| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00507/И |
| Дугаар | 104/ШШ2024/00380 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 104/ШШ2024/00380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******д оршин суух, *******д овогт *******ийн *******,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Миний бие ******* онд төрсөн, одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс миний ажилласан жилийг тооцох боломжгүй шүүхэд ханд гэсний дагуу шүүхэд хандсан юмаа. Би ХХК-д 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй нийгмийн даатгал төлж гагнуурчнаар ажилласан боловч миний ажилласан байдал тогтоогдохгүй байна шүүхээр шийдвэрлүүл гэсэн. Иймд намайг ХХК-д 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гагнуурчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү .. гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хавтаст хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
2.1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 03 хуудас),
2.2. Нэхэмжлэгчийн оршин суугаа газрын буюу *******ны Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* тодорхойлолт (хх-ийн 05 хуудас)
2.3. Нэхэмжлэгчийн нэр дээрх дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 06-07 хуудас)
2.4. Нэхэмжлэгчийн нэр дээрх дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 09-17 хуудас),
2.5.Нэхэмжлэгчийн нийгмийн даатгал төлсөн тухай лавлагаа (хх-ийн 31-38 хуудас)
2.6. ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 12, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 18, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 40, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14, 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02, 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 11, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 07, 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаар тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 39-46 хуудас)
2.7. ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ (хх-ийн 47-48 хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан
Гэрч Ж.ы 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд өгсөн ..Би 2005 оноос эхлэн ХХК-д ээлжийн ахлах засварчнаар ажилласан. Намайг 2002 онд Халаалтын зуухны ашиглалтын газарт засварчнаар ажилд ороход ******* нь засварчнаар ажиллаж байсан. Манай байгууллага хувьчлагдсаны дараа буюу 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш бид тус компанидаа үргэлжлүүлэн ажилласан. Б.******* нь 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг, тодорхойлолт (хх-н 52-54 хуудас),
Гэрч Ц.ын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд өгсөн... Би 2005 оноос эхлэн ХХК-д ээлжийн ахлах засварчнаар ажилласан. Намайг 1999 онд Халаалтын зуухны ашиглалтын газарт засварчнаар ажилд ороход ******* нь засварчнаар ажиллаж байсан. Манай байгууллага хувьчлагдсаны дараа буюу 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш бид тус компанидаа үргэлжлүүлэн ажилласан. Б.******* нь 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан...гэх мэдүүлэг, тодорхойлолт (хх-н 14, 34-36 хуудас) зэрэг баримтууд авагджээ.
3.Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг.
4.Шүүх нэхэмжлэгчийн 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ХХК-д гагнуурчнаар ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэийн үндэслэлээ: .. Нийгмийн даатгалын байгууллагаас манай компанийн тушаал шийдвэрийг хуурамч гэж үзсэн, манай компани намайг ажилд ороход тушаал шийдвэр гаргаж байгаагүй, нөхөж гаргасан.. 2005-2024 он хүртэл тасралтгүй нийгмийн даатгал төлсөн тул ажилласан байдлыг тогтоож өгнө үү .. гэжээ.
Ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэл нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргаан бөгөөд хүний ажилласан байдлыг тогтоосноор тодорхой эрх зүйн үр дагаварт хүргэдэг, өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч иргэн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нээгддэг.
Нэхэмжлэгч нь 2005-2024 он хүртэл ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох зайлшгүй шаардлагын үндэслэлээ ХХК-ийн орсон, гарсан тушаалыг нөхөж гаргасан учраас нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа хэмээн тайлбарлах Монгол Улсад 1995 оноос эхлэн нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн, 1995 оноос хойш ажиллаж нийгмийн даатгал төлсөн болох хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл тухайн хүний ажиллаж байсан гэх үйл баримт нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар нотлогдсон, шүүхээс 1995 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хүний ажилласан байдлыг дахин тогтоох шаардлагагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр тухайн иргэний ажилласан байдлыг тогтооход ажиллаж байсан байгууллага татан буугдсан, одоо үйл ажиллагаа явуулдаггүй, баримт бичиг архивт хадгалагддаггүй нөхцөлд шүүхээс 1995 оноос өмнөх буюу нийгмийн даатгалын хууль хэрэгжихээс өмнөх хугацааны ажилласан байдлыг тогтоодог тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч Б.*******ын ажиллаж байсан ХХК нь татан буугдаагүй, одоо үйл ажиллагаа явуулж байгаа гэснийг дурдав.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******д овогт *******ийн *******ын 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ХХК-д гагнуурчнаар ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА