Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 01

 

С.Н-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 146/ШШ2019/00242 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.Н-н нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Г-д холбогдох

“Гэм хор учруулсны төлбөр гаргуулахыг хүссэн” тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Д.Г /цахим сүлжээгээр/, нарийн бичгийн дарга Э.Энхболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н миний бие нь 3 хүүхдийн хамт ам бүл дөрөвүүлээ амьдардаг. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр миний нөхөр М овогтой Г-г толгойн тус газар нэг удаа сандлаар цохиж санаатайгаар алсан. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн шүүх хурал болж 68 тоот шийтгэх тогтоол гарч манай нөхрийг алсан Д.Г-д 9 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн шүүх хуралд миний бие нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4 дэх хэсэгт зааснаар нас барагчийн 8 нас хүрээгүй хүүхдийг 8 нас хүртэл тэтгэвэр олгох хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжилсэн боловч байнгын цалин хөлс орлогогүй болсон гэх үндэслэл болох эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээхээр шийдвэрлэсэн. Миний бие нь цэцэрлэгт туслах багшаар түр ажиллаж байсан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн. Үндсэн ажилтан нь ажилдаа орсон учраас. Одоо би ажилгүй, орлогогүй 3 хүүхдийн хамт амьдарч байна. Том охин Г.О нь 2009 оны 05 дугаар сарын 18-нд төрсөн, дунд охин Г.Д 2014 оны 09 дүгээр сарын 24-нд төрсөн, бага хүү Г.О 2016 оны 04 дүгээр сарын 24-нд төрсөн. Улсаас тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж сар бүр 210 000 төгрөг олгодог. Манай нөхөр нас барах үедээ хувиараа ажил хийдэг байсан бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож тогтоосон билээ. Дээрх мөнгө манай гэр бүлд хаана ч хүрдэггүй. Би ажилгүй учраас амьдрал маань хүнд байна. Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т заасны дагуу охин Г.Д, хүү Г.О нарт 8 нас хүртэл тус бүр сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр Д.Г-с гаргуулж өгнө үү.

 

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр М овогтой Г-г хариуцагч Д.Г нь толгойн тус газар нь нэг удаа сандлаар цохиж санаатайгаар алсан. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн шүүх хурал болж №68 дугаартай шийтгэх тогтоол гарч М.Г-г алсан Д.Г-д 9 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн шүүх хурал дээр миний үйлчлүүлэгч С.Н нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4 дэх хэсэгт зааснаар нас барагчийн найман нас хүрээгүй хүүхдийг найман нас хүртэл тэтгэмж олгох хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжилсэн боловч байнгын цалин хөлс орлогогүй болсон гэх үндэслэл болох эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч С.Н нь цэцэрлэгт туслах багшийн ажлыг түр хийж байгаад 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Улсаас тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж сар бүр 210 000 төгрөг олгодог. Тухайн мөнгийг талийгаач М.Г амьд байх үедээ хувиараа ажил хийдэг байсан болохоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож тогтоосон байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа гол шаардлага нь миний үйлчлүүлэгч С.Н нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Г-д 9 жилийн хорих ял өгөхөд таньдаг, бид нар нэг дор ажилладаг учраас давж заалдахгүй гэж байсан. Гэтэл талийгаач М.Г-н ах, дүү нар гомдолтой байгаа учраас давж заалдана гэж байсан боловч С.Н бид нар нэг нутгийн улс, би гомдолгүй гэсэн учраас давж заалдах гомдол гаргаагүй. Миний үйлчлүүлэгч бага насны 3 хүүхэдтэй үлдсэн. Өөрийн гэсэн тодорхой ажил, орлого байхгүй. Ийм учраас Иргэний хуульд зааснаар хохирогчийг нас барснаас учирсан гэм хорыг арилгах гэж заасны дагуу Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4 дэх хэсэгт зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Г.Д, 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн бага хүү Г.О нарыг 8 нас хүртэл гэм хорын хохирол буюу одоогийн ханшаар орон нутгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 193 400 төгрөгийг тус бүрт нь гаргуулж сар бүр олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д овогтой хоригдол Г миний бие нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар 9 жилийн хорих ялаар шийтгүүлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүмүүжиж байна. Хохирогч Г-н эхнэр С овогтой Н-н Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-ийг үндэслэл болгон охин Г.Д, хүү Г.О нарт сар бүр 8 нас хүртэл тус бүр сар болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр Д.Г-с гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасныг миний ар гэр төлөх боломжгүй. Учир нь миний үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба анхан шатны шүүхээс хохирогчийн насанд хүрээгүй 3 хүүхдэд 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгө өгч байхаар тогтоосныг миний ар гэр хууль журмын дагуу төлж байгаа. Энэ мөнгө нь 2018 онд нэг хүүхдэд сар бүр 30 000 төгрөгөөр тогтоосон ба 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан сар бүр 177 000 төгрөг болж 1 жилд 2 124 000 /хоёр сая нэг зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг төлж байгаа. Манай ар гэр нь аминдаа цөөн тооны малтай, 10-14 насны 2 хүүхэд дунд сургуульд сурдаг. Эхнэр ажил хийдэггүй малаа маллаж амьдардаг. Өөрсдийн аж амьдралаа залгуулахын зэрэгцээ хохирлыг төлж барагдуулахад эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа учир энэ нэхэмжлэлийг төлөх боломжгүй. Би өөрөө хорих ял эдэлж байгаа. Миний ар гэр анхан шатны шүүхээс тогтоосон тэтгэмжийг хууль журмын дагуу төлж байгаа ба миний хийсэн гэмт хэргийн улмаас ар гэрийнхэн минь хүнд хэцүү байдалд байгаа учир дахин хохирол төлөх эдийн засгийн болоод бусад талаар ямар ч боломжгүй байдлыг харгалзан үзэж энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай ар гэрээс С.Н-д тэтгэмжийн мөнгө олгосон баримтууд, 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэр бүлийн баталгааны хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, С.Н нийгмийн халамжийн сангаас 3 хүүхдийн 261 000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг тодорхойлолт зэргийг хавсаргав. Миний бие шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлттэй байгаа тул шүүх хуралд оролцуулж өгнө үү.

