| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00131/И |
| Дугаар | 157/ШШ2024/00149 |
| Огноо | 2024-08-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 157/ШШ2024/00149
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “***************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******************д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 422,631,250 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн .... сумын .... дугаар ... дүгээр байрны ... тоотод байрлах, .................... регистрийн дугаартай, “***************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хэнтий аймгийн Бор-өндөр сумын 2-р баг 48-р байр 47 тоот хаягт оршин суух ************** овогтой ******************* нь 2021 оны 08 сарын 12-ны өдөр манай “***************” ХХК-иас 125,000 ам долларыг 3 хоногийн хугацаатай зээлж авмаар байна гэхээр нь манай компаний зүгээс зөвшөөрч 125,000 долларыг зээлхээр болсон. Улмаар Ж.******************* нь зээлсэн 125,000 долларыг Э овогтой *****************ийн ***************** тоот дансанд шилжүүлж авах хүсэлтэй байна гэсэн тул дээрх дансанд шилжүүлж энэ тухай Ж.*******************аас гараар нь бичүүлж авсан болно. Гэтэл Ж.******************* нь одоог болтол зээлсэн 125,000 ам долларыг өгөхгүй байгаа тул 2024 оны 07 сарын 01-ний өдрийн Монгол банкны Валютын ханшаар тооцон төгрөгт шилжүүлэн 422,631,250 /дөрвөн зуун хорин хоёр сая зургаан зуун гучин нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 2,280,000 /хоёр сая хоёр зуун наян мянга/ төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 48 дугаар байрны 47 тоотод оршин суух, СЩ76022408 регистрийн дугаартай Начин овогт **************ийн ******************* шүүхэд гаргасан тайлбартаа: “Ж.******************* миний бие 2021 оны 08 сарын 12-ны өдөр *************** ХХК-иас 125,000 доллар Эршүү овогтой *****************ийн Хаан банкны ***************** тоот дансанд шилжүүлсэн. 2021 оны 10 сарын 03-нд захирал Минжмаагийн дансанд 28,000,000 төгрөг буюу 10,000 доллар, 2021 оны 10 сарын 18-нд *************** ХХК-ийн экспортын гаалын бүрдүүлэлтийн хураамжийн 5,000,000 төгрөг төлсөн нь тухай өдрийн ханшаар 1,785 доллар шилжүүлсэн байна. Үлдсэн 113,215 долларыг ойрын хугацаанд төлж барагдуулна. 2024 оны 07 сарын 01-ний өдрийн ханшаар 382,785,576 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч “***************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*********** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “***************" ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*********** би хариуцагч ************** овогтой *******************аас гаргаж өгсөн хариу тайлбарт дурдагдсан 2021 оны 10 сарын 03-нд захирал Минжмаагийн дансанд 28,000,000 төгрөг буюу 10,000 доллар, 2021 оны 10 сарын 18 нд 5,000,000 төгрөг буюу 1,785 доллар хүлээн авсан болохыг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 113,215 доллар буюу 382,785,576 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэх тайлбарыг мөн хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь дээрх 382,785,576 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “***************” ХХК нь хариуцагч Ж.*******************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 422,631,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******************* нь нэхэмжлэлийн шаардлага 422,631,250 (дөрвөн зуун хорин хоёр сая зургаан зуун гучин нэгэн мянга хоёр зуун тавь) төгрөгөөс 382,785,576 (гурван зуун наян хоёр сая долоон зуун наян таван мянга таван зуун далан зургаа) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч “***************” ХХК нь тус тайлбарыг зөвшөөрч, зохигч талууд эвлэрсэн болох нь талуудын шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд зохигч талууд эвлэрч, бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,280,000 төгрөгөөс тавин хувь 1,140,000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 1,140,000 төгрөг, хариуцагч Ж.*******************аас 382,785,576 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 2,071,879 төгрөгийг тавин хувь 1,035,939.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “***************” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “***************” ХХК болон хариуцагч Ж.******************* нар нь 422,631,250 (дөрвөн зуун хорин хоёр сая зургаан зуун гучин нэгэн мянга хоёр зуун тавь) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 382,785,576 (гурван зуун наян хоёр сая долоон зуун наян таван мянга таван зуун далан зургаа) төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,280,000 төгрөгөөс тавин хувь 1,140,000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 1,140,000 төгрөгийг, хариуцагч Ж.*******************аас 382,785,576 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 2,071,879 төгрөгийг тавин хувь 1,035,939.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “***************” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ж.******************* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР