр нь би ундаанаасаа өгсөн чинь 2-3 балгаад буцааж өгчихөөд тэндээ зогсоод үлдсэн. Тэр залуугийн зогсоод үлдсэн газраас 20 метрийн зайтай явахаар гэрэлгүй харанхуй болчихдог. Тэгтэл араас хүн хүрээд ирэх шиг болохоор эргээд хартал миний хүзүүнээс татаад харанхуй руу чирэхээр нь би гарыг нь тавиулаад тэр залуутай барьцалдаад зогсож байхад араас ахиад нэг залуу хүрч ирээд миний өмсөж явсан ягаан цагаан хосолсон футболкны захнаас хойшоо татаад хоолой боогоод газар унагаачихсан. Миний өмсөж явсан футболкны зах, энгэр нь 2 тийшээ урагдчихсан тул би амьсгаа авахтайгаа болсон. Тэгтэл нэг залуу нь “утсыг нь утсыг нь” гэж хэлэхээр нь би утас авах гээд байна гэж ойлгоод гараа халаасандаа хийгээд утсаа дарсан чинь гарыг маань хойш татаад халааснаас гаргачихаар нь би утсаа өгөхгүй атгаад байтал хоёулаа миний гартай зууралдаж байгаад утсыг маань аваад зугтаачихсан" /хх 43/,

гэрч Г-мөрдөн байцаалтад өгсөн “2 эрэгтэй хүн гар утас, бэлэн мөнгө дээрэмдээд вокзалын хойшоо зугтаачихлаа гэж хэлэхээр нь -тэр 2 хүн чинь ямар хувцастай, ямар царай зүстэй хүмүүс байсан юм бэ гэж асуутал -нэг нь сийрсэн малгайтай цагаан цамцтай 30 гаран насны залуу байсан гэж хэлэхээр нь надад хөөгдөөд гарсан Буяаг сэжиглээд вокзалын ард тал руу шууд гараад архи шаглаж зардаг хүмүүсээс Буяаг асуутал 34-р байрны хажуугаар нэг залуутай хамт гараад явчихсан гэж хэлсэн. Би хохирогчийг заагаад -энэ хүн энд дээрэмдүүлсэн байна харсан үзсэн хүн байна уу гэж асуусан чинь тэд нар дотроос нэг нь -наадах чинь ундаагаа өгөөд байсан шүү дээ цуг яваагүй юм уу гэж асуухаар нь -таны ундааг уусан хүн таныг дээрэмдсэн хүн мөн юм уу гэж асуутал хохирогч мөн гэж хэлэхээр нь би Буяаг яг дээрэмдсэн юм байна гэж баттай мэдээд хайж эхэлсэн. Бат-Өлзийг 14-р байрны урдуур нь гүйлгээд би өөрөө 16-р байрны хойгуур гүйгээд хуучин 18-ын буудал дээр яваад очтол Буяа гар утсыг нь таксины жолооч нарт зарах гээд үзүүлээд явж байсан" /хх 45-46/,

шүүгдэгч Б-шүүх худалдаанд өгсөн "би хохирогчийн гар утсыг дээрэмдсэн нь үнэн харин энэ хэрэгт А- ямарч хамаагүй" гэх мэдүүлэг,

эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хохирогч О-өмсөж явсан гэх ягаан цагаан хосолсон футболк нь зах хэсгээсээ баруун мөр хүртлээ 20 см урагдалттай нь хохирогчийн мэдүүлсэн "миний өмсөж явсан ягаан цагаан хосолсон футболкны захнаас хойшоо татаад хоолой боогоод газар унагаачихсан. Миний өмсөж явсан футболкны зах, энгэр нь 2 тийшээ урагдчихсан тул би амьсгаа авахтайгаа болсон" гэх мэдүүлгээр тогтоогдсон  дээр мэдүүлэг болон эд мөрийн баримтыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй эсрэгээрээ шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлэхгүй байгаа нь дээрх мэдүүлгүүд болон эд мөрийн баримтаар няцаагдаж байна гэж үзлээ.

 

Хавтаст хэргийн 110, 129 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Б-нь урьд ял шийтгэлгүй,

 шүүгдэгч А- нь урьд 5 удаагийн ял шийтгэлтэй. Сүүлд: 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 10 хоног баривчлах ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сар 10 хоногийн хорих ялаар тогтоож, жирийн дэглэмтэй хорих ангид эдэлж, 02 сар 04 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан болох нь хэрэгт авагдсан Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоол болон Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаар шүүгчийн захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А- нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 10 хоног баривчлах ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сар 10 хоногийн хорих ялаар тогтоогдсоноо 2016 оны 5 дугаар сарын 27-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдахдаа нийт 01 жил 3 сар 06 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн байна.

 

Тиймээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан  5 сар 10 хоногийн хорих ялыг бүрэн эдэлж дууссан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэг нь "гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн" 2015 оны Эрүүгийн хуулиар оргон зайлах гэмт хэргийн үндсэн шинж болохгүй болно.  

 

Иймд шүүгдэгч А-ын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр эдлээгүй үлдсэн 02 сар 04 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсаны дараа 2017 оны 6 дугаар сарын 24-нд өөрөөр хэлбэл тэнсэж хянан харгалзах хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэнийг энэ тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн үндэслэлгүй гэж үзэв.  

 

Хохирогч О-шүүх хуралдаанд өгсөн “гар утсаа буцааж авсан, виза карт нууц кодтой тул мөнгө алдагдаагүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй" гэснээр шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулж шүүгдэгч А-ын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийн түүний эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Буянхишигийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан ягаан өнгийн фудболка 1 ширхгийг хохирогч О-хүсэлтээр буцаан олгож, шүүгдэгч Б-цагдан хоригдсон 30 хоног, шүүгдэгч А-ын цагдан хоригдсон 42 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.                                                                                                                             

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Билэгт Балжиннямын Буянхишиг, А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б-, А- нарыг тус бүр 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч  Б-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар шүүгдэгч Б-цагдан хоригдсон 30 /гуч/ хоног, шүүгдэгч А-ын цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн футболка 1 ширхгийг хохирогч Л.Оюунбатад буцаан олгосугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч А-д урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                                                                                        

ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