Би гэм буруугийн хохирол болох шүүхээс тогтоосон 9 208 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Мөн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон тэжээгчээ алдсаны зөрүү мөнгө гэж сар бүр 90 000 төгрөгийг төлөөд явж байгаа. 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулаад миний төлж байсан 90 000 төгрөг нэмэгдээд 177 000 төгрөг болсон. Үүнийг сар бүр манай ар гэрийнхэн асуудал гаргалгүй төлж байгаа. Миний ар гэр хэцүү амьдралтай. Эхнэр ажилгүй гэртээ байдаг. Манайх цөөн тооны хэдэн малтай. Би хорих ял эдэлж байгаа. Тийм учраас дахин нэмж мөнгө төлж чадахгүй. Тухайн хүүхдүүдийг 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны зөрүү мөнгө болох 177 000 төгрөгийг төлөөд явна гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.4-т зааснаар хариуцагч Д.Г-с хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр гэм хор учруулсны төлбөрийг нас барагчийн хүү болох 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн Г.О-г 8 нас хүртэл нь нэхэмжлэгч С.Н-д олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Г давж заалдах гомдолдоо: ...Миний бие эрдэнэт хүний амь бүрэлгэсэн хэрэгтээ маш их гэмшиж, хэргийг анхнаас нь үнэн зөвөөр хүлээж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрсөн. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байна. Би тус хорих ангийн мужаан цехэд мужаанаар ажиллаж байна. Надад хохирогчийн ар гэрийн хүнд хэцүү байгааг ойлгон тэдэнд туслах сэтгэл байдаг. Гэтэл миний ажиллаж байгаа газар цалин олгодоггүй. Ар гэрт минь бага насны 2 хүүхэд, цөөн тооны хэдэн мал эхнэрт минь үлдсэн. Тэд нар минь өөрсдөөсөө илүүчилж хохирогчийн ар гэрт сар болгон 177000 төгрөг өгдөг. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэх хариуцлагаас бултах гэсэнгүй. Миний бодит байдал гэвэл улсаас хоол, хувцсаар хангадаг. Ар гэрээсээ тамхины мөнгө гуйж чадахгүй ийм л байдалтай байна. Миний орлогогүй байдлыг харгалзан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрийг хянан өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Д.Г-т холбогдуулан охин Г.Д, хүү Г.О нарыг 8 нас хүртэл сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэм хор учруулсаны төлбөр гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Д.Г-с Г.О-г 8 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр гэм хор учруулсаны төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч С.Н-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Д.Г-н гэм буруутай үйлдлийн улмаас М.Г-н амь нас хохирсон болох нь Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаартай хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон, уг хэрэгт С.Н хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцжээ. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар С.Н нь нас барагчийн хууль ёсны өвлөгч тул мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар гэм хор учруулсаны төлбөрийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т төлбөр гаргуулах хэмжээг хэрхэн тооцох журмыг тогтоосон байна. Гэтэл анхан шатны шүүх хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь хэдэн төгрөг байсан, хуулийн  энэ заалтыг хэрхэн хэрэглэсэн болох нь тодорхойгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/ С.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэврийг 210 000 төгрөгөөр тогтоожээ. Нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримтлана. Хэрэв цалин хөлс орлоггүй, орлогыг тодорхойлох боломжгүй бол тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоох бөгөөд 2018 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 000 төгрөг байжээ. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 000 төгрөгийг нас барагчийн ам бүл болох 5 хүнд хуваахад төлбөр авагч бүрд 48 000 төгрөг оногдож байх ба төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасч тооцоход  /240000:5=48000, 48000х4=192000, 192000-210000=(-18000)/ хариуцагчаас гэм хорын төлбөр гаргах боломжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Д.Г нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 146/ШШ2019/00242 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Хариуцагч Д.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийг 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.